Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0557/З |
Дугаар | 221/МА2019/0370 |
Огноо | 2019-07-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0370
“Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор “Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /2002 он/ заасныг тус тус баримтлан “Д г” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ө Ю Ж С С С С” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Д г” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах эсэх асуудлыг тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/135 дугаар тушаалаар Хилийн цэсийг солбижуулах ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх тушаалыг ямар нэгэн субъект хүчингүй болгоогүй одоо болтол хүчин төгөлдөр байгаа юм. Энэ ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй, хилийн цэс нь хаагуур байгаа нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй байтал хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргах, ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл авах, улмаар энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсны дараагаар тус газрын маргаан шийдвэрлэгдэх боломжтой байсан. Мөн 21 тоот шон нь “Ж н” ХХК эзэмшдэг олон улсын шилэн кабелийн шон болохыг нотолсоор байхад шүүхээс үүнийг харгалзан үзээгүй, хариуцагчийн зүгээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй, шинжээчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, зөвхөн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Д г” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Ө Ю Ж С С С С” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Д г” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө Ю Ж С С С С” ХХК-д цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 134000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба мөн уг газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Д г” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгожээ.
Дээрх газар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа болох нь “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор нотлогдсон гэж үзнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан тул Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамж гарган гуравдагч этгээд “Ө Ю Ж С С С С” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон нь илт хууль бус, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “хилийн цэсийг солбижуулах ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул “21 тоот шон нь “Ж н” ХХК эзэмшдэг олон улсын шилэн кабелийн шон болохыг нотолсоор байхад шүүхээс үүнийг харгалзан үзээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН