Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 389

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001018, регистрийн дугаар 5341469, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, Зуутраг овогт Санжийн Пүрэвжавд холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 34.681.843 төгрөг, зээлийн хүү 3.822.706,59 төгрөг, торгууль 15.878,70 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 22.000 төгрөг, нийт 38.542.428,29 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Санж овогтой Пүрэвжав нь 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 404062 тоот зээлийн гэрээ байгуулан 37.700.000 төгрөгийг 228 сарын хугацаатай, сарын 0.66 хувь, жилийн 8 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 404062 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 10 тоот 22.8 м.кв 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 11 тоот 34.4 м.кв 2 өрөө орон сууц тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34.681.843 төгрөг, зээлийн хүү 3.822.706,59 төгрөг, торгууль 15.878,70 төгрөг, нийт 38.520.428,29 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч С.Пүрэвжав нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул зээл, зээлийн хүүгийн төлбөрт 38.520.428,29 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 22.000 төгрөг, нийт 38.542.428,29 төгрөгийг С.Пүрэвжаваас гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 404062 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 3 дугаар багийн иргэн С.Пүрэвжав миний бие Төрийн банкинд өөрийн амьдарч байгаа орон сууцны зээлтэй. Тус зээлийг хугацаа хожимдуулсан учир нь би барилгын ажил эхлүүлж, хамтран ажилласан хүний буруутай үйлдлээс болж байрны ордер гарахгүй хугацаа алдаад байна. Олон сар явсны эцэст өнөөдөр Үл хөдлөх дээр ордер гарахаар болж, мөн Хаан банкнаас анхны зээл гарахаар бэлэн болоод байна. Ийм учраас би Төрийн банкинд хугацаа хэтрүүлсэн мөнгөө төлж, бусад мөнгийг дахин хугацаа хэтрүүлэхгүй цаг хугацаанд нь төлж байх болно. Мөн Төрийн банк миний охины нэр дээр 1 байрны зээл гаргаж өгөхөөр судалж байгаа. Миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Төрийн банкны хугацаа хэтэрсэн мөнгийг 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барагдуулаад, үлдэгдэл мөнгийг нь гарфикын дагуу төлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч С.Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 34.681.843 төгрөг, зээлийн хүү 3.822.706,59 төгрөг, торгууль 15.878,70 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 22.000 төгрөг, нийт 38.542.428,29 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч С.Пүрэвжав нь Орон сууц санхүүжилтийн корпорациас 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр №404062 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 37.700.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 228 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 10 тоот 22.8 м.кв 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 11 тоот 34.4 м.кв 2 өрөө орон сууц тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

       2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэлд 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 404062 тоот зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 404062 тоот барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон ОССК ХХК-аас Төрийн банкинд шилжүүлснийг мэдэгдэж хариуцагч С.Пүрэвжав гарын үсэг зуран мэдэгдлийг хүлээн авчээ.

        Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

      Зээлийн гэрээний хугацаа 2031 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 34.681.843 төгрөг, зээлийн хүү 3.822.706,59 төгрөг, торгууль 15.878,70 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 22.000 төгрөг, нийт 38.542.428,29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

     Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн  174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжавын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003343, гэрчилгээний дугаар 000141915 дугаартай,  22.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц /2 хүний буюу Санжийн Пүрэвжав, Сайндайгийн Батзаяа/, 2. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 11 тоотод байрлах Ү-1520003342, гэрчилгээний дугаар 000141914 дугаартай, 34.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2 хүний өмч буюу Санжийн Пүрэвжав, Сайндайгийн Батзаяа/ зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

        Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 889 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 350.662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Зуутраг овогт Санжийн Пүрэвжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 34.681.843 төгрөг, зээлийн хүү 3.822.706,59 төгрөг, торгууль 15.878,70 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 22.000 төгрөг, нийт 38.542.428,29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

     2. Иргэний хуулийн  174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжавын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003343, гэрчилгээний дугаар 000141915 дугаартай,  22.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц /2 хүний өмч буюу Санжийн Пүрэвжав, Сайндайгийн Батзаяа/, 2. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 11 тоотод байрлах Ү-1520003342, гэрчилгээний дугаар 000141914 дугаартай, 34.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2 хүний өмч буюу Санжийн Пүрэвжав, Сайндайгийн Батзаяа/ зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

         3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 889 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг  баталгаажуулах тухай” захирамжийг хэвээр үлдээсүгэй.

       4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 350.662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан  өдрөөс  хойш  14  хоногийн  дотор  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР