Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 118

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Э.Энхбат, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04108 1344 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А.Б, Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар..., урьд:

 - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 276 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 5 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух Г.Х-ийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, “Sharp” загварын 39 инчийн зурагтыг хулгайлан 406,740 төгрөгийн хохирол учруулсан;

- 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ...тоотод оршин суух Ч.А-гийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины амаржин төмрөөр хөшин эвдэж орж, бэлэн 520,000 төгрөгийг хулгайлан авч бусдад нийт 926,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б овогт А.Б нь:

- 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух Г.Х-ийн байшингийн цонхны салхивчаар сэм нэвтрэн орж, 406,740 төгрөгийн үнэлгээ бүхий 39 инч хэмжээтэй “Sharp” загварын хавтгай зурагтыг нууцаар авч явсан,

- 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух Ч.А-гийн монгол гэрийн хаалганы цоожийг хашаанд нь байсан автомашины амаржин төмрөөр хөшиж эвдлэн сэм нэвтрэн орж, бэлэн 520,000 төгрөгийг нууцаар авч явж, бусдад нийт 926,740 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 7 цаг өнгөрөөд ажилдаа гарсан ба манай хоёр хүүхэд гэртээ үлдээд 14 цагийн үед тоглох гээд гэрээ түгжиж гараад 16 цагийн үед буцаж ирэхэд вакум цонхыг түлхээд гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 39 инчийн Sharp брэндийн LCD зурагт алга болсон. Алдагдсан зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлнэ. ...надад одоо ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй. Хохирлын үнэлгээний дагуу 407,000 төгрөгийг бүрэн авсан. Вакум цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-76 дугаар хуудас);

3. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-06 тоотод амьдардаг бөгөөд манай охин Н хөдөө явчихсан, хүргэн хоёр хүүхэдтэйгээ байсан. Намайг  гэртээ байж байтал 17 цагийн үед хоёр зээ орж ирээд “гэрт хулгай ороод зурагт авчихсан байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгөөд хүргэний гэр лүү очиход байшингийнх нь урд цонх онгорхой байсан бөгөөд дотор нь ороход зочны өрөөний хананд өлгөөтэй байсан зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 дугаар хуудас);

4. Дамно ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “39 инч хэмжээтэй Sharp брэндийн LCD зурагтыг 406,740 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 85-86 дугаар хуудас);

5. Шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн: “....доош уруудаад явж байтал 47 дугаар гудамжинд байх ногоон өнгийн хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд би урагшаа харсан байрлалтай вакум цонхыг гараараа түлхэж ороод 39 инчийн Sharp загварын зурагтыг аваад буцаж цонхоор гараад....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 дугаар хуудас);

6. Яллагдагч А.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 103, 136-137 дугаар хуудас);

7. Хохирогч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суудаг. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ цоожлоод явсан. Тэгээд 15 цагийн үед буцаж ирэхэд гэрт хулгай ороод бэлэн 520,000 төгрөг алдагдсан байсан. ...Хулгайч манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орсон байсан бөгөөд хаалганы эвдрэл гэмтэл гээд байх зүйлгүй. Миний хохирлын 520,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-39 дүгээр хуудас);

8. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-9 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...би банкнаас зээл авсан байсан тул мөнгө олох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Овоот гэх газар байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орсон. Тэгээд эд зүйл хайгаад байж байтал боодолтой мөнгө байхаар нь аваад гарсан...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас);

10. Яллагдагч А.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 134-136,137-138 дугаар хуудас);

11. Шүүгдэгч А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 123 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 117 дүгээр хуудас), урьд дөрвөн удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 105-112 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 39 инч хэмжээтэй Sharp загварын хавтгай зурагтыг 406,740 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн, мөн бэлнээр 520,000 төгрөг алдагдсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 926,740 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэргийг Ч.А-гийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, мөн Г.Х-ийн цонхны салхивчаар нэвтэрч үйлдсэн байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохын зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг хэсэг болох хууль тогтоогчийн хуульчилсан тайлбар ёсоор хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ч.А-гийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины амаржин төмрөөр хөшиж онгойлгосон нөхцөл байдал тогтоогдсон боловч уг төмрийг урьдчилж тусгайлан бэлтгээгүй байх бөгөөд хохирогчийн хашаанд байсан буюу тухайн үед гарт таарсан зүйлээр гэрийн цоожийг эвдэлсэн байх тул “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч А.Б-ийн хоёр удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч А.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч А.Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Х хохирлын 407,000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан, хохирогч Ч.А мөн хохирлын 520,000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан, цоожийг эвдэлж орсон боловч цоожны мөнгөө нэхэмжлэхгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийг журамлан урьд 379 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг буюу “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт нь шүүгдэгчид хамааралгүй гэж үзэж байна. Учир нь хуучин хуулиар хорих ял оногдуулж тэнссэн шийдвэрийг одоо биелүүлэх боломжгүй юм. Хувийн байдлын хувьд шүүгдэгч А.Б нь гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг, мөн зээлтэй байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал А.Б-д байхгүй. Иймд амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Б нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б-д хорих ялын дээд хэмжээний хоёрны нэг буюу дөрвөн жилээс хэтрүүлэхгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор “давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүх түүнийг таван жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Тэрээр энэхүү тогтоолоор 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн байх тул түүнийг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан” шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд уг зүйл, заалт нь хорихоос өөр төрлийн ялгүй болсны зэрэгцээ хорих ялын дээд хэмжээ нь найман жил болж гурван жилээр хүндэрсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 3 дахь хэсэгт зааснаар урьд шийтгүүлсэн хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах буюу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Б-д гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээ тэнссэн байх тул энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хамаарахгүй. Иймд уг хорих ялыг эдлүүлэх эсэх нь тухайн шийтгэх тогтоолоор хэрэглэсэн 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх тул өмгөөлөгчийн дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 8 дугаар сарын 13, 31-ний өдрүүдэд буюу шүүхээс тогтоосон тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж зааснаар түүнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, харин ял нэмж нэгтгэх шийдвэр гаргах үед буюу өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Шүүгдэгч А.Б нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт А.Б-ийгхулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А.Б-д Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр урьд шийтгүүлсэн 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 (таван) жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 5 (таван) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА