Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 11

 

А.Золбаярт холбогдох эрүүгийн
хэргийн талаар

226/2016/0007/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
Прокурор: Н.Эрдэмбилэг,
Ялтны өмгөөлөгч: Б.Батцэнгэл /онлайнаар/
Ялтан: А.Золбаяр /онлайнаар/ нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Б.Батцэнгэлийн давж заалдах гомдлоор А.Золбаярт холбогдох эрүүгийн 201617000180 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, 1998 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бат овогт Адъяагийн Золбаяр/РД: ЛЖ98112433/
А.Золбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 21, 5 дугаар сарын 25, 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд давтан үйлдлээр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд буюу 11 нас 2 сартай Б.Нарантуяаг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор: . Шүүгдэгч Бат овгийн Адъяагийн Золбаярыг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч А.Золбаярыг 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8, 52.10-т заасныг журамлан насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус заасныг журамлан ялтан А.Золбаярын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгдэлгэрийн талийгаачийн оршуулгын зардалд 3.378.517 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, замын зардал 160.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Б.Батцэнгэл нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 327 дугаар зүйлээс 341 дүгээр зүйл нь зөвхөн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан болохоос шүүх тогтоол гаргахдаа баримтлах заалт биш юм. Иймд миний үйлчлүүлэгчийг арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдэж хорих ял шийтгүүлсэн,  бусдад төлөх өр төлбөргүй, насанд хүрээгүй этгээдэд оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг оногдуулсан, амьдрал ядуу зэрэг байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
А.Золбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 21, 5 дугаар сарын 25, 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд давтан үйлдлээр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд буюу 11 нас 2 сартай Б.Нарантуяаг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Манайх Золбаярын хамаатан Ганбаагийнх нь малыг маллаад хөдөө амьдардаг байсан. Охин маань сумын төвд өвөөгийндөө суудаг байсан. Би маш их гомдолтой байна. Охин маань өдрөөс өдөрт л бие нь сулбайгаад,  дуугарахгүй болоод байхаар нь би  охиноосоо “зүгээр үү” гэхэд “зүгээр ээ ээжээ” гэхээс өөр юм хэлэхгүй байсан.  Би охиноо аргадаж байгаад хэлүүлтэл  “Золбаяр ах намайг сумын төвд хичээлээ тараад явж байхад амдаж байгаад сургуулийн урд байдаг эзэнгүй байшинд чирч оруулаад миний өмдийг тайлаад дээр маань гарсан. Намайг  2016 оны 5 сарын 21, 5 сарын 25, 6 сарын 02-нд 3 удаа хүчиндсэн гэж хэлэхдээ надад ерөөсөө ойлгуулж чадахгүй байж байгаад ойлгуулсан. Би усанд оруулаад биеийг нь хартал гуяных нь дотор болон гадна тал хөх эрээн байсан. Мөн өмсөж байсан турсик нь шаргал зүйлээр бохирлогдож дэрийтэл хатсан байхаар нь би угаасан. ... Би талийгаачийнхаа үхлийг хүчиндүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Хэрвээ хүчиндээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэх мэдүүлэг. /хх-11-12х/
Гэрч М.Дэчмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Б.Нарантуяа гэх 11 настай эмэгтэй хүүхдийг 2015 оны 6 сарын 08-ны өдөр үзлэг хийхэд уг дуу цөөнтэй, асуусан асуултанд дахин дахин асууж байж хариулна, охин хальс цоорсон, үтрээний үүдэвч улайсан байсан. Энэ шинж тэмдгүүд нь бэлгийн харьцаанд орсон байж болох шинж тэмдгүүд. ... Баруун гуя нь хөхрөөд шаралсан байсан ... гэх /хх-16х/
Гэрч Х.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Золбаярын байцаалтанд түүний аав Адъяатай хамт суусан. Нарантуяаг 3 удаа хүчиндсэн тухайгаа энгийн тайван байдлаар ярьж байсан. Ямар нэгэн айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байгаагүй. 12-р анги төгссөн уншиж, бичиж чадна ... гэх/хх-19-20х/
Гэрч Л.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би Золбаярыг 3 дугаар ангиас 5 дугаар анги төгсгөсөн багш. ... Золбаяр уншиж чаддаг, цээжээр бичихдээ муу байсан... гэх /хх-26х/
Гэрч И.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Ач охин маань сэргэлэн цовоо хүүхэд байсан. Харин надад гэр цэвэрлэж өгдөг байснаа болиод тоглоно гээд гараад явдаг байсан. Сүүлийн үед тураад байсан... гэх мэдүүлгүүд /хх147х/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач Б.Нарантуяагийн биед зүүн мөрний ар хэсэг, зүүн хөлний гуяны дунд хэсэг, баруун хөлийн гуяны гадна дунд хэсэгт, баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт бүдэг хөх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, охин хальс эдгэж буй урагдалтай,  чихрийн шижин өвчний улмаас сахар ихдэлтийн комд орж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...   гэсэн дүгнэлт /хх-31-34х/,
Шүүх сэтгэц гэм судлалын шинжилгээний 13 тоот акт.  Дүгнэлт: А.Золбаяр сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай. /хх-72х/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №360 актад: Золбаяр нь бэлгийн ажил хийх чадвартай. /хх-126х/.
Хохирогч Б.Нарантуяагийн 2005 оны 03 сарын 15-нд төрсөн гэх №0143367 төрсний гэрчилгээний хуулбар /хх-97х/
Ялтан А.Золбаярын 1998 оны 11 сарын 24-нд төрсөн гэх №0347692 төрсний гэрчилгээний хуулбар /хх103х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл,  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
 
Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376, 377 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан шийдвэрлэх атал анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.2-т заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн нь буруу болжээ.

Золбаярын анх удаа насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, мөн түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд цагдаа болон хүүхдийн байгууллагын саналыг /хх-198,199х/ харгалзан түүнд хорих  ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3-т зааснаар А.Золбаярт 15 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгахыг эцэг Л.Адъяад хариуцуулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны  шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг ялтан А.Золбаярт анхааруулсугай” гэснийг тус тус нэмж тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. А.Золбаяр нь энэ хэргийн улмаас 133 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. А.Золбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА