Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2023/00022

 

 

Ч.Гансувдын нэхэмжлэлтэй

Н.Гантөмөрт холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 131/ШШ2023/00707 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Гансувдын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Гантөмөрт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18,579,605 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Гансувдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Гансувд / цахимаар /, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Гансувдын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

 Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аав Т.Чойжилсүрэнгийн тэтгэврийн зээл 5,600,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашин барьцаалсан зээл 5,590,687 төгрөг, иргэн Ч.Төмөрбаатараас 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч хариуцагчид Н.Гантөмөрт өгсөн. Мөн өөрийн 4,000,000 төгрөг өгсөн. Нийт банкны зээлийн хүү, хүнээс авсан 10 хувийн хүү болох 23,452,000 төгрөгийг Н.Гантөмөрт зээлдүүлсэн. Үүнээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг авсан. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг авсан. Энэ зээлж өгсөн төлбөрийг тухай бүрд би өөрөө төлсөөр явсан. Цаашид өөрөө төлөх боломжгүй болсон тул Н.Гантөмөрөөр өөрөөр нь төлүүлэх шаардлагатай байна. Иймд надад өгсөн мөнгийг нь хасаад 18,579,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

...Би Баруун бүс худалдааны төвд лангуу ажиллуулдаг. Н.Гантөмөр эгч миний лангуун дээр өөрийн гоо сайхны бараа болон миний барааг  зарахаар лангууг ажиллуулсан. Гэтэл Н.Гантөмөр эгч хэлэхдээ “... Би энэ гадаад хүнтэй танилцсан. Бид бие биедээ хайртай дуртай, ханилан сууж байгаа” талаар хэлж их хэмжээний мөнгө зээлж авсан. Би хүргэн ахаасаа 10.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашин барьцаалсан зээл 5.990.687 төгрөгийн зээл тус тус авч өгсөн. Би аавын тэтгэвэр болон машины сүүлийн 2 сарын зээлийн төлөлтөө хийж чадаагүй. Зээлээ төлөх боломжгүй байна. Хүүхдийн минь бие өвдөөд Улаанбаатар хот руу яаралтай явахаар болсон. Өөрийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээ буруу тооцоолоогүй. Н.Гантөмөр эгч 10.000.000 төгрөг өгөх ёстой байснаас 8.000.000 төгрөгийг өгсөн. Би 2 сард бизнесийн зээл авч ахдаа зээлсэн 10.000.000 төгрөгөө өгсөн. Уг мөнгөний хүү нь сарын 1.3 хувийн хүүтэй. Сард 130.000 төгрөг төлдөг. Бид одоо зээл төлөхгүйгээс болж эргээд зээл авах эрхгүй болоход хүрч байна. Би өрх толгойлсон эмэгтэй хүн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхамын  анхан шатны шүүх  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

 Н.Гантөмөр нь Баянхонгор их дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байх үеэс Ч.Гансувдтай найзалж, дотно нөхөрлөдөг байсан. Гантөмөрт 2022 оны 6 сараас эхлэн цахим фейсбүүк сүлжээнд Munkhbat Altan гэх нэртэй, гадаад улсын иргэний зурагтай хаягаас найзын хүсэлт ирүүлээд өөрийгөө Сири улсад энхийг дэмжих цэргийн албанд ажилладаг, монгол аавтай, америк хүн гэж танилцуулан, илгээмжээр мөнгө илгээх тухай бичсэн. Ингээд итгэн ачааны замын зардал 6,516,000 төгрөгийг чатын дагуу шилжүүлсэн, дахин татвар 13,100,000 төгрөг шилжүүл гэсэн е-майл ирсэн. Энэ үед Гансувдад үзүүлэхэд боломжийн юм байна ш дээ. Татварын мөнгийг нь би олоод өгье. Илгээмж ирэхээр нь миний байрны зээлийг дарж өгөөрэй гээд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13,100,000 төгрөг Н.Гантөмөрийн дансанд шилжүүлснийг, нөгөө чатын дагуу шилжүүлсэн байна. Гэтэл дахин ачаа өмчлөлийн гэрчилгээний мөнгө гэхэд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин Ч.Гансувд 9,281,524 төгрөгийг Н.Гантөмөрт шилжүүлснийг мөн чатын дагуу шилжүүлсэн байдаг. Ч.Гантөмөрийн хувьд 5 удаагийн гүйлгээгээр нийт 42,752,524 төгрөгийг залилуулсан, үүний 2 удаагийн гүйлгээ 22,382,000 төгрөгийг Ч.Гансувдад шилжүүлсэн дээрх мөнгө юм. Тухайн үед илгээмж ирээд хоёулаа баяжиж, ашигтай байх тухай ярьж шилжүүлсэн. Хэн нэгэндээ хүү төлөх, зээлэх талаар тохиролцоо хийгээгүй юм. Иймд Ч.Гансувдын нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гантөмөрөөс Ч.Гансувдын 5247119872 тоот дансанд буцаан 2022 оны 11 дүгээр 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг охин Ө.Гэрэлмаагийн данснаас, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг охин Ө.Оюунгэрэлийн данснаас, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг өөрийн данснаас, Renecell солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн 1,950,000 төгрөг өгсөн. 2022 оны 11 дүгээр сард Цагдаагийн газарт хандан залилуулсан гэдгээ мэдсэн ч дээрх байдлаар тэтгэврийн зээл авах болон хүүхдүүдээсээ мөнгө гуйж Ч.Гансувдыг хохиролгүй болгосон гэжээ.

..: Н.Гантөмөр нь хоёр удаа Ч.Гансувдаас мөнгө авсан. Н.Гантөмөр нь 2022 онд цахим фейсбүүк сүлжээнд гадаад улсын иргэний харьяатай хүнтэй чатаар харилцаа үүсгэж үнэт эдлэлийн ирэх мөнгөн төлбөрт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин 13,100,000 төгрөгийг шилжүүлэх талаар хэлэхэд Ч.Гансувдтай уулзаж ярилцаад мөнгө зээлэх талаар хэлж харилцан чатыг хоорондоо уншиж ярилцаж шийдвэрлэсэн. Илгээмж ирэхээр нь Ч.Гансувдын орон сууцны зээлийг дарна гэсэн хоорондын харилцан итгэлцлээс болж хамтран залилуулсан. Нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 42,750,000 төгрөгийг залилуулсан. Ч.Гансувдаас 22,382,000 төгрөгийг авсан нь гэхдээ 20,950,000 төгрөгийг төлж барагдуулсаар үлдэгдэл 1,432,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулна гэдгээ хэлж байгаа. Ч.Гансувд, Н.Гантөмөр нар нь хоорондоо харилцан тохиролцож хамтран баяжих бодолтой байсан гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Гантөмөрөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,382,000 /гурван сая гурван зуун наян хоёр мянга/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гансувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,197,605 /арван таван сая нэг зуун ерэн долоо мянга зургаан зуун тав/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,849 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гантөмөрөөс 69,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гансувдад олгож, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Гансувд  тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүх бидний хооронд байгуулсан гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзэж надад төлөх ёстой мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн мөнгийг Н.Гантөмөр нь хүүтэй төлнө гэж хэлээд авсан. Шүүх миний Н.Гантөмөрт өгсөн мөнгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “22.382.000 төгрөгийг өсгөж буцаан төлөхөөр тохиролцжээ”, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна” гэж үзсэн атлаа гэрээний дагуу олгогдох мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм. Хэрэгт байгаа миний өгсөн автомашин барьцаалсан зээл, аавынхаа нэр авсан тэтгэврийн зээл, хувь хүнээс авсан зээл, бизнесийн  зээл авсан. Буцааж эдгээрийг төлж байсан баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байхад эдгээр хүү төлж надаас зарлага гаргаж байсан байдлыг ч харгалзан үзээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Н.Гантөмөр надад эдгээр мөнгөнүүдийг зээлж авсныг өөрөө мэдэж байгаа, хүүтэй нь эргүүлж төлнө гэсээр байтал яахаараа хүний хэрэглэсэн мөнгөнд мөнгө зээлдүүлсэн би хүү, алдангийг төлж хохирох ёстой юм бэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

1.  Нэхэмжлэгч Ч.Гансувд, хариуцагч Н.Гантөмөрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18,579,605 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аав Т.Чойжилсүрэнгийн тэтгэврийн зээл 5,600,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашин барьцаалсан зээл 5,590,687 төгрөг, иргэн Ч.Төмөрбаатараас 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч хариуцагчид Н.Гантөмөрт өгсөн. Мөн өөрийн 4,000,000 төгрөг өгсөн. Нийт банкны зээлийн хүү, хүнээс авсан 10 хувийн хүү болох 23,452,000 төгрөгийг Н.Гантөмөрт зээлдүүлсэн. Үүнээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг авсан. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг авсан. Энэ зээлж өгсөн төлбөрийг тухай бүрд би өөрөө төлсөөр явсан. Цаашид өөрөө төлөх боломжгүй болсон тул Н.Гантөмөрөөр өөрөөр нь төлүүлэх шаардлагатай  тул надад өгсөн мөнгийг нь хасаад 18,579,605 төгрөгийг гаргуулна  гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам нь  Н.Гантөмөр нь Баянхонгор их дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байх үеэс Ч.Гансувдтай найзалж, дотно нөхөрлөдөг байсан. Гантөмөрт 2022 оны 6 сараас эхлэн цахим фейсбүүк сүлжээнд Munkhbat Altan гэх нэртэй, гадаад улсын иргэний зурагтай хаягаас найзын хүсэлт ирүүлээд өөрийгөө Сири улсад энхийг дэмжих цэргийн албанд ажилладаг, монгол аавтай, америк хүн гэж танилцуулан, илгээмжээр мөнгө илгээх тухай бичсэн. Ингээд итгэн ачааны замын зардал 6,516,000 төгрөгийг чатын дагуу шилжүүлсэн, дахин татвар 13,100,000 төгрөг шилжүүл гэсэн е-майл ирсэн. Энэ үед Гансувдад үзүүлэхэд боломжийн юм байна ш дээ. Татварын мөнгийг нь би олоод өгье. Илгээмж ирэхээр нь миний байрны зээлийг дарж өгөөрэй гээд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13,100,000 төгрөгийг чатын дагуу  Н.Гантөмөрийн дансанд шилжүүлсэн. Ч.Гантөмөрийн хувьд 5 удаагийн гүйлгээгээр нийт 42,752,524 төгрөгийг залилуулсан, үүний 2 удаагийн гүйлгээ 22,382,000 төгрөгийг Ч.Гансувдад шилжүүлсэн дээрх мөнгө юм. Тухайн үед илгээмж ирээд хоёулаа баяжиж, ашигтай байх тухай ярьж шилжүүлсэн. Хэн нэгэндээ хүү төлөх, зээлэх талаар тохиролцоо хийгээгүй юм.

Гантөмөрөөс Ч.Гансувдын 5247119872 тоот дансанд буцаан 2022 оны 11 дүгээр 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг охин Ө.Гэрэлмаагийн данснаас, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг охин Ө.Оюунгэрэлийн данснаас, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг өөрийн данснаас, Renecell солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн 1,950,000 төгрөг өгсөн. 2022 оны 11 дүгээр сард Цагдаагийн газарт хандан залилуулсан гэдгээ мэдсэн ч дээрх байдлаар тэтгэврийн зээл авах болон хүүхдүүдээсээ мөнгө гуйж Ч.Гансувдыг хохиролгүй болгосон Иймд Ч.Гансувдын нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 1.432.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулна  гэж маргаан үүсгэжээ.

2. Нэхэмжлэгч Ч.Гансувд  нь 22,382,000 төгрөгийг хариуцагч Н.Гантөмөрт шилжүүлэхийн тулд өөрийн автомашин барьцаалсан зээл болон өөрийн эцэг Т.Чойжилсүрэнгийн тэтгэврийн зээлийг авч 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13,100,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 8,800,000 төгрөг, мөн өдөр 482,000 төгрөг, нийт 22,382,000 төгрөгийг хариуцагч Н.Гантөмөрийн ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Бэрс финанс ББСБ ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Чойжилсүрэнгийн ХААН банк ХХК-тай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээ болон ХААН банк ХХК-ийн дансны хуулгуудаар нотлогдон тогтоогдсон, зохигчид энэ асуудлаар маргаангүй байна./хавтаст хэргийн 29-36, 41, 42, 75 дугаар талууд/

3. Хариуцагч Н.Гантөмөр нь  нэхэмжлэгч Ч.Гансувдад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн өгсөн ба зохигчид энэ асуудлаар мөн маргаангүй  байна. /хавтаст хэргийн 76-79 дүгээр тал/

4. Нэхэмжлэгч Ч.Гансувд нь   гадаад улс руу мөнгө шилжүүлээгүй харин  нийт 22, 382, 000 төгрөгийг  хариуцагч Н.Гантөмөрийн дансанд шилжүүлэхдээ  илгээмж нь ирэхээр буцаан өсгөж  хүүгийн хамт төлж барагдуулна гэж  харилцан тохиролцсон  байдлаас үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын  хооронд   амаар байгуулагдсан  зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж  эрх зүйн харилцаанд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

 Гэтэл  нэхэмжлэгч Ч.Гансувд,  хариуцагч Н.Гантөмөр нар нь  зээлдүүлсэн гэх мөнгөө хэзээ буцаан өгөх болон үндсэн зээлээс хүү, алдангийг хэрхэн  тооцож тогтоох талаар харилцан тохиролцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй,    хэдий ч хариуцагч Н.Гантөмөр нь зээлж авсан 22, 382, 000 төгрөгийн    19,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Ч.Гансувдад буцаан өгсөн байх тул хариуцагч Н.Гантөмөрөөс зээлийн гэрээний үүрэгт 3,382,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гансувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,197,605 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”., 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж  заасны  дагуу зохигч талуудын амаар байгуулсан зээлийн гэрээний  харилцаанд  хүү тооцох эрхээ алдаж байх тул шүүх зээлдүүлэгчийн мөнгөн зээлийг бүрэн гаргаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7. нэхэмжлэгч Ч.Гансувд нь хариуцагч Н.Гантөмөрөөс худалдан авсан   гоо сайхны барааны үнийн 1,950,000 төгрөгийг  бүрэн төлсөн гэх  тайлбарт   хариуцагч тал  маргаагүй тул  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцоогүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж , шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Гансувд түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарын “... Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн  222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдолд нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна “ гэж зааснаар хохирлын 12 083 814 төгрөгийг гаргуулна гэж ...” гомдол, тайлбар гаргасан  ба  Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу үзэхэд  үүрэг гүйцэтгэгчтэй  үүргийн гүйцэтгэлийн талаар  тодорхой хугацаа тохиролцсон  талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байгааг анхаараагүй, ямар хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй  байгаагаар илэрхийлэгдсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

8. Давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 131/ШШ2023/00707 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Гансувдын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар нэхэмжлэгчийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233940 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ