Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/45

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн, 

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1938000100016 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.П-тэй хэрүүл маргаан хийж, улмаар толгойн тус газарт нь гараар цохих, боох, үүдний довжоо мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.П-тэй хэрүүл маргаан хийж, улмаар толгойн тус газарт нь гараар цохих, боох, үүдний довжоо мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед бид нар газар нутаг, малын бэлчээрийн асуудалтай байсан учраас хоорондоо маргалдаад ийм асуудал гаргачихсан юм. ...би тэр үед П-н нүүрний зүүн хэсэгт хоёр удаа алгадаад, чирээд гэрээс гаргаж байгаад довжоо мөргүүлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Б-н гэрт ортол хэрүүл маргаан үүсээд байж байтал Д гуай газарт сууж байснаа гэнэт босч ирээд баруун гараараа миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохиод татаж газарт унагаад хоолойноос боогоод газар мөргүүлж, чирээд гадагш гаргаж гэрийнхээ үүд хэсгийн довжоог хоёр удаа мөргүүлсэн. Д гуай намайг цохиж зодож байх үедээ ‘’чамайг алчихъя, чамайг алчихсан байхад надад хууль үйлчлэхгүй шүү’’ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18 дугаар хуудас/,

  Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...тэгтэл удалгүй П манай гэрт ирээд хэрүүл маргаан үүсгэж байтал манай дүү Д босч ирээд П-г алгадаж аваад чирээд гэрээс гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

  Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-н гэрийн гадаа хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь автомашинтайгаа очиход Д гэдэг хүн зүс таних эмэгтэйтэй маргалдаад байж байсан. Тэр маргалдаж байсан зүс таних эмэгтэй хүний нүүрэн тус газар цустай, үс нь өвс, ноос болчихсон харагдаж байсан. ...машин дотор замдаа явж байхдаа Д намайг зодчихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаартай:

  1. Б.П-н биед баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, баруун хацар, баруун мөр, баруун бугалганы гадна доод хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор гол хэсгийн салст, зүүн хэсгийн салст, доод уруулын дотор гол хэсгийн салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Б.П-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1938000100016 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.Д-с хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938000100016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Хохирогч Б.П нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Д-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн 1938000100016 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НЯМСҮРЭН