Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 117

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Мөнхзул, хохирогч Ч.В, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04915 1407 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б.Б, Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Архангай аймгийн Их тамир  төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар..., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байх иргэн Ч.В-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, иргэн Ч.В-гийн толгойн тус газар нь архины шилээр, нүүрэн тус газар нь тоосгоор цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т овогт Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хадам эцэг Ч.В-гийн толгой руу архины шилээр, нүүр лүү тоосгоор цохиж, бие махбодод нь “...духны ясны баруун дээд хэсгээс эхлэн доош үргэлжлэн баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана ясны сэлтэрхий бүхий зөрөөтэй этмойд хөндийг дамжин зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, суурь ясны баруун бага далавч дайран баруун чамархай, зулай руу үргэлжилсэн гавлын хөндий рүү цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн хацар ясны нум, баруун хацар ясны хоёрлосон хугарал, тархины баруун бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, зулай, зүүн чамархай, дагз, баруун чихний дэлбэн, баруун нүдний дотор хэсэг уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ооч, зүүн бугалгад зулгаралт... бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би их согтуу байсан болохоор ямар шалтгаанаар хадам эцгээ зодсон, гэмтээснээ мэдэхгүй байна. Уг нь бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа, өс хонзон огт байхгүй бөгөөд харин ч их сайн харилцаатай байсан юм. Би хадам эцэгтээ учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүний эрүүл мэндэд анхаарал халамж тавих болно. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ч.В-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Б нэг шил архи барьчихсан ганцаараа орж ирсэн. Бид хоёр архийг нь хувааж уусан бөгөөд архины шилээр намайг цохисон. Би согтуу байсан болохоор шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Б бол миний хайртай хүргэн бөгөөд бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан, өс хонзон огт байгаагүй. Миний эрүүл мэндийн байдал хэвийн болсон бөгөөд эмч “одоо зүгээр” гэж хэлсэн. Би одоо хүргэнийхээ нэг байранд амьдарч байгаа бөгөөд хүргэн маань надад байнга анхаарал тавьж байгаа болно...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Ч.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод ганцаараа байж байтал том охины нөхөр Б нэг шил архи барьчихсан согтуу орж ирсэн. Бид хоёр тухайн архийг хувааж ууж дууссан ба Б архины шилээр толгой руу цохисон. Би манараад явчихсан. Тэгээд газар унасан байхад дахиад архины шилээр цохисон ... миний нүүр лүү тоосгоор цохисны улмаас би дахин манарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-20 дугаар хуудас);

4. Гэрч В.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад манай эгч А залгаад “аавын бие тааруу байна, гэрт хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би аавын гэрт ирэхэд яаралтай тусламжийн эмч түүнийг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж байсан. А эгчээс юу болсон талаар асуухад “хүргэн ах Б аав хоёр хамт архи ууж байгаад маргалдаад Б аавыг зодчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дугаар хуудас);

5. Гэрч В.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ аав В-тай хамт байж байгаад хүүхдээ сургуулиас нь авахаар гарсан. Тэгээд орой ах Э-тэй хамт гэртээ ирэхэд аав хашаан дотор цусандаа хутгалдчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид хоёр аавыг өргөөд гэрт оруулахад гэрт хүргэн ах Б байсан. Б ахын хоёр гар нь нэл цус болсон, согтуу байдалтай байсан. Юу болсон талаар асуухад хариулах чадваргүй байсан, аав бас согтуу байсан. Аавын нүүр болон толгойноос цус гарсан, нүүр нь битүү хавдсан, уруул нь сэтэрсэн, чих нь язарсан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас);

6. Гэрч В.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд намайг гэртээ байж байхад төрсөн дүү А ирээд “аав хашааны хаалганы дотор талд газарт цустайгаа хутгалдчихсан хэвтэж байна, амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна” гэж хэлчхээд гараад гүйсэн. Би хойноос нь гарч аавынд очиход аав В хашааны хаалганы үүдэнд цустайгаа хутгалдчихсан атиралдаад хэвтэж байсан. Байшин дотроос манай нөхөр Б, дүү Э нар гарч ирсэн. Б шал согтуу байсан. Байшин дотор цус болчихсон, юм асгарсан байсан. Би аавыг Э-тэй хамжаад гэрийн үүдэнд аваачтал аав унасан. Тэгээд гэр лүү өргөж оруулсан. Б-ы гар, гутал нь цус болчихсон байсан. Манай аав хатуу үгтэй, Б-ыг муухай үгээр хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-51 дүгээр хуудас);

7. Гэрч В.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагт гэртээ ирэхэд аав В хашааны хаалганы хажууд нэл цус болчихсон хэвтэж байсан. А бид хоёр гайхаад аавыг гэрт оруулахад гэрт манай хүргэн Б согтуу байж байсан. Хоёр гар нь нэл цус болчихсон байсан. Б-с юу болсон талаар асуухад огт юм хэлэхгүй сууж байснаа “та нар намайг алчихгүй юу” гэж хэлээд байсан. Миний мэдэхийн аав, Б нар 2-3 жилийн өмнө маргалдаж, хэрэлдэж байсан. Аав, Б нар нь архи уухаараа их харьцаа муутай болчихдог зантай хүмүүс. Аав Б намайг зодсон гэж хэлж байсан. Юунаас болж юугаар цохисон талаараа хэлээгүй. Сайн ярих тэнхээ ч аавд байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12938 дугаартай “Ч.В-гийн биед духны ясны баруун дээд хэсгээс эхлэн доош үргэлжлэн баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана ясны сэлтэрхий бүхий зөрөөтэй этмойд хөндийнүүдийг дамжин зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, суурь ясны баруун бага далавч дайран баруун чамархай, зулай руу үргэлжилсэн гавлын хөндий рүү цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн хацар ясны нум, баруун хацар ясны хоёрлосон хугарал, тархины баруун бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, зулай, зүүн чамархай, дагз, баруун чихний дэлбэн, баруун нүдний дотор хэсэг уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ооч, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.3-т зааснаар амь  насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас);

9. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-11 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 15 дугаар хуудас), мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 12-13 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Б.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 76 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 81 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 109 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 157 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 159 дүгээр хуудас), банк дахь депозит дансны хуулга (хх-ийн 160-172 дүгээр хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 173 дугаар хуудас), боловсролын болон мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар (хх-ийн 91-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.В-гийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал түүнийг тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориул хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй болсон байсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдахын зэрэгцээ энэхүү нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ хэмээн шүүх дүгнэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.В нь эмчилгээний зардлаа бүрэн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Мөн энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архидан согтуурсантай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Б.Б-ы хувьд гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ялыг доод хэмжээгээр буюу 10,000 нэгжээр тогтоож, миний үйлчлүүлэгч сард 2,800,000 төгрөгийн цалин авдаг тул хэсэгчлэн төлөх хугацааг нь нэмэгдүүлж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь архи согтууруулах ундааны зүйлээс болсон тул согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох талаар улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Хувийн байдлын хувьд Б-ы хүүхэд нь анагаах ухааны сургуульд сурдаг, удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж байгаа юм. Тэр хүүхдийн ирээдүй эцгийнхээ орлоготой шууд хамаарна. Хэрэв Б хорих ял авчихвал түүний хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн ялын саналыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус үндэслэн түүний мэдлэг боловсрол, ажил хөдөлмөр, гэр бүлийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулж, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах байдлаар түүнийг нийгэмшүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг арилсан хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг хүртэл хугацаагаар буюу хоёр хоног баривчлагдсан байх тул нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялаас хасах нь зүйтэй.

Монголын ард түмэн бид хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хуулийн тунхагт үндэслэн, шүүгдэгч Б.Б-ыг өөртөө дүгнэлт хийж, цаашид өндөр настай хадам эцэг болох хохирогч Ч.В-г асран тэтгэж, ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийнхээ төлөө зөв амьдарч чадна хэмээн өндөр итгэл найдвар үзүүлэн, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх бололцоо бий гэж дүгнэн хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн болохыг шүүгдэгч Б.Б ухамсарлан ойлгож, хойшид өөрийн муу зуршил, буруу зан үйлээ засаж авбал зохино.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ял дээр нэмж “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “гурван жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүнийг согтуурах зан үйлээ засахад нь хууль зүйн үр дагавар бүхий хөшүүрэг болох тул нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгдэгч Б.Б-д хэрэглэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг тоосго, 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг ширхэг архины лонхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Б шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы баривчлагдсан хоёр хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гучин мянган төгрөгийг хассугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “гурван жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг тоосго, 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг ширхэг архины лонхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА