Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2023/00036

 

С.*******аагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2023/00433 дугаар шийдвэртэй

С.*******аагийн нэхэмжлэлтэй А.*******, Г.******* нарт холбогдох өөрийн өмчийн 330 толгой мал гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч С.*******аа, түүний өмгөөлөгч Э.******* /цахимаар/, хариуцагч Г.*******, А.*******, хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч С.*******аа, А.*******, Г.******* нарт холбогдуулан өөрийн өмчийн 330 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

...Миний дунд охин Г.******* өөрийн гурван хүүхдийн хамт аав ээж бид хоёртой ******* сумын *******ай багт амьдардаг байсан. Охин Г.*******ы том охин Б.******* 2008 онд Улиастай сумын 4-р сургуульд сурах болж би зээ охиноо харж асрахаар намар, өвөл, хавартаа Улиастай сум зээ Б.*******ын хамт амьдарч зундаа ******* сумын *******ай багт байх гэртээ очиж хэдэн малаа хардаг байсан. Намайг аймгийн төвд байх хугацаанд миний охин *******, түүний нөхөр А.******* /А.******* 2010 оноос хойш миний охин Г.*******тай хамт амьдрах болсон/ нар миний хэдэн малыг маллаж үлддэг байсан юм. Ингээд он жилүүд өнгөрсөөр би охиныхоо 4 хүүхдийг асарч хичээлийн улирлуудад аймгийн төвд амьдарсаар байсан. Гэтэл 2013 онд миний малыг А.******* өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гэдгийг би сүүлд мэдсэн. Гэхдээ тэр үед А.*******гоос шууд буцаан авах гээгүй юм. Учир нь А.******* мянгат малчин болох гээд яриад байхаар нь дэмжиж байгаа ухаантай мэдсэн даруйд малаа буцаан авъя гэж бол хэлээгүй юм. Тэгсэн 2018, 2019 оноос А.*******, Г.******* нар миний малаас зарж үрээд байсан тул 2020 онд би *******, ******* нараас малаа салгаж авсан юм. 2022 онд би өөрийн малын тоог он оноор архиваас гаргуулах авахад 2013 онд миний бод, бог нийлсэн 520 толгой малыг А.*******, Г.******* нар нэр дээрээ тоолуулсан байсныг олж мэдсэн. Би 2020 онд адуунаас бусад үхэр, хонь, ямаа нийлсэн 190 толгой малаа буцаан авсан. Үүнээс хойш А.*******, Г.******* нар нь миний малыг гүйцээж өгөхгүй намайг хохироосоор байна. Ингээд энэ хоёрыг амьдраад болох юм байх гэж бодсон. Нэг хэсэг мал өсөөд сайхан байсан. Гэтэл 2017 оноос хойш мал цөөрч А.******* Г.*******ыг дарамталж эхэлсэн. Тэгээд 2019 онд хутга заазуур барьж намайг хөөж над руу дайрсан. Ингээд энэ 2 хүнийг цаашид амьдрах боломжгүй юм байна гэж бодоод 2020 онд би малаа буцааж авахад миний мал дутуу байсан учир үлдсэн дутуу малаа нэхэмжилж байна. Гүү 4, морь 2, даага 1, унага 2, эр хонь 3, эр ямаа 94, эм ямаа 173, нийт 279 толгой мал нэхэмжилж байна гэв.

2.    Хариуцагч А.*******гийн хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Хадам ээж болох С.*******аа нь нэхэмжлэл илт үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. 2020 оны 10-р сард манайхаас малаа авахдаа ах дүү нараараа бөөнөөрөө ирж намайг болон Г.******* нарыг зодоод 380 бог, 23 үхэр нийт 403 толгой мал ялгаж аваад явсан. Тэгээд тухайн үед ******* цагдаагийн байгууллагад хандаж тухайн үед ******* сумын хэсгийн төлөөлөгч шалгаж зөрчлийн хэрэг үүсгэж үй, бид хоёрыг торгож шийдвэрлэж байсан. Тухайн үед С.*******аагийн 2 адуу үлдсэн байсан бөгөөд манай адуунд байгаа боловч шүүхээс эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдахад тэдний 2 адууг битүүмжлээгүй үлдээсэн. Энэ талаар гэрчүүд мэднэ. Мөн өөрсдөө аймаг руу хонь ачиж орж нийт 30 гаран хонь зарж байсан. Энэ хүн худлаа ярьж байна. 100 ямаагаа // зарсан. 50 ямаагаа аад /аатар/ зарсан. Тэр жил намайг зодчихоод ах дүү нартайгаа явж дахиад хонь мал зарсан. Дандаа худлаа ярьдаг. Ноднингоос хойш охинтойгоо нийлж намайг гүтгээд гэр орон ч үгүй болгосон. Миний амьдралаар тоглож байгаа улсууд. Тэр 150 малаа өөрсдөө зарчихаад над руу чихээд байна. Мал ялгаж авч явахад нь би байгаагүй. Намайг ******* сум руу цагдаа аваад явчихсан. Тэгэхэд 300 гаран бог, хэдэн үхэр аваад явсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.    Хариуцагч Г.*******ы хариу татгалзал, тайлбарын агуулга:

Миний аав, ээж хоёр насаараа мал маллаж ******* сумын *******ай багт амьдарсан. Аав Ж. маань 2009 онд өөд болоход манайх 800 гаруй толгой малтай байсан. Би 3 хүүхдийн хамт аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Энэ үед миний 20-30 толгой бог мал, миний том охин Б.*******ын эцэг аас хүүхдийн тэтгэлэгт өгсөн 120 толгой бог мал аав, ээжийн малтай хамт тоологддог байсан. 2010 онд *******той нэг гэрт орж амьдрах болсон. ...2013 онд ******* ээжийн 500 гаруй толгой малыг өөрийнхөө нэр дээр тоолуулчихсан байсныг сүүлд мэдсэн. А.******* худлаа гүтгэж яриад байна. Ээж аа /аатар/, эй // нарт ямаа огт зараагүй. Миний ээж 2013 онд манайд малаа өгөөд аймаг орж миний 4 хүүхдийг сургуульд суулгасан. Харин А.******* бид хөдөө малаа малладаг байсан. Тэгтэл 2017 онд мал дутаад зүсээр байхгүй болоод байхаар нь хэлсэн чинь танай ээжийн малыг би яасан юм гээд улаан цайм хулгай хийж зарчихаад намайг зодоод дарамтлаад байсан. Тэгээд бас 2019 онд архи ууж ирчихээд ээжийг ална гээд хутга, заазуур барьж дайраад, ээж айгаад манайхаас зайлж буусан. Ингээд 2020 онд манай хамгийн бага дүү, дунд ах, ээж 3 ирж манайхаас малаа ялгаж авахад цагдаа хамт ирсэн. Тэр үед А.******* архи уугаад 3, 4 хоног алга болчихсон байсан. Тэгээд би тэй яваад А.*******г ******* сумын төвөөс очиж авсан. Очиход танайхан тэгдэг гээд намайг цохих гээд дайраад байсан. Бүх малын тооцоо, цоохор нь байхад А.******* худлаа яриад байна. Би бүгдийг нь төлөхгүй. А.*******той хувааж төлнө. Илүү зарж үрсэн нь илүү төлөх байлгүй гэв.

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******гоос 46 толгой бог мал /ямаа 43 толгой, хонь 3 толгой/, хариуцагч Г.*******аас 46 толгой бог мал /ямаа 46 толгой/, адуу 9 толгой /4 гүү: шийр цагаан хүрэн гүү, шийр цагаан хээр гүү, халтар гүү, бор хээр гүү/, /2 морь: бор хээр морь, хамар цагаан хээр морь/, /хүрэн зүсмийн 1 охин даага/, /2 унага: шар хээр охин унага, хээр зүсмийн эр унага/ зэргийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 178 толгой ямаа гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******аагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177829 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Г.******* нараас тус бүр 88915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******аад олгож шийдвэрлэжээ.

5.    Хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...10 дугаар сард энэ үйл явдал болсон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 197 толгой мал хүлээж авсан гэдэг. Нэхэмжлэгчийн 2020 оны мал тооллогын баримтыг харахаар нийт үхэр 24, хонь 124, ямаа 99 толгойг нийт 240 толгой мал тоолуулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хүнсэндээ 10 гаран мал хэрэглэсэн. Хүүхдүүдийнхээ хүнсийг бэлтгэсэн гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарладаг. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр нэхэмжлэгч ялгаж авсан малын тоогоо бүрэн нотлохгүй байна. Бодит байдалд нийцэхгүй байна. Харин хариуцагчийн 403 толгой мал ялгаж авч явсан. Намайг цагдаад гомдол гаргаад торгуулсан юм гэдэг тайлбар хавтаст хэрэгт авагдсан А.*******, үй нарыг торгосон торгуулийн баримтаар тогтоогддог. Ингэж мал ялгахдаа тухайн үед ******* сумын цагдаагаар ажиллаж байсан ийг гэрчээр асуусан. Гэрчээр асуухад яг тоочны тоог хэлээгүй. 300 орчим мал ялгаж авч явсан гэдэг байдлаар хэлдэг. Хэдэн тоо толгой мал авч явсан талаараа нэхэмжлэгч бүрэн дүүрэн нотолж чадахгүй байна. нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжилсэн малаас хүнд зараагүй гэж нэхэмжлэгч болон хариуцагч Г.******* нар тайлбарладаг. Энэ хоёр нэг ашиг сонирхолтой орж ирж А.*******гоос мал гаргуулах гэж байгаа учраас үүнийг хэлж байна. Хариуцагч Г.******* анхнаасаа хэлж байгаа А.******* бид хоёр төлөх ёстой гэдэг байдлаар тайлбарладаг. Хариуцагч Г.******* манай ээж мал зарж байгаагүй гэдэг. Тайлбараа бичгээр ч өгсөн байдаг. С.*******аа гуай тайлбарладаг. Би мал зарж байгаагүй гэдэг. Гэтэл гэрч ыг асуулгасан чинь С.*******аа гуай 2018 оны үед байх 100 ямаа надад зарж байсан гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжилсэн малынхаа дүнг бүрэн дүүрэн нотолж чадахгүй. Бодит байдалтай нийцээгүй. Дараагийн асуудал юу юм бэ гэхээр 2022 онд малаа ялгаж авахдаа тооцоо нийлэх ёстой байсан. Манайх тэнд мал ялгаж авсан. Тэдэн малаас тэдийг авлаа шүү. Мал үлдээсэн бол тэдэн мал үлдээсэн. Үлдсэн малыг танайх тэдний дотор төл гэдэг байдлаар тооцоо нийлэх ёстой байсан. гэтэл гэрч ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр малаа ялгаж авч явсан. Адуунаасаа бусдыг нь ялгаж авсан талаар ярьдаг. Нэхэмжлэгч хариуцагч нар адуунаас бусдыг нь авч явсан гэдэг дээр маргадаггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр нэг асуудал байна. Бод малыг нь яагаад Г.*******аас гаргуулчихав гэж ярьсан. Г.******* ээжийнхээ малыг авч үлдсэн. Г.*******, А.******* нар нь 2022 оны 4 дүгээр сард маргаан болж үүнээс хойш тусдаа амьдарч байгаа А.******* гэрээсээ нэг ч мал аваагүй. Өмссөн хувцастайгаа гарсан өнөөдрийг хүргэж байна. Хэдийгээр 3, 4 дүгээр сард анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.*******, А.******* нарын хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл Г.******* мал нь үхээд дууссан гэж тайлбарлаад А.*******д нэг ч мал өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдийн тэтгэлийг нэг ч төлөөгүй нөхцөл байдал байгаа юм. Ийм учиртай юм. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэв.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн ярьж байгаа үнэн энэ хоёр надаас мөнгө авах гэж орж ирсэн. Хүн гүтгэж явдаг. Та ингэхээ болиоч. Миний хамаг юмыг авсан. Гудамжинд явахаар ах дүү нар ална гэдэг. Би өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г.*******ы хариу тайлбарын агуулга:

...А.*******гийн хэлж байгаа бүгд худлаа. Миний ээж А.*******гийн гэрт ямар ч хамаа байхгүй. ******* түлээ, гэрээ ачаад явсан. Хувцас нь үлдсэн байхаар нь өөрөө аваачиж өгсөн. Өмгөөлөгчийг нь аваадах гэсэн чинь өөрийг нь дуудаад өг гэсэн. Би дуудаад том ахындаа авчирсан байж байгаад өгөөд явуулсан. Надад энэ хүний хувцас байхгүй. Би охин, хүү хоёртойгоо амьдарч байна. Охин оюутан Улаанбаатар хотод амьдарч байгаа. Би хүүтэйгээ хөлсний мал харж байгаа. Энэ хүн намайг зодож өвчтэй болсон. Миний ууцан дундуур модоор цохисноос болж явж чадахаа байгаад байна. Энэ хүн надаас юу нэхээд байгаа юм. Би өвчин намдаах эм ууж өдийг хүртэл явж байна. Би өнөөдөр эмнэлгээр явж зураг авхуулсан. Надад хүүхэдтэйгээ уулзах эрх алга байна. Надтай уулзуулахгүй байна. Би 7 хоног цус алдаж үхэх гэж байхад намайг тоодоггүй. Архи уугаад явж байсан. Би аргаа бараад нэхий, шир авч явж байсан хүмүүс гуйж төв орж эмнэлэгт үзүүлж байсан. Хамгийн наад тал нь биегүй болчихоод сууж байна. Ууц руу хатгачихаад мөлхөөд ч гэрээ цэвэрлэж байна. Шүүхээс дуудсан учир хүүгээ айлын ханьтай буулгачихаад ирсэн. Би өчигдөр бие өвдөөд зураг авхуулсан. Хониндоо явж ирчихээд ажлаа хийгээд сууж байсан хүнийг сургаагаар цохисон. Ийм хүнийг зөөлөн хүн гэх үү хатуу хүн гэх үү. Энэ хүн надтай өмссөн хувцастайгаа ирж байсан. Малтай ирээгүй. Надтай 3-н жил амьдарсан. 2011 онд манай банди төрсөн. Тэгээд 2012 онд гэрээ авчирч барьсан. Тэгж ирэхдээ тугалтай бяруу тууж ирсэн хүн. Надтай хөрөнгө булаацалдаж байна. Наад хүн чинь Б. гэдэг айлд байсан. тэгээд надтай нийлсэн. Тэгээд надаас мал нэхээд байхын гэдсийг нь өлсгөлгүй 10 гаран жил авч явсан гэв.

Нэхэмжлэгч С.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 9 адууг хуваалгах хүсэлтэй байна. Адилхан хуваах хэрэгтэй. Бог малыг нь хуваасан. Энэ хүн худлаа ярьж байна. Намайг гэрээс юм авсан гэж байна. Би энэ хүний гэрээс юу авах вэ. Худлаа хэлж гүтгэж байна. Би хөдөө явахдаа авч явдаг гэртээ. Сумын төвд байшинд байдаг. Үүнээс сэтэрхий зүү, сиймхий хадагч аваагүй. Намайг ингэж л гүтгэж байна. энэ гүтгэлгийг үнэн зөвөөр шийдэж өгөөч. Би дахин дахин явж чадахгүй учир энэ хурлаар шийдэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Г.*******ы өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 140/ШШ2023/00433 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч би 2023.11.17-ны өдөр хүлээн аваад шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргав. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн тогтоосон. Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсэгт ... бод бог нийлсэн 101 толгой малыг нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч дээрх 101 толгой малыг хариуцагч нараас гаргуулахаар хуваарилахдаа 92 толгой бог малыг хариуцагч нараас тэнцүү тоогоор гаргуулахаар шийдвэрлэсэн хэрнээ 9 толгой адууг зөвхөн хариуцагч Г.*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт ...Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.16-ны 140/ШШ2023/00122 дугаартай шийдвэрт Г.*******ы эзэмшилд 12 тооны адуу байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжилсэн 9 адууг хариуцагч Г.*******аас гаргуулах гэж дүгнэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Учир нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.16-ны 140/ШШ2023/00122 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 13 дахь заалтанд ...Г.*******ы эзэмшилд байгаа 12 адуунаас 6 адууг гаргуулж хариуцагч А.*******д олгосугай гэж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Г.*******, А.******* нарын эзэмшилд байсан 12 адууг захиран зарцуулах эрх нь зөвхөн Г.*******д байгаа биш, харин хоёр хариуцагч хуваан авч тус бүр 6 адуу эзэмшиж захиран зарцуулах эрхтэй болсон байна. Иймд шүүхийн шийдвэрээр 6 адуу эзэмших эрхтэй Г.*******аас нэхэмжлэгч С.*******аа нь 9 адуу гаргуулж авах боломжгүй болж шүүхийн шийдвэр биелэгдэхгүй эрсдэл үүсэх юм. Мөн үлдсэн 12 адууг хариуцагч нар тэнцүү тоогоор хувааж авах болсон байгаа учраас нэхэмжлэгч С.*******аа нь өөрийнхөө адууг гаргуулахдаа мөн хэн алинаас нь адил хэмжээгээр гаргуулж авах хүсэлтэй байдаг. Тодруулбал, нэхэмжлэгчийн 9 адууг гаргуулахдаа хариуцагч А.*******гоос 1 морь, 2 гүү, 1 унага, 1 даагыг гаргуулахаар, хариуцагч Г.*******аас 1 морь, 2 гүү, 1 унагыг гаргуулах нь хууль ёс, шударга ёсонд нийцэх юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт 9 адууг Г.*******аас гаргуулах гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч А.*******, Г.******* нарын хэн алинаас нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгч өмгөөлөгч давж заалдах гомдолд хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Б.******* гаргасан хариу тайлбарын агуулга:

Өнөөдрийг хүртэл Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаартай шийдвэр биелэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод малаа авъя гэхээр хүн чинь мал үхсэн гээд өгөхгүй байна. Дуудаад оруулж ирэхээр даралт ихсээд байна гээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн учраас өнөөдрийг хүртэл А.******* тухайн бод малыг аваагүй байгаа. Энэ мал А.*******д байгаа нь нотлогдож байна. 2013-2022 оныг хүртэл *******аа гуай энэ хоёроор малаа харуулахдаа хөлс тохиролцоогүй байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогддог. С.*******аа гуайн нэхэмжилж байгаа адуу битүүмжилсэн захирамжид байхгүй. Өөрөөр хэлбэл ******* сая тайлбарласан 19 адуунаас 8 адууг аваад үлдчихсэн. Тэр 8 адуу ******* *******аа нарт өөрсдөд нь байдаг адуунууд. Үүнийг ******* авч яваагүй учраас А.*******гоос авах боломжгүй юм. Тооцоо нийлэх тухай анхан шатны шүүх яриагүй гэж ярьж байна. Энэ хууль хэрэглээ учраас шүүх өөрөө анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байгаа юм. Учир нь энэ хүмүүс малаа өгсөн юм байна. Буцааж өгөхдөө тооцоо нийлсэн юм уу гэдэг дээр хууль хэрэглээний хувьд анхаарч үзэх ёстой. Тооцоо нийлээд хэдэн мал авсан юм , хэн мал авсан юм хэдэн мал дутсан талаар тооцоо нийлэх ёстой байсан. Хэрүүл маргаан гаараад байсан учраас би байсан гэж хэлдэг. Энэ хүмүүс өөрсдөө малаа ялгасан. Одоо төлбөр тооцоо дууссан уу, одоо өгөө аваа байна уу гэхэд байхгүй дууссан гэж байсан гэдэг. Өнөөдөр тооцоо нийлэх гэрээ хийгдээгүй. Тооцоо хийгээгүй байж юу шаардаад байгаа юм. Нэхэмжлэгч тал худлаа яриад байгаа нь ын мэдүүлгээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 19 адуу битүүмжилсэн. Намар нь 7 адуу энэ хоёр зарсан байсан. Өөрсдөө худлаа ярьж байна. Ярьж байгаа нь худлаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******аагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч А.*******, Г.******* нарт холбогдуулж өөрийн өмчлөлийн 330 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 279 толгой мал гаргуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...хариуцагч А.*******, Г.******* нарт малаа үлдээх үеийн тоо толгойгоор тооцож 2020 онд буцааж авсан малаа хасаад үлдсэн малыг нэхэмжилж байна. Үүнд: 9 адуу /4 гүү: шийр цагаан хүрэн гүү, шийр цагаан хээр гүү, халтар гүү, бор хээр гүү/, /2 морь: бор хээр морь, хамар цагаан хээр морь/, /хүрэн зүсмийн 1 охин даага/, /2 унага: шар хээр охин унага, хээр зүсмийн эр унага/ мөн 3 эр хонь, 267 толгой ямаа /94 толгой эр ямаа, 173 толгой эм ямаа/ гэж тайлбарлаж байна.

Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...100 ямаагаа // зарсан, 50 ямаагаа аад /аатар/ зарсан. ...ах дүү нартайгаа явж дахиад хонь мал зарсан. Дандаа худлаа ярьдаг. ... 150 малаа өөрсдөө зарчихаад над руу чихээд байна. Мал ялгаж авч явахад нь би байгаагүй. Намайг ******* сум руу цагдаа аваад явчихсан. Тэгэхэд 300 гаран бог, хэдэн үхэр аваад явсан байсан... гэж маргаж байна.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарлахдаа ...миний ээж 2013 онд манайд малаа өгөөд аймаг орж миний 4 хүүхдийг сургуульд суулган харж байсан. Харин А.******* бид хоёр хөдөө малаа малладаг байсан. ...бүх малын тооцоо, цоохор нь байхад А.******* худлаа яриад байна. Би бүгдийг нь төлөхгүй. А.*******той хувааж төлнө... гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.*******аа нь өөрийн охин Г.******* түүний нөхөр болох А.******* нарт 2013 онд бог, бод мал нийлсэн олон тооны малыг хариулуулахаар хүлээлгэн өгсөн, Г.******* болон А.******* нар нь уг малыг хүлээн авч, малыг маллаж эхэлсэн байх бөгөөд 2013 оноос хойш малыг А.*******гийн нэр дээр тоолуулж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Хариуцагч нар энэ талаар маргаагүй байна.

Харин талууд хэдэн тооны мал хүлээн авсан, хэдэн тооны мал буцааж өгсөн, хэдэн тооны малыг С.*******аа хүнд өгсөн гэж маргаж, шүүхэд өөр өөрөөр тайлбарласан байна.

Нэхэмжлэгч С.*******аагийн хариуцагч нарт хариулуулахаар өгсөн гэх малын тоо, буцааж авсан малын тоог хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын *******ай багийн малын тооны А дансны баримтад үндэслэх нь маргааны үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч С.*******аа нь 2013 онд адуу-13 толгой, үхэр-20 толгой, хонь-166 толгой, ямаа-375 толгой, бүгд 574 толгой мал тоолуулж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын *******ай багийн малын тооны А дансны баримтад тэмдэглэгдсэн байх бөгөөд баримтын 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгт дотор хасагдсан гэх хүснэгтэд шилжүүлсэн гэх хэсэгт адуу-13, үхэр-16, хонь-157, ямаа-366, бүгд 552 толгой малыг бичиж тэмдэглүүлсэн байна.

Хариуцагч А.*******д 2010 оноос хойш 2013 онд хүртэл тоологдсон малын данс байхгүй ба тэрээр бог малгүй байсан нь гэрч ийн мэдүүлгээр тогтоогддог .

Гэтэл түүний нэр дээр 2013 онд адуу-19 толгой, үхэр-22 толгой, хонь-137 толгой, ямаа-270 толгой мал тоологдсон болох нь Завхан аймгийн ******* сумын *******ай багийн малын тооны А дансны баримтад тэмдэглэгдсэн баримтын 1-т хаягийн хэсэг гэсэн хэсэгт 2. Өрхийн мэдээлэл гэх хүснэгт дотор 9. Ам бүлийн тоо-6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй-1 гэх хэсэг, 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгтийн нэмэгдсэн гэх хүснэгт дотор шилжиж ирсэн гэх хэсэгт адуу-16, бэлэн тоологдсон төл-3, үхэр-15, бэлэн тоологдсон төл-8, хонь-91, бэлэн тоологдсон төл-50, ямаа-214, бэлэн тоологдсон төл-70, бүгд-467 толгой мал гэж бичиж тэмдэглэгдсэн байна.

Нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч А.*******, Г.******* нарт анх 520 толгой малыг шилжүүлэн өгч маллуулснаас 2020 онд адуунаас бусад үхэр, хонь, ямаа нийлсэн 190 толгой малаа буцаан авсан. Одоо үлдэгдэл 279 толгой малаа нэхэмжилж байна гэж тайлбарладаг боловч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтаар нэхэмжлэгч С.*******аа нь 2020 онд үхэр-24 толгой, хонь-124 толгой, ямаа-99 толгой, нийт 247 толгой мал тоолуулсан болох нь тогтоогддог.

Харин хариуцагч 2020 онд адуу-20 толгой, үхэр-21 толгой, хонь-240 толгой, ямаа-107 толгой, нийт 388 толгой мал тоолуулж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын *******ай багийн малын тооны А дансны баримтуудаар тус тус тогтоогддог.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч А.*******, Г.******* нарт 2013 онд бог, бод нийлсэн 448 толгой мал шилжүүлж өгсөн, 2020 онд 247 толгой малыг буцааж авсан байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч нарт малаа маллуулахаар шилжүүлсэн хүсэл зориг, тодорхой болзол шаардлага хөлс тохиролцоогүй байдлаас харахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3 дахь хэсэгт зааснаар хадгалагч нь хадгалсан эд хөрөнгийг хадгалагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, ашиглахгүй байх, хадгалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах зэрэг үүрэг хүлээхээр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******аа нь хариуцагч А.*******, Г.******* нарт 2013 онд бог, бод нийлсэн 448 толгой мал шилжүүлж өгсөн, шилжүүлж өгсөн малнаасаа өөрөө Ч.ад 100 ямаа өгсөн, 2020 онд бог бод нийлсэн 247 толгой малыг буцааж өөрөө авсан гэж нэхэмжилсэн малын тоо толгойноос хасч тооцож, хариуцагч нараас 101 толгой бод, бог малыг тэнцүү хэмжээгээр гаргуулж, С.*******аад олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын *******ай багийн малын тооны А дансны баримтууд, гэрч Ч.ын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт үндэслэсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Хадгалалтын гэрээний онцлог нь тухайн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч С.*******аа нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар малыг алдсан дутагдуулсанаас үл шалтгаалан 101 толгой малаа хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд зөв тогтоож, үйл баримтад Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн хариуцагч А.*******гийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч А.*******, Г.******* нар нь 2010 оны 07 дугаар сараас 2022 оны 05 сар хүртэл эхлэн хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Нэхэмжлэгч С.*******аагаас шилжүүлсэн малыг хамтран эзэмшиж, ашиглаж байсан нь талуудын тайлбараар тогтоогддог тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд 242 дугаар зүйлийн 242.11 дахь хэсэгт зааснаар... тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаартай шийдвэрт Г.*******ы эзэмшилд битүүмжлэгдсэн байгаа 12 тооны адууг Г.*******, А.******* нарын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө гэж үзэж, Г.*******ы эзэмшилд байсан 12 тооны адуунаас 6 адууг гаргуулж, хариуцагч А.*******д олгохоор шийдвэрлэсэн байгаа боловч уг шүүхийн шийдвэр гүйцэтгэгдэж, А.******* 6 адууг авсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул хариуцагч Г.*******аас 9 адууг гаргуулж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч С.*******аагийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2023/00433 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Б.*******, нэхэмжлэгч С.*******аагийн өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ