Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 124

 

 

С.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08ы өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 2020/ДШМ/22 дугаар магадлалтай, С.Д-д холбогдох 2024000000023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдол, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Д-ийн гомдлыг хангахгүй орхиж, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан 1 гэмт хэргийн хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн 1 гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн байхад Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөр гэмт хэрэг үйлдсэнээр шийдвэрлэх боломжтой гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал шүүгдэгч С.Д нь 2020 оны 07 дугаар сарын эхээр **** сумын **** багийн **** тоотод байрлах байшингийн таамбар дотроос Их хурд маркийн цэнхэр өнгийн мотоцикл хулгайд алдагдаж хэрэг бүртгэлтийн 202400067 дугаартай хэрэг 2020 оны 08 дугаар сарын 29-нд нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хохирогчоор Д.Б-ийг тогтоож, хохирогчид хулгайлагдсан мотоциклийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрч Т.Н, С.Н нарын мэдүүлэг, мөн нэмэлт хэрэг бүтгэлтийн ажиллагаа явуулах прокурорын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4/04 дугаартай тогтоол, С.Д-ийн 2 удаагийн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлууд нь давж заалдах шатны шүүх өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм.

С.Д-ийн холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэг нь 2020 оны 08 дугаар сарын 29-нд нээсэн бөгөөд прокурор нь анхан шатны шүүх хуралд энэ хэргийг танилцуулаагүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, шүүхээр тогтоогдоогүй болон хавтаст хэрэгт авагдаагүй баримт гэж тайлбарласан. Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйл гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 656 дугаар тогтоолд гэмт этгээд нь Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн эсвэл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг, дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтанд хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга” “байнга тогтвортой” “байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр, өөрөөр заасан боловч эдгээр нь дээрхи нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм. Эрүүгийн хуулиар тогтоогдсон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр үйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд хэрэгт нь багтаан зүйлчилнэ. С.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хөнгөн хэргийг хүндэд нь багтааж хүндрүүлэн шийдвэрлэсэн.          

Тэгвэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнө нь гарсан шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хэрэг дахин шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, Эрүүгийн хуульд заасан 1 гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах шударга ёсны зарчим алдагдах юм. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн зүйл заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хамтатган шийдвэрлэх боломжтой юм. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйл шударга ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 5, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шийдвэрлэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож С.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь анхан шатны шүүхийн шатанд байх хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн мөн сүүлийн үйлдсэн гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгаагүй байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар дараагийн хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдолд нэмж нэгтгэх боломж хуульд заасан, хуулийн уг заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарахгүй байна. гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн С.Д-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо, 12-1221 тоот хашаанд байх иргэн Д.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 132,900 төгрөгийн, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 20-23 цагийн орчимд **** аймгийн **** сумын **** багийн *** хэсгийн 6-600 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Н-ийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүгдэгч С.Д-ийн дээрх хоёр үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тусгай давталт гэж үзэж, гэмт этгээдийн үйлдэл эдгээр зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх шинжүүдийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх ёстой.

Энэ тохиолдолд нэг төрлийн хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн гэмт үйлдэл төгссөн, эсхүл завдалтаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзнэ.

Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохож болохгүй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...” гэсэнтэй нийцэх юм.

Хоёр шатны шүүх шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхдээ энэ хэргийн зүйлчлэлийг орхигдуулсан нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болсон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...шүүгдэгч С.Д нь 2020 оны 07 дугаар сарын эхээр Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоотод байрлах байшингийн таамбар дотроос их хурд маркийн цэнхэр өнгийн мотоцикл хулгайд алдагдаж хэрэг бүртгэлтийн 202400067 дугаартай хэрэг 2020 оны 08 дугаар сарын 29-нд нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хохирогчоор Д.Б-ийг тогтоосон ба С.Д-ийн холбогдсон энэ хэргийг прокурор нь анхан шатны шүүх хуралд танилцуулаагүй байна...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан ч шүүгдэгч С.Д дахин өөр гэмт хэрэг үйлдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрхээс гадна хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн хэргийг прокурорт буцаах тухай гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хоёр шатны шүүхийн шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08ы өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 2020/ДШМ/22 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Ч.ХОСБАЯР

                                              ШҮҮГЧ                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ