Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0046

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   Х.Батсүрэн

Шүүгчид:                  М.Батсуурь

 Д.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ         

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөлтэй 20 га талбай, **--***** дугаар тусгай зөвшөөрөлтэй 29.97 га талбай тус тус багтжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.9, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “М” ХХК-д холбогдох 9, 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай” “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ийн 1, 2, 3, 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамж буюу шинэ акт гаргаагүй бол уг захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.1. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэрээр Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, энэ хугацаанд ямар хууль журам хэрэгжсэн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгч 2012 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үед усан сан бүхий газартай давхцалтай болохыг мэдэж байсан гэх бөгөөд энэ үеэс давхцалтай хэсгийг хасуулж давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргах боломжтой байсан ч энэ боломжоо хэрэгжүүлээгүй байдаг, усан сан бүхий газартай давхцалтай хэсгээ хасуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хугацаанд нэхэмжлэгч компани Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байгаагүй гэж дүгнэсэн.

5.4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/1848, 5/1836 дугаар албан бичгүүдээр “... усны сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, солбицолд өөрчлөлт оруулах өргөдлийг ирүүлнэ үү” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр “... хоёр лицензийн хавсралт дахь солбицолтой Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн сан давхцаж байгаа эсэх талаар лавлагаа гаргаж өгнө үү” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан мөн давхцаагүй үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэн үзэхэд захиргааны байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж хариу өгөөгүй, уг асуудлыг шийдвэрлээгүй байна” гэж анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарласан.

5.5. Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд компанийн тусгай зөвшөөрлийг цуцалснаас /2017 онд цуцалсан/ хойш буюу 2018 он, 2019 онуудад Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан албан бичгийг дурдаж, захиргааны байгууллагыг хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлээгүй гэж буруутгаж тайлбарласанд гомдолтой байна.

5.6. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргахаар байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

5.7. Захиргааны байгууллагын зүгээс холбогдох хяналт шалгалт гүйцэтгэж, Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа зэргийг авсны үндсэн дээр дүгнэлт гаргаж, өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдлыг тогтоосны дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг зөрчсөн гэж зөрүүтэй дүгнэсэн.

5.8. Давж заалдах шатны шүүх дахин шинэ акт гаргах гэж ойлгомжгүй шийдвэр гаргасан. Тус компани газрын хэвлийг ашиглаж эхлээгүй 3 ба түүнээс дээш жил болсон Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай, эдгээр нь тогтоогдсон үлдсэн талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Нийслэлийн Засаг даргын зүгээс өмнөхтэй адил шийдвэр гаргахаар нөхцөл байдал байна.

5.9. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6.  Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

7. Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

8. Нэхэмжлэгч “М” ХХК-д Хан-Уул дүүрэгт “Б ...” нэртэй 30 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15523А дугаар тусгай зөвшөөрлийг 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, мөн “Б ...” нэртэй 20 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрлийг 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус шилжүүлэн олгожээ.

9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөлтэй 20 га талбай, **--***** дугаар тусгай зөвшөөрөлтэй 29.97 га талбай тус тус багтжээ.

10. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “Түргэний гол” болон уг голын хамгаалалтын бүс, Улаанбаатар-Хөшигтийн хөндий чиглэлийн авто замтай давхцалтай, мөн **--***** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “Түргэний гол” болон уг голын хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай байна.

11. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс газрын хэвлий ашигласан эсэх талаар болон газрын давхцалын талаар маргаагүй бөгөөд харин хуульд заасан хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй нь тусгай зөвшөөрөл бүхий талбай усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай, тухайн газартай давхцуулан олгосон газрын маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн, 2017 он хүртэл үйл ажиллагаа эрхлэх бэлтгэл ажил хийж, цахилгаан татаж, нөөц тогтоолгон баталгаажуулсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлажээ.

12. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь “давхцаагүй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй” гэх агуулгаар тайлбар, үндэслэл гарган маргаж байна.

Хууль хэрэглээний хувьд: Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай эрх зүйн асуудал нь:

-маргааны үйл баримтад холбогдуулан шүүх Газрын хэвлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх,

-Газрын хэвлийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэйгээр хэрэглэсэн эсэх тухай байна.

13. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор зохицуулжээ.

14. Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол энэхүү нөхцөлийг зөрчил үзэн, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байна.

15. Нэхэмжлэгч хуулийн этгээд 2010, 2011 оны тусгай зөвшөөрлүүдээр газрын хэвлийг ашиглах эрх авсан бөгөөд түүнээс хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг дээрх хуульд нийцжээ.

16. Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүстэй ихэнх хэсэг нь давхацсан бөгөөд энэ хэсгийг цаашид ашиглах боломжгүй, мөн Газрын хэвлийн тухай хуульд газрын хэвлий ашиглаж эхлэх хугацааны талаар заасан зөрчил гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.

17. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий акт гарснаас хойш захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хүргүүлсэн “усны сан бүхий газартай давхцалгүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах боломжтой” гэх агуулга бүхий албан бичгүүдийг үндэслэн маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг буруу хэрэглэсэн байна.

18. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11.2.5-д  “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан. Уг бүрэн эрхийг хүрээнд нийслэлийн Засаг дарга газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эсэх шийдвэр гаргах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газар буюу энэ асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээдийн албан бичгийг үндэслэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.

19. Давж заалдах шатны шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 510[1], 2019 оны 433[2] дугаар тогтоолын дүгнэлтүүдээс зөрүүтэй тайлбарлаж хууль хэрэглэсэн байна.

20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД                                                  М.БАТСУУРЬ

  Д.МӨНХТУЯА

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

  Ц.ЦОГТ

 

[1] “Зорь итгэ бүтээ” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2018/0141/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2018/0510

[2] “МБРИК” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2019/0104/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2019/0433