Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00039

 

 

Х.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 144/ШШ2023/00125 дугаар шийдвэртэй,

Х.*******ын нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, техник, механикийн албаны усны насосчин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн, Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Итгэмжлүүлэгч Х.******* нь ******* ХК-д насаараа 26 жил ажил хөдөлмөр хийж энэ байгууллагад хөдөлмөр хөлсөө үнэлүүлж хөдөлмөр хөлсөө авч хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл ажиллаж ирсэн компанийн ахмад ажилтнуудын нэг. Тухайн иргэн ажил үүргээ гүйцэтгээд өглөө ажилдаа ирсэн ба ажилдаа ирэхэд байгууллагынх нь ажилтан ажлын нарядаа алга болголоо гэх зүйлээр шалтгаалан түүнийг хэл амаар доромжлон, мэргэжлээс шалтгаалан өвчтэй болсон сохор, дүлий гэхчлэн хашхичиж, нэр төрийг нь гутаан доромжилсноос улбаалан уур нь хүрч түүнтэй маргалдан цохиж авсан байдаг.

Энэ байдлыг тухайн үед захирал байсан Ж.Доржсүрэн нь мэдэж, түүнийг дуудаад ...чи ажлаасаа гар, чамайг ажиллуулахгүй, өөрийн хүсэлтээр өргөдлөө өг гэх шаардлагыг тавьсан байгаа. Тухайн үед Х.******* нь ...би цалингийн өр зээлтэй, шууд ажлаас халагдах надад хэцүү байна, тийм учраас өөр төрлийн арга хэмжээг авч өгнө үү гэдэг байдлыг ажил олгогчдоо хэлж гуйж, ярьсан байдаг. Ж.Доржсүрэнгийн зүгээс бол ...үгүй ээ, таныг ажлаас халлаа гэдгийг аман байдлаар буюу тухайн өдөр ажлаас халагдсан гэдгийг тэр өдөр хэлсэн байгаа. Ажлаас халлаа гэдэг сахилгын шийтгэл оногдуулснаа Ж.Доржсүрэн дарга хэлсэн байдаг. Тухайн үед арга мухардаад ажлаасаа халагдах нь тодорхой болсон юм байна гээд гэр бүлийн хүндээ очиж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Хишигдэлгэр гэх хүн бол Х.*******ын гэр бүлийн хүн байгаа. Хишигдэлгэрт очоод ийм нөхцөл байдал боллоо, би ажлаасаа халагдчихлаа, яах вэ гээд учир байдлаа хэлдэг. 11 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед Х.*******ыг дагуулаад Ж.Доржсүрэн даргатай уулзсан байдаг. Ж.Доржсүрэн даргатай ямар байдлаар уулзсан гэхээр ...Х.*******т өөр төрлийн шат дараалсан арга хэмжээг аваад өгөөч, бид амьдрал ахуйн хувьд хүнд байна, энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд өөр төрлийн сахилгын арга хэмжээ оногдуулж өгнө үү гэж ярьсан байдаг. Ж.Доржсүрэн даргын хувьд бол ямар ч арга байхгүй, өргөдлөө өг, ажлаас халах шийдвэр гарсан гэдгийг Хишигдэлгэрт хэлсээр байсан тул арга буюу түүний шахалт дарамт дор Х.******* нь өргөдлөө бичиж өгсөн байдаг. Компанийн удирдлага өргөдлийг нь бичүүлж аваад түүнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг гардуулан өгсөн байдаг.

Нэхэмжлэгч Х.******* нь бусдын шахалт дарамтаар аргагүйн эрхэнд өргөдлөө бичиж өгсөн учир зөрчигдсөн эрхээ шүүхийн байгууллагаар сэргээлгэн тогтоолгох нь зөв гэж үзээд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүх хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба татгалзсан захирамжийн дагуу холбогдох газруудад гомдол гаргасан боловч Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаагийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1-175 тоот тодорхойлолт. Өмнөговь аймаг ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192 тоотоор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох талаар тус тус хариу өгсөн. Тушаалыг маргах гол эрх зүйн үндэслэл нь хэдийгээр дээрх болсон нөхцөл байдлаас Х.*******ыг ******* ХК-ийн захирал Ж.Доржсүрэн нь байгууллагын болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу ажил олгогч өөрийнхөө санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах байсан боловч цуцлаагүй харагдана. Гэтэл өөрийн эрх мэдэл давуу байдлаараа бусдыг шахаж, хүсээгүй үйлдлийг нь хийлгүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хүчээр, дарамт шахалт дор цуцлуулахаар өргөдөл бичүүлж аван тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулахтай холбогдуулаад өмнө ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, улмаар ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодруулан хэлбэл тушаал гарсан өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тооцогдоно. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тухайн мөнгөн дүнг тооцож гаргасан байдаг. Дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджийг бодож, ажлын 1 хоногийн цалинг гаргаад, тухайн ажилгүй байсан хугацааны цалинг бодож тооцоолон гаргасан байгаа. 2022 оны 09 сард 1 006 720 төгрөгийн, 10 сард 1 712 000 төгрөгийн, 11 сард 1 908 364 төгрөгийн цалин авч байсан. Ингээд 2022 оны 09 сард ажлын 22 хоног байгаа, 2022 оны 10 сард ажлын 21 хоног байгаа, 2022 оны 11 сард ажлын 21 хоног байдаг. Нийт сүүлийн 3 сард ажлын 64 хоногт энэ хүн 4 627 091 төгрөгийн цалин авсан байгаа. 4 627 091 төгрөгийг ажлын 64 хоногт хуваахаар 1 хоногийн ажлын хөлс 72 298 төгрөгөөр бодогдоно. 1 хоногийн ажлын хөлсийг ажлын 8 цагаар бодохоор 1 цагт 9 037 төгрөгийн үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байсан ба тушаал гарсан өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож бодохоор 127 хоног ажилгүй байсан байна. Ажилгүй байсан хугацааны 127 хоногийг 1 хоногийн цалин буюу 72 298 төгрөгөөр үржүүлэхэд 9 181 836 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* ХК-ийн Техник механикийн албаны усны насоссчин Х.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 06:30 минутын орчим ажилдаа гарахаар ирэхдээ зохион байгуулагч /тухайн үед ресейпшин нэршилтэй байсан/ Т.Оюун-Ундрахыг ажлын байр дээр зодож танхайрсан байдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4-д 'ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан этгээдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах хуулийн зохицуулалттай. Хөдөлмөрийн гэрээний 6.2-т Дараах тохиолдолд ажилтны гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: 6.2.6-д Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц... гэж заасан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарах тул хөдөлмөрийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон ба Х.******* нь уг үйлдлээ ухамсарлан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/183 дугаар тушаалаар тус компанийн Техник механикийн албаны усны насоссчин ажилтай Х.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...эрх мэдэл, давуу байдлаараа бусдыг шахаж, хүсээгүй үйлдлийг нь хийлгүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хүчээр, дарамт шахалтан дор цуцлуулахаар өргөдөл бичүүлж аван тушаал гаргасан... гэж тайлбарласан ба ******* ХК-ийн удирдлагын зүгээс Х.*******т хүчээр ажлаа өгөхийг тулган шаардсан, ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа үйлдэл гаргаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ үндэслэл болгож буй тайлбар нь үндэслэлгүй болно. Х.******* нь өргөдөл өгөх болсон шалтгаан нь тухайн үед компанийн Гүйцэтгэх захирал байсан Ж.Доржсүрэн усны насосчин Х.*******ыг дуудаж уулзахад ...уурандаа зодсон, цаашид компанидаа ажиллах сонирхолтой байгаа тул ажлаас халахаас бусад арга хэмжээ авч өгнө үү... гэх хүсэлтийг аман байдлаар гаргасан ч холбогдох хууль, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй учир ажил олгогч хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэр гаргах талаар танилцуулсан. Х.******* нь хийсэн үйлдлээ ойлгож буйгаа дурдаад тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэнд компанийн удирдлагаас тус байгууллагад 29 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, өргөдлийн дагуу өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн байдаг. ******* ХК-ийн удирдлагаас нэхэмжлэгч Х.*******ыг алдаа зөрчил гаргасан боловч олон жил байгууллагад ажилласан зэргийг хүндэтгэн үзэж гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байхад эргээд ажил олгогчийг нотлох баримт, үндэслэлгүйгээр буруутган нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... хандах эрхтэй: гээд 154.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэл, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйл 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, техник, механикийн албаны усны насосчин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн. Гэтэл 00125 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дээрх хуулийн шаардлагын хэмжээнд хууль зүйн дүгнэлтээ бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Энэхүү шүүхийн хууль зүйн дүгнэлтэд нэхэмжлэгч миний шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлсэн гэрч Ц.Хишигдэлгэрийг шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн тайлбар гаргуулсан үйл баримт болоод түүний шүүхэд гаргасан тайлбарыг ажил олгогчоос үзүүлсэн. Шахалт дарамт зүй бус нөлөөллөөс ажилтан өргөдөл гаргасан гэж үзэхээргүй байна гэсэн боловч нэхэмжлэгч талаас гаргасан гэрчийн мэдүүлэг тайлбарыг хариуцагч талаас хэрхэн няцаасан талаар дурдаагүй, зөвхөн тэдний шүүхэд гаргасан тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч талаас үгүйсгэсэн няцаасан ямар ч нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй байгаа, иргэний хэрэгт хэргийн зохигч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн бүхий л нотлох баримтуудыг үнэлээгүй. Ер нь яагаад үнэлээгүй талаар болон нэхэмжлэлд хамааралтай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй болжээ.

Нэхэмжлэгч Х.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ гол үндэслэл шаардлагыг ажил олгогчийн дарамт шахалтаар аргагүйн эрхэнд өргөдлөө өг гэх зүйлээр өөрийн хүсэл зоригоор өргөдлөө бичээгүй харин бусдын шахалт дарамтан дор өргөдөл өгсөн гэсэн үйл баримтад шүүхээс хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн эсэхэд эрх зүйн бодит дүгнэлт өгч чадаагүй. Мөн ажилтны хүсэл зоригоос гадуур ажил олгогчийн хүсэл зоригийн хүрээнд өргөдөл гаргасан гэдгийг нотолсон няцаасан баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч нарын шүүх хуралдаан дээр өөрөө өргөдлөө бичиж өгсөн гэх худлаа гүтгэлгийн чанартай тайлбарыг гаргасныг шүүхээс хариуцагчийн дан ганц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарыг үнэлсэн, тайлбар нь хэрэгт бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй байгааг анхааран үзээгүй.

Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гаргаагүй талаар: Гомдлын нэг дэх хэсэгт заасан шийдвэр хууль ёсны шаардлага хангаагүй нь энэхүү гол үндэслэл холбогдоно. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүгчээс дурдаж шинжлэн судалсан ба миний гарган өгсөн нотлох баримтыг шүүхээс шинжлэн судалсан боловч хариуцагч талаас няцаалт хийж тайлбар гаргасан нь өөр бусад баримтаар нотолсон эсэхэд эрх зүйн ямар ч бодитой дүгнэлт хийгээгүй.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Шүүхэд гарган өгсөн захирамжийн үндэслэсэн хуулийн заалтуудад шүүх эрх зүйн үндэслэлтэй болоод захирамж хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй. Гол нь ажил олгогчоос гаргасан захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг...цуцлах гэх заалтыг барьсан нь бодит нөхцөл байдал дээр буюу Х.*******ыг өргөдлөө сайн дурын үндсэн дээр өгсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3 дахь хэсгийг удирдлага болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ..Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Гэтэл энэхүү заалтын хүрээнд ажил олгогч Таван толгой ХК нь ажилтан Х.*******т сахилгын шийтгэл ногдуулахаасаа өмнө түүнд мэдэгдээгүй, тайлбар ч аваагүй талаараа шүүх хуралдаанд маргаж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас хуулийн энэхүү заалтын хүрээнд ажилтан Х.*******т мэдэгдсэн эсэх талаар нотолсон баримтыг шүүхэд гарган өгөөгүй байхад шүүх энэ талаар маргаж мэтгэлцсэн үйл баримтад хууль зүйн бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байх тул гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 125 дугаар шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ямар ямар нөхцөл байдлыг тусгах, ямар дүгнэлт талаарх ерөнхий шаардлага болон зарчмыг хуульчилсан байдаг. Шүүхийн шийдвэр нь уг шийдвэрийг биелүүлж байгаа хүнд ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн бичгийн нотлох баримтыг шүүх хэрхэн яаж, дүгнэсэн талаараа үндэс бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр дээр хоёр талын тайлбарыг дурдсан байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг тусгасан байгаа. Хууль зүйн дүгнэлт өгөхдөө зөвхөн гэрч Хишигдэлгэрийн тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Хишигдэлгэрийг нэхэмжлэгч талын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр энэ өргөдлийг бичээд байна уу? хэн нэгэн тэр өргөдлийг нь бичиж өгсөн үү гэдгийг нотлох гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрч Хишигдэлгэрийн зүгээс нөхөр гэртээ ирээд ажлаасаа халагдана, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлана, өнөөдрөөс хойш ажлаа хийхгүй. Тийм учраас өргөдлөө өгөөд гар гэж хэлсэн, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёулаа очиж уулзая гэсэн тэгэхэд өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулах боломж байгаа болов уу? хэрвээ өөр төрлийн сахилгын шийтгэл байдаг бол халагдахгүй баймаар байна гэсэн гэж анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг. Хүний эрх чөлөөнд халдсан үйлдлийг нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүн дээр маргадаггүй. Эвийн журмааар өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулах боломжтой эсэх талаар асуухаар захирлынхаа өрөөнд очиход өргөдлөө өгөөд гар гэдэг зүйлийг хэлсэн гэж гэрч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Х.*******ын зүгээс аргагүйн эрхэнд даргынхаа хэлсний дагуу өргөдлөө бичиж өгсөн гэж гэрч мэдүүлсээр байхад энэ гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Гэрч нь Х.*******тай хамаарал бүхий этгээд учраас үнэлээгүй гэсэн зүйлийг дурдсан байдаг. Гэрчийн мэдүүлгийг үнэлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэдгийг бодитойгоор, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Өргөдөл бич гэсэн 2 хүний хооронд болсон асуудлыг эхнэртээ очиж хэлсэн, яах аргагүй өргөдлөө бичиж өг гэсэн гэх хамгийн гол нотлох баримтыг үнэлээгүйд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Ийм учраас, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Хууль буруу хэрэглэсэн гэдгийг нэхэмжлэлийг бүрэн хангах, Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох зүйл заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй учраас хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Мөн шүүхээс ******* ХК-ийн зүгээс үндэслэл бүхий тушаал гаргаж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцласан эсэх үнэлж, дүгнэх ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ тушаалын талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу нотлох баримт, гэрч Хишигдэлгэрийн мэдүүлгийг үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын зүгээс Х.*******тай уулзаж, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн зүгээс цуцлах гэж байгаа талаараа тайлбарлаж, танилцуулсан. Тушаал гарахаас өмнө Х.******* нь өөрөө хүсэлтээ өгсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу тушаалаа гаргасан гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* нь ******* ХК-д хамтран ажилладаг Оюун-Ундрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Х.******* нь цагдаагийн байгууллагад шалгуулсны үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Х.*******ыг Оюун-Ундрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, 500 000 төгрөгөөр торгосон байдаг. Нэхэмжлэгч Х.******* нь ******* ХК-д ажиллаж байхдаа хамт олны уур амьсгал эвдсэн буюу ажлын байран дээр хүчирхийлэл үйлдсэн асуудал яригддаг. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогддог. Байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Доржсүрэнгийн хувьд Х.*******тай уулзалт хийж, таны гаргасан үйлдэл ёс зүйн зөрчилтэй холбогдох асуудал байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд цуцлах буюу шууд халах үндэслэл болж байна. Таныг энэ байгууллагад олон жил ажилласны чинь төлөө цаашдаа өөр ажилд ороход чинь ёс зүйн зөрчил үйлдэж, ажил олгогчийн санаачилгаар халагдсан гэх нөхцөл байдал бүрдэх гээд байна гэж тайлбарлаж хэлсэний үндсэн дээр Х.******* миний зүгээс өөрийн хүсэлтээр ажлаасаа гармаар байна. Миний хүсэлтийг хүлээж аваач гэж хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон ийм нөхцөл байдал үүссэн гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлээгүй вэ, энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан баримт гэж тайлбарлаж байна. Х.*******ын хувьд тухайн байгууллагад удаан хугацаанд ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох хэмжээний алдаа, дутагдал гаргасан. Гэхдээ энэ хүний байгууллагад олон жил ажилласан нөхцөл байдал хөдөлмөрийг нь үнэлсэн. Энэ бол төрийн байгууллага. Төрийн байгуулагад ажиллаж байж ийм ёс зүйн зөрчил гаргасан учраас зохих арга хэмжээ авна гэдгээ тайлбарлаж хэлсэн. Энэ асуудлыг үндэслэлгүй өөрийн хүсэлтийг нь үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлээгүй вэ гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Х.******* нь гэртээ очоод энэ талаар эхнэртээ хэлсэн гэж тайлбарлаж байна. Тухайн үйл явдал болоход хажууд нь байсан хүн биш буюу дамжмал нотлох баримт. Энэ нь нотолгооны чанараа алдсан. Х.******* өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тэр хүсэл зоригийн илэрхийлэл Оюун-Ундрахаас гарна гэсэн үг. Х.******* гэсэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол яригдаж байгаа энэ асуудал дээр Х.******* гэх хүний хүсэл зоригоор түүний эхнэр гэрчийн мэдүүлэг өгч байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн зарчмын дагуу шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Х.******* нь ******* ХК-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, техник, механикийн албаны усны насосчин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Х.******* нь 1997 оноос эхлэн ******* ХК-д ажилласан үйл баримт талуудын тайлбараар нотлогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй байна. Улмаар гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот тушаалаар техник, механикийн албаны усны насос ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн үйл ажиллагааны журмын 1-р бүлэг, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.3.1 дэх хэсэг, Х.*******ын гаргасан өргөдөл зэргийг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тухай дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт /хх-44/ гаргаж, хариуцагч тал уг тушаалыг /хх-102 дугаар талд/ ирүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс Б/183 тоот тушаалд хууль зүйн дүгнэлт өгч, маргааныг хянан шийдвэрлэнэ.     

5. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот тушаалаар Компанийн үйл ажиллагааны журмын 1-р бүлэг, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байх ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-109/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Доржсүрэн ... компани 2021 онд мөрдөгдөж байгаа нийт журмыг эмхэтгэл болгож гаргасан байгаа. Энэ нь бүх журмуудыг оруулаад эмхэтгэлийг компанийн үйл ажиллагааны журам гэж нэрлээд байгаа. Дотроо 10 гаруй бүлэгтэй. Үүний 1-р бүлэгт Хөдөлмөрийн дотоод журам хамаарч байгаа. Тэгэхээр үндэслэл нь компанийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр бүлэгт хамаарч байгаа гэсэн үг гэсэн тайлбар гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 114.3.1-т Компанийн орон нутгийн өмч, хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хэрэгжүүлэгч ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал удирдана. Компанийн бүтэц, цалингийн санг ТУЗ-өөс баталж өгнө/хх-86/ гэж зааснаас үзвэл маргаан бүхий тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хуулийн үндэслэлийг ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалынхаа үндэслэл болгожээ.  

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн ажил олгогч 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх ******* ХК-д холбогдох, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/183 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, техник, механикийн албаны усны насосчин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ажилтны өргөдөл гаргахад ажил олгогчоос зүй бус нөлөөлөл, шахалт шаардлага тавьсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нотлох баримт үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 144/ШШ2023/00125 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ