Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00299/и |
Дугаар | 300 |
Огноо | 2016-05-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тохижилтын 7-427 тоотод оршин суух Их монгол овогт Пүрэв-Очирын Эрдэнэчимэг /РД:АЭ63071607/-ийн нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд, “Бүтээлч” хоршоонд 1990 оны 6-р сарын 19-ний өдрөөс 1992 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хана үдэгч нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Эрдэнэчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэл хана үдэгч нормчноор, 1990 оны 6-р сарын 19-ний өдрөөс 1992 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд “Бүтээлч” хоршоонд хана үдэгч, нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд миний Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,
2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 3-р сарын 21-ний өдрийн “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 12-р сарын 5-ны өдрийн “Курс нээн хичээллүүлж, аттестатчилал явуулах тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 3-р сарын 6-ны өдрийн “Тэргүүний эмэгтэйчүүдийг шагнах тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10-р сарын 29-ний өдрийн 161 тоот тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 2-р сарын 3-ны өдрийн “Аттестатчилал явуулах комисс томилох тухай” тушаалын хуулбар,
3. Пүрэв-Очирын Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
4. П.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Ж.Энхжаргалын өгсөн ... Би 1982 оноос 1988 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт тооцогчоор тасралтгүй ажиллаж байгаад 1988 онд Улаанбаатар хот руу шилжсэн. П.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн ханын цехэд хана үдэгчээр 1982 оноос намайг 1988 онд Улаанбаатар хот руу шилжих хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би П.Эрдэнэчимэгтэй 1982 оноос 1988 оныг хүртэлх хугацаанд Мод боловсруулах үйлдвэрт хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ... гэх мэдүүлэг,
гэрч С.Ганбаатарын өгсөн ... Би 1985 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт механик, цехийн дарга, мастер, инженерээр тасралтгүй ажилласан. 1992 онд хэсэг хүмүүс хувьцаагаа нийлүүлж Бүтээлч хоршоо байгуулсан. Би 1992 оноос 1997 оныг хүртэлх хугацаанд Бүтээлч хоршооны даргаар ажилласан. П.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт намайг анх 1985 онд ажилд томилогдох үед ажиллаж байсан. Хэзээнээс эхэлж ажилласныг нь мэдэхгүй байна. П.Эрдэнэчимэг нь 1992 оныг хүртэл Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад 1992 оны 1-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 7-р сарыг хүртэлх хугацаанд Бүтээлч хоршоонд ханачнаар ажилласан ... Би П.Эрдэнэчимэгтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их монгол овгийн Пүрэв-Очирын Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 6-р сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хана үдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ