Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 386

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат, Ойчид 1 дүгээр гудамжны 6-01 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОО61032077 регистртэй, Галзад овогт Сүрэнгийн Чулууны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С.Чулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 19 настайгаасаа буюу 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчинаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-д тракторчинаар тус тус ажиллаж байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэхэд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-д тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Чулуун нь миний нөхөр бөгөөд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь шүүх хуралдаанд оролцож байна. С.Чулуун нь 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Одоо түүний нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэхэд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Иймд С.Чулууны 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-д тракторчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч С.Чулуун нь 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл  Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-нд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйгаас 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдөр С.Чулуунд нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Сүрэнгийн Чулууны Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

4. Увс аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Таван Тэс” ХК нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

5. Итгэмжлэл,

6. Гэрч Ж.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1977 оны 7 сараас 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос 1994 оны зун 8 сар хүртэл “Таван Тэс” ХК-д тасралтгүй тракторчноор ажиллаж байсан. С.Чулуун 1980 оноос манай Тэжээлийн аж ахуйд тракторчнаар 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос “Таван Тэс” ХК болоход үргэлжлүүлэн 1994 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Манай байгууллага нь 5 бригад, 3 тусгай салаанаас бүрддэг, 120 гаруй ажилчинтай байлаа. Би тухайн үед хадлангийн 1 дүгээр бригадад, С.Чулуун хөх арал хадлангийн бригадад ажиллаж байсан юм. Бид хэдийгээр хоёр өөр бригадад харьяалагдаж байсан боловч нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Тэс сумын Тэжээлийн аж ахуй, “Таван Тэс” ХК-ийн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ч.Цэнд-Аюушийн шүүхэд өгсөн: “Би Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1976 оноос 1987 он хүртэл тракторчнаар ажиллаж байсан. С.Чулуун 1980 оноос манай Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилд орж намайг 1987 онд ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Манай байгууллага нь хадлан тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би тухайн үед хадлангийн 4 дүгээр бригад, С.Чулуун хөх арал хадлангийн бригадад ажиллаж байсан юм. Бид хэдийгээр хоёр өөр бригадад харьяалагдаж байсан боловч нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Гэндэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ч.Цэнд-Аюушийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

       Нэхэмжлэгч С.Чулуун нь 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл  Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-нд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйгаас 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдөр С.Чулуунд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал,  Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн С.Чулууны цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Таван Тэс” ХК нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, гэрч Ж.Гэндэн, Ч.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч С.Чулууны хүсэлтийг хангаж, 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 11 жил, 5 сар, 12 хоног тракторчноор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-нд 2 жил, 7 сар, 2 хоног тракторчноор, нийт 14 жил, 14 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Галзад овогт Сүрэнгийн Чулууны 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 11 /арьан нэг/ жил, 5 /тав/ сар, 12 /арван хоёр/ хоног тракторчноор, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Таван Тэс” ХК-нд 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сар, 2 /хоёр/ хоног тракторчноор, нийт 14 /арван дөрөв/ жил, 14 /арван дөрөв/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР