Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 04

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: .... оршин суух “Халх-Өрнөл” ХХК-ийн захирал Тойсомын Ванданхүүгийн нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээж өгөхийг, сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэнд даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ванданхүү, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч Матад сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн, гэрч Н.Сүх-Ялалт, Д.Дамдинбазар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Халх-Өрнөл” ХХК-ийн захирал  Ванданхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халх-Өрнөл” ХХК нь Матад суманд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар газар эзэмших хүсэлтээ газрын тухай хуулийн дагуу төр захиргааны шат шатны байгууллагаар шийдвэрлүүлж, Монгол Улсын Засгийн газарт гарган зохих дэмжлэг авсан юм. Үүний дагуу Матад сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Аръяазулын эрх хэмжээгээ хэтрүүлэн /газрын тухай хуулийн  23.3,  26.5 дахь зүйлийг зөрчиж/ гаргасан зөвлөмж бичгийг үндэслэн Матад сумын Засаг дарга Ж.Баатар нь 2015 оны 01 дүгээр сард  А/07 тоот захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон. Учир нь Газрын тухай хуульд аймгийн газрын алба найман төрлийн эрх хэмжээтэй. Үүнд: Сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгохыг шаардах эрх нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа геодизи, зураг зүйн газарт байдаг юм. Тус компани нь дээрх асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийж, Газрын тухай хуулийн 60.1.1-д заасны дагуу аймгийн Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд, энэ дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай хүсэлтийг хууль эрх зүйн талаас нь судалж үзээд, аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр хариу өгсөн юм. Манай компанийн энэ төсөл бол шинэлэг менежмент үзүүлж, нутгийн малчидтайгаа хамтраад, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг Засгийн газар хүртэл дэмжсэн.

             Энэ дагуу тус компани Матад сумын Засаг даргад газар эзэмших асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч, …дахин нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/32 тоот албан бичгээр ирүүлж байна. Энэхүү шийдвэр /эс үйлдэхүйгээрээ/ Матад сумын Засаг дарга  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг зөрчиж тус компанийн газар эзэмших хууль ёсны эрхийг үгүйсгэж байна.

            Дээрх байдлыг хянаж үзэж Монгол Улсын Засгийн газрын 2/166 тоот албан бичиг, Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 1/2780 тоот шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 1/1782 тоот зөвлөмж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон аймгийн Засаг даргын 1/03 тоот албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын /ГХБХБГгэх/, Хууль зүйн хэлтсээс ирүүлсэн Атарын 3 дугаар аяныг үргэлжлүүлэх чиглэлийн 2.39-тэй уялдуулан тус “Халх-Өрнөл” ХХК-ийн хүсэлтийг дэмжихэд татгалзах зүйлгүй гэсэн.

            Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 тоот захирамжийг сэргээж өгөхийг сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэнд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Д.Дэмчигсүрэн Засаг дарга бид хоёр өнөөдөр л уулзаж байна. Бид хэн нэгнийгээ ойлгохгүй зүйл байхгүй учир хариуцагч талтай эвлэрэх саналтай байна гэв.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой юм. Энэ хэргийн талаар судалж, мэргэжлийн байгууллагаас хүсэлт гаргаж гэрч оролцууллаа, Матад сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо гол нь биш, Засаг дарга Д.Дэмчигсүрэн та энэ асуудлыг зөв ойлгож үзээсэй. Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаа хэвээр нь байлгаж, гэрээ байгуулмаар байна. Атар газар эзэмшихгүй, өөрийн чинь гаргаж байгаа хариу тайлбарын хэмжээнд эвлэрч болно гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халх-Өрнөл” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 17-нд Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Төмөрбаатарт хандан тус суманд газар тариалан, хадлан тэжээлийн нэгдсэн аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га атар газар эзэмших хүсэлт тавьсан бөгөөд сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар хуралдааны 6 дугаар тогтоолоороо уг саналыг дэмжин, Аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Засаг даргын орлогч Ц.Энхмаад даалгасан байна.

           “Халх-Өрнөл” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 05  болон  2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгүүдээр дээрх асуудлаар сумын Засаг даргад дахин хандан газрын зөвшөөрөл хүссэн бөгөөд тухайн албан бичигт хавсралт болгон Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-2/166, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/2780, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1782 тоот албан бичгүүдийг ирүүлж байсан байна. Дээрх албан бичгүүдийг үндэслэн сумын Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаартай захирамжаар, тус сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Сангийн далайгаас баруун хойш 10 км зайд 15000 га атар газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Сумын Засаг даргын энэхүү захирамжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хянаж үзээд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 519 тоот албан бичиг ирүүлжээ. Тус албан бичигт атар газрыг тариалангийн зориулалтаар олгосон нь Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар Засгийн газраас атар газрыг тариалангийн газар болгох шийдвэр гараагүй байхад, мөн тариалангийн газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах журмаар шийдвэрлэнэ гэснийг зөрчин газар олголт хийсэн тул энэ зөрчлөө эргэн харж, хариу ирүүлэхийг шаардсан байна. Үүний дагуу сумын Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “Халх-Өрнөл” ХХК-д тариалангийн зориулалтаар олгосон газрыг хүчингүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/14 тоот албан бичгээр “Халх-Өрнөл” ХХК-ийн захирал Т.Ванданхүүд захирамж хүчингүй болгосон талаар албан мэдэгдлийг хүргүүлжээ.

            “Халх-Өрнөл” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмших тухай албан бичиг ирүүлсний хариу болгож сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/32 тоот албан бичгээр “Халх-Өрнөл” ХХК-ийн санал санаачлагыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэн багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн нэгдсэн санал дүгнэлттэй болсоны дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж дээрх асуудлыг дахин нухацтай авч үзэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн болно.

             Матад сумын 15000 га атар газрыг тариалангийн газар болгох санал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдааны  2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор дэмжигдэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлагдаад байгаа бөгөөд одоогийн байдлаар Засгийн газраар хэлэлцэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

            Засаг даргын хувьд Матад сумын хөгжилд шинэлэг санаа гаргаж, хөдөө аж ахуйд тус дэмтэй ажил хийсэн хэнийг ч дэмжинэ, энэ талаар мөрийн хөтөлбөртөө ч оруулсан байдаг. Хамгийн гол зүйл бол газар олголтын асуудал чухал байна. Газар тариалангийн зориулалтаар “Атар” газрыг яаж олгох вэ гэхээр Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй юм. Гэтэл Засаг дарга надад Засгийн газраас Матад сумын нутаг сангийн далайгаас баруун хойшоо 10 км-т “Халх-Өрнөл” ХХК-д 15000 га атар газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн зүйл байхгүй байгаа тул газар тариалангийн талаар ямар нэгэн шийдвэр гаргахад эргэж хүчингүй болох зүйл харагдаад байна. Би хувь хүний хувьд үйл ажиллалааг нь дэмжиж байна. Атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Ер нь ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаа ямар нэг иргэн, байгууллагыг дэмжихгүй байгууллага Монгол Улсад байхгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь газар тариалалтын зориулалтаар “Атар”-ын аянд нэгдэх гэдгийг зөвтгөж, Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжийг хүчингүй болгож, өмнөх захирамжийг сэргээвэл би буруу захирамж гаргасан болно. Аливаа асуудлыг бид сумын хамтын хүчээр шийдвэрлэх нь зүйтэй. Би “Халх-Өрнөл” компани гэж онцгойлон авч үзмээргүй байна. Миний хувьд ч хууль зөрчсөн захирамж байвал хүчингүй болгоно. Иймд тус сумын 15000 га атар газрыг тариалангийн газар болгох Засгийн газрын тогтоол гараагүй байгаа тул “Халх-Өрнөл” ХХК-ийн нэхэмжлэлд дурьдагдсан Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгож, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээх боломжгүй байна гэв.

             Гэрч Н.Сүх-Ялалт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... “Халх-Өрнөл” ХХК нь газар тариалан, тэжээлийн ургамал тарих талаар хүсэлт өгснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжээд тус саналыг аймаг руу явуулсан. Үүний дараа тус компани нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болон шадар сайдаас үйл ажиллагааны дэмжлэг хүссэн албан бичиг явуулсан байдаг юм. Эдгээр бичгийг үндэслэж, газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд оруулж, газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж гарсан байдаг. Атар газрыг дуудлага худалдаанд оруулна гэсэн зүйл байхгүй. Харин Засгийн газраас ...Атар газрыг тариалангийн газрын чиглэлээр олгох тогтоол гарсны дараа  ...төсөл шалгаруулах, газрын дуудлага дуудлага худалдаа явуулах ёстой. “Халх-Өрнөл” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжийг Засгийн газрын тогтоол гараагүй байхад Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа явуулаагүй олгосон юм. Тэгэхээр сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар  захирамжийг хууль бус захирамж гэж үзээд, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар хүчингүй болгосныг үндэстэй гэж үзэж байна гэв.

             Гэрч Д.Дамдинбазар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед “Халх-Өрнөл” ХХК-ийн хүсэлттэй танилцсан, зөв боломжтой санал гаргасан юм байна гэсэн байр суурьтай байсан. “Халх-Өрнөл” ХХК нь анх тариалан эрхэлнэ гэсэн санал тавиагүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шинэ газар хагалж, атар газар эзэмшинэ гэдэг бол өөр ойлголт. Үүнийг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэнэ. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ... бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулж болно. Бэлчээрийг ашиглуулна гэдэг нь газрын дуудлага худалдааны анхны үнийн аргачлалд байдаггүй юм. Газрыг эзэмшүүлэх Төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдаа явуулах нь Засаг даргын  бүрэн эрхийн асуудал юм.  Энэ асуудлыг яамны хэмжээнд ярилцсан. Дорнод аймагт 90 мянган га талбайг “Атар” газарт оруулж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байгаа, судалгааны баг ажиллаж байгаа юм. Хөлөнбуйр, Дашбалбар гэсэн хоёр суманд тариалан эрхлэх боломжгүй гэсэн судалгаа гарсан байгаа, одоогоор  Засгийн газрын тогтоол гараагүй байгаа юм гэв.                                                            

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Халх-Өрнөл” ХХК-ийн захирал Тойсомын Ванданхүү нь “Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээж өгөхийг сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэнд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.[1]

             Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга нь  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжаар,[2] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг үндэслэн, Матад сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэр Сангийн далайгаас баруун хойш  10 км-т  15 000  га  атар газрыг тариалангийн газрын зориулалтаар “Халх-Өрнөл” ХХК-д эзэмшүүлснийг,  сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу  “Халх-Өрнөл”  ХХК /2801671/-ийн газар эзэмших эрхийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар[3] хүчингүй болгосон байна.

            Хариуцагч Матад сумын Засаг дарга нь “Халх-Өрнөл” ХХК-д тус сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэр, Сангийн далайгаас баруун хойш, Эрээн дэрсний хоолой орчмын 10 км зайд орших дээрхи “атар газрыг тариалангийн зориулалт”-аар эзэмшүүлэхдээ, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “...шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”. Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т  ...”атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.5-д  “энэ хуулийн 5.3-т  заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно” хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

            Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “атар газар гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй газрыг хэлнэ” гэжээ. Матад сумын нутаг дэвсгэрт …15 000 га  атар газар нь тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа бөгөөд  2014 онд болон  одоогийн байдлаар ... “атар газрыг тариалангийн зориулалт”-аар ашиглах талаар Засгийн газрын тогтоол, шийдвэр гараагүй байгаа болно.

            Ийнхүү “атар газрыг тариалангийн зориулалт”-аар ашиглаж эзэмшүүлэх дээд газрын шийдвэр  гараагүй байхад,  сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулна”  заасныг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, улмаар тухайн газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгохдоо, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ... “тухайн  шатны  Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” зэрэг хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, ...тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болох нь,  Матад сумын Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамж, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг,[4] хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

             Хариуцагч Матад сумын Засаг дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т  “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан  өөрийн шийдвэр, үйлдэл  /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ...шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” заасны дагуу “Халх-Өрнөл” ХХК-д 15 000 га “атар газрыг тариалангийн зориулалт”-аар  эзэмшүүлсэн,  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул,  ...Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”  ... дээрхи  “атар газрыг тариалангийн зориулалт”-аар ашиглуулах талаарх асуудал нь,  Матад сумын Засаг даргын 2014 оны  А/113 дугаар захирамжийг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснээс хойш, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэж, Баянтүмэн, Булган, Дашбалбар, Матад, Чулуунхороот сумдуудын нутаг дэвсгэр, ... атар газрыг тариалангийн газар болгох тухай сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг дэмжиж, Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхийг, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгасан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр тогтоолд[5] ...Матад сумын Буян-Өндөр багийн нутаг, Эрээн дэрсний хоолой орчмын 15 000 га “атар газрыг тариалангийн талбайн газар болгох санал” нь төрийн захиргааны төв байгуулагад уламжлагдсан байгаа боловч, одоогоор Засгийн газрын тогтоол гараагүй байгааг дурьдах нь зүйтэй.

             Иймд  Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээн шийдвэрлэж өгөхийг сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэнд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн  33.1.2,  54 дүгээр зүйлийн 54.1,  Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Халх-Өрнөл” ХХК-ийн захирал Тойсомын Ванданхүүгийн, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдох, сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  А/07 дугаар  захирамжийг  хүчингүй болгуулж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээж өгөхийг, Засаг дарга Д.Дэмчигсүрэнд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 8-р хуудас

[3] Хавтаст хэргийн 9-р хуудас

[4] Хавтаст хэргийн 37-38, 75-77-р хуудас

[5] Хавтаст хэргийн 55-р хуудас