Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 385

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОТ61042091 регистртэй, Шаавай овогт Төмөрийн Пүрвээгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Т.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилд орж 1979 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Улмаар 1982 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Хархираа” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд аймгийн архивын газраас холбогдох тушаал шүүлгэж авсан, харин цалингийн тодорхойлолт гараагүй болно. Иймд миний 1978 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Пүрвээ нь 1978 оны 1 дүгээр сараас 1979 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1982 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Хархираа” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9 тоот “Шагнах тухай” тушаалын хавсралтад “Т.Пүрвээ хоргой эмжээр, 30 төгрөг” гэж бичигджээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

3. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... хавсралтад заасан нэр бүхий ажилчдын 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж компаниудын мэдэлд шилжүүлсүгэй гээд  хавсралтын 13-рт “Төмөрийн Пүрвээ тракторчин” гэжээ,

4. Увс аймгийн “Хархираа” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “...19992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай гээд хавсралтын 97-рт Төмөрийн Пүрвээ тракторчин гэж бичигджээ,

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “Хархираа” ХК нь 1992 оны 4 дүгээр сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

6. Төмөрийн Пүрвээгийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

7. Гэрч Ц.Цэдэвсүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1985 оноос Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд нягтлан бодогч, тоо бүртгэгчээр 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос “Хархираа” коипани болоход үргэлжлүүлэн 1998 он хүртэл ажиллаж байсан. Намайг 1985 онд ажилд ороход Т.Пүрвээ тэнд тракторчнаар ажилаж байсан бөгөөд Хархираагийн Тэжээлийн аж ахуй, “Хархираа” компанид тус тус 1994 оныг дуустал бид хамт ажилласан. Би Т.Пүрвээг ажилд орсон цагаасаа эхлэн таних бөгөөд бид нэг байгууллагад 10-аад жил хамт ажиллаж байсан мөн би байгууллагын ажилчдын цалин хөлсийг боддог байсан учраас Т.Пүрвээг сайн таньж мэдэх юм. Тухайн үед Хархираагийн Тэжээлийн аж ахуйд болон “Хархираа” компанийн даргаар Н.Юнгэр, О.Лхагва, Самбуу, Махмин, Ганбаатар гэх хүмүүс ажиллаж байсан юм ” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Жаргалжавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд трактор-комбайнчаар 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос “Хархираа” коипани болоход үргэлжлүүлэн 2000 он хүртэл, 2000 оноос “Алтан дуулга” ХК-д трактор-комбайнчаар тус тус өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг 1982 онд ажилд ороход Т.Пүрвээ тэнд тракторчнаар ажилаж байсан бөгөөд Хархираагийн Тэжээлийн аж ахуй, “Хархираа” компанид тус тус 1994 оныг дуустал ажилласан. Би Т.Пүрвээг ажилд орсон цагаас эхлэн таних бөгөөд бид нэг байгууллагад 13 жил хамт ажиллаж байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ц.Цэдэвсүрэн, Ж.Жаргалжав нарын Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-нд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

       Нэхэмжлэгч Т.Пүрвээ нь 1978 оны 1 дүгээр сараас 1979 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1982 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Хархираа” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9 тоот “Шагнах тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн “Хархираа” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “Хархираа” ХК нь 1992 оны 4 дүгээр сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, гэрч Ц.Цэдэвсүрэн, Ж.Жаргалжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Т.Пүрвээгийн хүсэлтийг хангаж, 1978 оны 1 дүгээр сараас 1979 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1 жил, 5 сар тракторчноор, 1982 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 9 жил, 5 сар, 15 хоног тракторчноор, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Хархираа” ХК-д 2 жил, 10 сар тракторчноор, нийт 13 жил, 8 сар, 15 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шаавай овогт Төмөрийн Пүрвээгийн 1978 оны 1 дүгээр сараас 1979 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1 /нэг/ жил, 5 /тав/ сар тракторчноор, 1982 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 9 /ес/ жил, 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоног тракторчноор, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Хархираа” ХК-д 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар тракторчноор, нийт 13 /арван гурав/ жил, 8 /найм/ сар, 15 /арван тав/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР