Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

            

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг Хануй Хунуйн бэлчир гэх газар оршин суух, Зээрэмбэ овогт Нямдаваагийн Эрдэнэчимэг /РД:АК66122804/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгд элд 1982 оны 1-р сараас 1990 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд:

             нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хандсүрэн,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            

Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оны 1-р сараас 1990 оныг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хандсүрэн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Н.Эрдэнэчимэг нь 1966 онд төрсөн. 1982 оны 1-р сараас 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд ажилласан. Нэгдэл тарах үед хөдөлмөрийн дэвтрээ аваагүй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Н.Эрдэнэчимэг нь 1982 оны 1-р сараас ээждээ туслан сааль сааж байсан учир цалин нь ээж дээр нь бичигдэж байсан. Н.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдлын талаар 1982 оны 1-р сараар 12-р сарыг хүртэлх хугацааны баримт олдохгүй байгаа тул Н.Эрдэнэчимэгийн 1982 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж байна.

Н.Эрдэнэчимэг нь 1992 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан бөгөөд улсаас өгч байгаа 10 жилийг авсан учир 1990 оноос өмнөх ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

            

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан эрхийнхээ хүрээнд Н.Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.

                Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

             1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,

             2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

             - Н.Эрдэнэчимэгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд ажиллаж байсан үеийн 1982 оны 12, 1983 оны 5, 1984 оны 6, 8-9, 1985 оны 4-6, 8-12, 1987 оны 1, 4-6, 1988 оны 1, 3 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

              - Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 4-р сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

             - Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 2-р сарын 1-ний өдрийн “Шагнах тухай” тогтоолын хуулбар,

             3. Н.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдлын талаар

             гэрч Т.Амгаланбаатарын өгсөн ... Н.Эрдэнэчимэг нь 1982 онд Архангай аймгийн Хайрхан сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Цагаач гэдэг хүний фирмд нэгдэл тарах хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Би Н.Эрдэнэчимэгтэй хамт дунд сургуульд сурч байсан мөн “Хамтын зориг” нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ... гэх мэдүүлэг. 

             Нэхэмжлэгч тал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргахдаа ямар мэргэжлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаар тусгайлан хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино. 

             Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зээрэмбэ овгийн Нямдаваагийн Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ