| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00051/э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 51
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн 1824000260056 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр *аймгийн * суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, *, *, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, * аймгийн * сумын *н баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ховогт Ш М /регистрийн дугаар: /*/.
Шүүгдэгч Ш.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах Шинэ сонголт хүнсний дэлгүүрийн хашаанд байх уурын зуухны цонхыг онгойлгон нэвтрэн орж, мотоциклын бүтэн мотор, кроп, аккумулятор, астачер ком, карбератор зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.О 825,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг
хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрладаг Шинэ сонголт хүнсний дэлгүүрийн хашаанд байх уурын зуухны цонхыг онгойлгон нэвтрэн орж, мотоциклын бүтэн мотор, кроп, аккумулятор, статер ком, карбератор зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.О 825,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрладаг Шинэ сонголт хүнсний дэлгүүрийн хашаанд байх уурын зууханд байсан миний өөрийн Супер чансаа маркийн шинэ мотоциклын явах эд ангиас бусад эд зүйл болох бүтэн мотор, кроп, аккумулятор, астачер ком, карбератор зэрэг эд зүйлс комоороо хулгайд алдагдсан байсан. Уурын зуухны дотор талд данхраадаад орхисон байсан. Тухайн үед уурын зуухны зүүн талын цонхоор аваад явсан байсан. Хэн нэгэн хүн харж байгаагүй, би өөрөө л эргэж тойрдог байсан. Уурын зуухны зүүн талын цонхыг модоор тагласан байсныг хажуу тал руу нь түлхэж онгойлгоод орсон байсан. Гадна талын хаалга үүд нь зүгээр байсан. Тухайн үед хаалга нь цоожгүй байсан бөгөөд хаалганы хэсгээр цасан дээр хүн орсон гэх ул мөр байхгүй байсан. Уурын зууханд мотоцикл байсныг манай эхнэр Б, дүү Б, манаач хийж байсан С гэр бүлийн хамт мэднэ. Супер чансаа гэх мотоциклоо 2017 оны 5 сард Улаанбаатар хотын Өгөөмөр захаас 1,570,000 төгрөгөөр худалдаж авсан. Алга болсон эд зүйлээ 800,000 орчим төгрөгөөр үнэлж байна. Тухайн мотоцикл бараг шинээрээ байсан. ...Үнэлгээ гаргасан зардал болох 10,000 төгрөгийг би өгсөн учраас уг мөнгийг хохирол дээрээ нэмж нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25, 26, 27 дугаар хуудас/,
-2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ сонголт хүнсний дэлгүүрийн ард байрлах галлагааны уурын зуух байх бөгөөд ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалгатай, зүүн талдаа 60х75 хэмжээтэй цонхтой, 4х5 хэмжээтэй улаан хүрэн өнгийн төмөр дээвэртэй, цагаан өнгийн модон байшин байна. ...Уурын зуухны дотор зүүн гар талд ногоон өнгийн Чансаа маркийн, номер улсын дугааргүй мотоцикл байх бөгөөд уг мотоциклын мотор кроп нь байхгүй. Мөн асаах гарын базуур аккумулятор астачер, карбератор зэргийг салгаж авсан байна. Байшингийн зүүн талын цонхыг гялгар цаасаар бүрж хаасан. Наад талаар нь төмөр хаалгаар хаасан байсныг холдуулж, цонхны гялгар цаасыг урж байшинд нэвтрэн орсон байв. Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлж, тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 7 дугаар хуудас/,
-Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 15-ны үед хувийн ажлаар Улаанбаатар хот явсан юм. Намайг Улаанбаатар хотод байхад манай нөхөр О утсаар яриад нөгөө уурын зууханд байсан мотоциклын мотор, кроп, бусад зүйлийг нь хүн аваад явсан байна гэж хэлсэн. Хулгайд алдагдсан гэх мотоцикл манай дэлгүүрийн уурын зууханд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тавьсан. Өмнө нь галч манаачтай байж байгаад алга болохоос хэд хоногийн өмнө манаач нь нүүсэн юм. Тэрнээс хойш хэд хоног эзэнгүй байгаа. Манай мотоциклын бүтэн мотор, кроп, аккумулятор, астачер ком, карбератор зэрэг эд зүйлс комоороо хулгайд алдагдсан байсан. Супер чансаа гэх мотоциклоо 2017 оны 5 сард Улаанбаатар хотын Өгөөмөр захаас 1,570,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,
-Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны хавар Улаанбаатар хотоос Чансаа маркийн ногоон өнгийн мотоциклыг О худалдаж авч ирсэн юм. Тухайн үед аваад ирэхэд нь би хамт угсарсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь мэдэхгүй, цоо шинэ мотоцикл байсан. О өөрийн дэлгүүрийн уурын зууханд хийсэн. Бид хоёр тэнд хамт очиж тавьсан юм. 2018 оны 3 сарын 10-ны үед О бид хоёр хамт очиж харсан. Тухайн үед мотоцикл уурын зууханд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
-Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 сараас эхэлж Шинэ сонголт дэлгүүрийн уурын зууханд галлагаа хийж байгаад 2018 оны 3 дугаар сарын 07-нд галлагаа зогсож, тэдний хашаанаас нүүсэн. Манайхыг тэдний хашаанд 2017 оны 10 сард буухад дэлгүүрийн уурын зууханд ногоон өнгийн Чансаа маркийн мотоцикл байсан. 2018 оны хавраас М манай гэрээр орж гардаг болсон. Уг дэлгүүрт хааяа орж гал түлдэг байсан болохоор мотоцикл байгааг мэдэж байгаа. Мөн манайхыг 3 сарын 07-нд гэрээ нүүлгэхэд хамт нүүлгэлцсэн. О 3 сарын 20-ны үед мотоцикл алга болсон гээд, М авсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дугаар хуудас/,
-Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн: “Эд зүйлийн нэр мотор, кроп, аккумулятор, астачер ком, карбератор, тоо ширхэг-5, чанар шинж тэмдэг Чансаа мотоцикл 2017 оны 5 сард худалдаж авсан гэх, хохирогчийн үнэлгээ 800,000 төгрөг, шинжээчийн үнэлгээ 825,000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,
-2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ш.Мэндбаяраас эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,
-Хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 7977 дугаартай: Шинжилгээнд мотоциклын мотор 1 ширхгийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн мотоциклын моторын дугаар байх хэсгийн гадаргуу дээр YG162FMJ-A 59001803 гэсэн үсэг болон тоонууд илэрч байна. Шинжилгээгээр илэрсэн YG162FMJ-A 59001803 гэсэн үсэг болон тоонууд нь Б.Оын худалдан авсан гэх баримтанд байгаа YG162FMJ-A 59001803 гэсэн үсэг болон тоонуудтай тохирч байна.” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 48 дугаар хуудас/
-Яллагдагч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын орчимд би Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах О гэх айлын хашаагаар орж гарч явдаг байсан. Тухайн үед манай найз С тэдний галчийг хийдэг байсан. Тэгээд тэдний хашаанд ногоон өнгөтэй Чансаа маркийн мотоцикл байсныг харсан. Тухайн үед миний өөрийн мотоцикл эвдэрчхээд засаж чадахгүй болохоор тэр мотоциклын моторыг авахаар шийдээд 2018 оны 3 сарын сүүлээр би Оын мотоциклын мотор, кроп, аккумулятор, удирдах товч буюу астачер, карбератор зэргийг нь түлхүүр багаж авч ороод тайлж аваад өөрийн мотоциклдоо угсарч тавьсан. Намайг хэн нэгэн хүн хараагүй, энэ талаар мэдэх хүн байхгүй. Тухайн мотоцикл Шинэ сонголт хүнс барааны дэлгүүрийн уурын зууханд байсан юм. Тухайн уурын зуухны хаалга нь онгорхой, ямар нэгэн цоожгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шинэ сонголт дэлгүүрийн уурын зууханд цонхыг нь тагласан модыг авч, дотогш нэвтрэн орж, тэнд тавьсан байсан мотоциклын эд ангиудыг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн маань үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 825,000 төгрөгийн хохирол учирсан боловч би сайн дураараа 930,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ш.М дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.М холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ш.М хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.М ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй байхаар тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ш.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Ш.М нь Б.О учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учир түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирол 825,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчоос өгсөн 10,000 төгрөг, нийт 835,000 төгрөгийг хохирогч Б.О төлөх ёстой боловч 930,000 төгрөгийг сайн дураараа өгч хохирол, зардлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SH/NERAY бичигтэй дугаарыг нь хусаж арилгасан мотор /клапан таг, гельц, поршин, карбератор, статер, доод анги бүтэн, урд режак, маниул/ battery гэсэн улаан өнгийн бичигтэй мотоциклын аккумулятор, мотоциклын жолооны хүрд хэсэгт байрлах унтраалга ком эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.М буцаан олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.
Мөн хэргийн хамт шүүгдэгч Ш.М иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Ш М хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ш.М нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.О учруулсан хохиролд 930,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.М хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/42 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SH/NERAY бичигтэй дугаарыг нь хусаж арилгасан мотор /клапан таг, гельц, поршин, карбератор, статер, доод анги бүтэн, урд режак, маниул/ battery гэсэн улаан өнгийн бичигтэй мотоциклын аккумулятор, мотоциклын жолооны хүрд хэсэгт байрлах унтраалга ком зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.М буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Ш.М иргэний бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН