Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00277/И |
Дугаар | 401 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 401
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Холбооны хашаанд оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, ОЭ74032263 регистртэй, Элжигэн овогт Долгорсүрэнгийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж, нэхэмжлэгч Д.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээнд орж онош тогтоолгохоор 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн онгоцоор явсан. Улаанбаатар хотод ирээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлээд эмнэлэгт үзүүлж эхэлсэн. Улмаар бамбай булчирхайн онош гараад түүний дагуу нарийн шинжилгээ өгсөн. Гэтэл эсийн шинжилгээ 14 хоногийн дараа гарсан. Тэгээд шинжилгээний хариу бамбай булчирхай томорсон байна. Заавал хагалгаа хийх шаардлага байхгүй тул орон нутагтаа очоод эмчилгээ хийлгэж болно гэсэн. Би Улаанбаатар хот руу анх явахдаа “МЦХ” ХК-ийн Увс аймгийн Холбооны газрын дарга Б.Алтанчулуун гэх хүн байсан. Тухайн үед би даргад эмнэлэгийн өвчтөн илгээх хуудас болон 13А маягтыг үзүүлээд 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл чөлөөтэй буюу акт аваад явсан. Тэгээд миний актыг 2016 оны 3 дугаар сарын 23-нд нөхөр маань байгууллагын нягтланд оруулж өгөхөд намайг ажлаас халах талаар юу ч хэлээгүй байсан. Дараа нь үдээс хойш манай албан газрын туслах нягтлан н.Болормаа манай гэрт орж ирээд намайг ажлаас халсан тушаал өгөх гэсэн юм гэж нөхөрт маань хүлээлгэж өгөхөд нөхөр түүнийг аваагүй. Харин ажлаас халагдсан хүнд нь өг гээд буцаасан байсан. Тэгээд тэр өдөр нөхөр маань намайг ажлаас халагдсан талаар надад утасдаж хэлсэн. Тэгээд би 2016 оны 3 дугаар сарын 29-нд Увс аймагт ирээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би маркетинг сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээс халагдах тушаалаа авсан. Тэгээд би “МЦХ” ХК-ийн Увс аймгийн Холбооны газрын дарга Б.Батболтой уулзаад яагаад ажлаас халсан талаар тодруулж асуусан. Намайг эмчилгээнд явах үед байгууллагын дарга солигдоогүй байсан. Намайг явсаны дараа Б.Батболд дарга болсон юм байна лээ. Гэтэл дарга чөлөө зөвшөөрөл авахгүй ажил таслаж явсан гэж хэлсэн. Би дур мэдэн ажлын байраа орхиж явсан, ажлаа тасалсан асуудал огт байхгүй бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан тул “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Долгорсүрэн овогтой Ариунжаргалын тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчин ажлын байраа дур мэдэн орхиж өөрийн өргөдөл, хүсэлт, эмнэлгийн нотлох баримтаа тухайн үедээ хувилан өгөх боломж байсан ч ажил олгогчдоо хандаагүйн улмаас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Иргэн Д.Ариунжаргалтай холбоотой нотлох баримтыг дахин гаргаж өгөх болно. Иймд хариуцагч Увс Цахилгаан холбооны газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ариунжаргал нь байгууллагын дотоод журмын дагуу удирдах албан тушаалтанд чөлөө зөвшөөрөл авах талаар албан бичгээр өргөдөл гаргахгүйгээр Улаанбаатар хот руу явсан. Энэ нь байгууллагын дотоод журам зөрчиж байгаа учраас түүнийг ажлаас халсан. Өөрийн дураар ажил тасалсан гэх үндэслэлээр халагдаж байгаа. Эмнэлэгийн хуудас болон актаа явж ирээд байгууллагад өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболдын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь үйлчлэгч Д.Ариунжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “…хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу онош тогтоолгохоор эмчилгээнд явж 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл акттай байгаад Увс аймгийн Дун цагаан өрхийн эмнэлгээс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ¹0783355 тоот эмнэлгийн хуудас олгож үүний дагуу тэтгэмжээ авсан байна. Иймд Д.Ариунжаргал нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байгаа ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР