Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2017/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


    Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн А суманд оршин суух, иргэн Гын  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорноговь аймгийн  Засаг даргад  холбогдох,

        Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гыг сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/06, “А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Мыг томилох тухай” Б/07 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, Гыг тус аймгийн А сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, түүний өмгөөлөгч Ч,  хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 03 сараас эхлэн А сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дорноговь аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 21 төлөөлөгч сонгогдохоос Ардчилсан намаас 16 төлөөлөгч, Монгол ардын намаас 5 төлөөлөгч сонгогдож улмаар хуучин хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчид 2016 оны 11 сарын 02-ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдуулж 01/04 дүгээр тогтоолоор төлөөлөгчдийн 70 хувийн санал авсан Г намайг А сумын Засаг даргад томилуулахаар тогтож, холбогдох тогтоолыг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Эд хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Т.Э нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т биднийг өрөөндөө дуудаж, сумын Засаг даргын албан тушаалаа өгч, Г чи орлогч даргаар томилогд, МАН-ын бодлогоор ингэж шийдвэрлэлээ гэдгээ илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т болоод миний бие бид энэ асуудлыг шийдэх боломжгүй, ард иргэдийн сонголт, сумын Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн хариу өгсөн. Бид үүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01/04 дүгээр тогтоолын хариуг амаар өгсөн гэж үзэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны 02/09 дүгээр тогтоолоор Г намайг дахин А сумын Засаг даргад томилуулахаар санал хүргүүлсэн.
      Үүний хариуд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2055 тоот албан бичгээр “танай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолд албан ёсоор хариу өгөөгүй байхад ирүүлсэн 02/09 дүгээр тогтоолыг хүлээн авах боломжгүй тухай” хариу ирүүлсэн байдаг. Үүнд бид хүлээцтэй хандаж албан ёсны хариу ирүүлэх юм байна гэж хүлээсэн.  Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар А сумын Засаг дарга Г намайг бүрэн эрхийн хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөн тухай захирамж гаргаж, МАН-аас сонгуульд нэр дэвшээд олонхийн санал авч чадаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэрийг нь дэвшүүлээгүй Мыг А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг аймгийн Засаг даргын орлогч Г.Эээр ахлуулсан комисс ирж танилцуулан ажлыг хүлээлцүүлэхээр болсон.
      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргаар томилуулах хүнийг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн санал /50-иас дээш хувь/ авсан нэр дэвшигчийг дээд шатны Засаг даргад хүргүүлдэг. Мөн аймгийн Засаг дарга нь  тогтоолоор нэр дэвшүүлсэн хүнийг сумын даргад томилох эсэх талаар хариу хүргүүлэх ёстой байдаг. Хуулиар буцаах эрх нэг удаа олгогддог. Дээрх үүрэг гүйцэтгэгч томилсон үйлдэл нь хуулийн зохицуулалтыг үл хайхран А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд хариу ирүүлэлгүйгээр Г намайг чөлөөлж, Мыг томилсон шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна.
      Ардчилсан, эрх зүйт төртэй нийгэмд хууль тогтоомжийг зөрчиж бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад бүрэн эрхийн хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлж оронд нь Хурлаас нэр дэвшээгүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилон Монгол Улсын Үндсэн хууль болоод Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн учраас гомдол гаргасан.  
         Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А  сумын Засаг дарга Г миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Мыг томилсон Б/07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, миний бие Гыг А сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг аймгийн  Засаг даргад даалгаж,  ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс орон нутгийн сонгууль болоод Засаг дарга огцорч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох юм гэж тайлбарлаж байх шиг байна. Гэтэл Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт Засаг даргыг тухайн аймаг, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн Засаг даргыг ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга нэр дэвшигчийг томилохоос гадна энэ зүйлийн 2 дугаар хэсэгт заасан дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заасан байгаа.Тэгэхээр Гын бүрэн эрхийн хугацаа Үндсэн Хуульд зааснаар дуусгавар болоогүй байсан байна. Томилох эрх бүхий этгээд татгалзвал бичгээр хариу өгнө гэдэг нь аль хуулийн заалтад байгаа гэдгийг асуумаар байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Засаг дарга огцруулсан шийдвэр гаргасан бол түүний бүрэн эрхийг орлогч нь хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн хуулийн заалттай. 
      2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар А сумын Засаг дарга Гыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий, хууль ёсны гарсан шийдвэр мөн үү гэдэг дээр  тайлбар хэлье. Энэ захирамж нь Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг зөрчсөн.  Харин үүрэг гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2017 оны Б/07 захирамж нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Мыг нэр дэвшээгүй байхад худал албан бичиг болох 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/2079 тоот албан бичгийг Авлигатай тэмцэх газар руу явуулж, уг газрын 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 5/189 дүгнэлтийг гаргуулсан нь хууль бус үйлдэл юм. Гэрчүүд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор аймгийн Засаг даргын албан өрөөнд, албаны хүмүүстэй уулзаж, албан яриа ярилцсан байдаг. Энэ дээр албан бус буюу, зангиагүй, хоол рестораны газар уулзсан байвал албан бус уулзалт болжээ гэж үзэхээр байгаа. Гэтэл энэ уулзалт нь албан тасалгаанд, албаны хүмүүсийн дэргэд болоод үүнийгээ батлаад Авлигатай тэмцэх газарт явуулсан албан бичгээр хариу өгсөн гэдгээ баталж байгаа юм. А сумын Хурлаас Мыг нэр дэвшүүлээгүй байхад Авлигатай тэмцэх газраас зөрчилгүй гэсэн албан бичиг ирүүлээд байгаа нь аймгийн Засаг дарга А сумын Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/04 тоот тогтоолын хариугаа үүгээр өгсөн гэдэг нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. 
Хууль зөрчөөд нэр дэвшээгүй хүнийг томилсон  захирамж гаргасан. Захирамжийн үндэслэх хэсэгт Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дугаар зөрүүтэй байгаа. Тэгэхээр энэ захирамж хууль ёсны шаардлагыг хангахгүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. 
        А сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн тухайд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  анхдугаар хуралдаанаа хийж, олонх болсон намын зүгээс Гын нэрийг дэвшүүлсэн, Монгол Ардын намын зүгээс Амгаланбаатарыг нэр дэвшүүлсэн байдаг. Санал хураалтаар Г 78.8 хувийн санал авсан тул Засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан байна. Ингээд томилохгүй гэсний үндсэн дээр дахин хуралдаан хийж,  Гыг дахин томилуулахаар шийдвэр гарч хүргүүлсэн байдаг. Ийнхүү дахин томилох тогтоол гарсан учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар 5 хоногийн дотор багтааж томилох үүрэгтэй. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчсөн. Аймгийн Засаг дарга Гыг томилохгүй байх үндэслэлээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн талаас шүүхэд гаргаж өгсөн аймгийн Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилсэн. Сарын үндсэн цалин 835 276 төгрөг, онцгой нөхцөлийнх 30 хувь байдаг. Нийтдээ 52 хоног ажилгүй байсан хугацааны  2 688816 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар уг захирамжуудыг хүчингүй болгож, 106.3.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад Гыг А сумын Засаг даргаар томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

      Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
          Монгол Улсын Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул А сумын Засаг дарга Гыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн 2012-2016 онд сумын Засаг даргаар томилогдсон бүрэн эрх дуусгавар болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэрийг нь дэвшүүлснээр нэхэмжлэгч Гын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас ажлаас нь чөлөөлөөд дараагийн томилгооны асуудал яригдана. Сумын Засаг дарга 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр бус аймгийн Засаг даргатай жил бүр төлөөлөн гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. 2016 онд байгуулсан энэхүү гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Хууль, гэрээний дагуу бүрэн эрх дуусгавар болж албан тушаалаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Иймээс хариуцагч аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гыг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Гыг томилохоос татгалзсан тухай албан ёсны хариуг одоо ч өгөөгүй байна. Г нь өмнөх бүрэн хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт сум дүүргийн Засаг даргад нам эвслийн бүлэг, хурлын төлөөлөгчид тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын оролцогчдын 50-иас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтнууд санал болгоно. Үүнийгээ санал болгосон. Мөн хуулийн 26.3 дахь хэсэгт энэ хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилохыг тус тус заасан. Дээрх хуулийн 26 дугаар зүйлд тухайн шатны Хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг томилох тодорхой хугацаа заагаагүй. Тэд хоногийн дотор томилно гэсэн хуулиар зохицуулсан нарийн хугацаа байхгүй. Хариуцагч нэхэмжлэгчийг томилох, томилохоос татгалзсан тухай шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа, бичгээр хариу өгөөгүй байгаа.  Ийм байхад нэхэмжлэгч Гыг сумын Засаг даргаар томилуулахыг Дорноговь аймгийн Засаг даргад даалгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 01/04 тоот тогтоолын хариуг амаар өгсөн гэж үзэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит хуралдаанаар миний нэрийг дэвшүүлээд 02/09 тогтоолоор намайг дахин А сумын Засаг даргаар томилуулахаар санал хүргүүлсэн гэжээ. Нэхэмжлэгч миний асуудлыг амаар шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгосон гэж тайлбарлаж байна. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч бусад албан тушаалтнууд оролцсон уулзалтаар яригдсан яриа  Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг амаар эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан 4 тохиолдолд хамаарахгүй. Засаг даргыг захирамжаар томилж, огцруулдаг. Түүнээс биш амаар эсхүл бичмэл бус хэлбэрээр Засаг даргыг томилдоггүй.

       Тухайн сум, орон нутгийн ажил эзэнгүйдэх, төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болох сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Мыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар томилон ажиллуулсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд үүрэг гүйцэтгэгч томилсон зохицуулалт байхгүй ч хуулиар хориглоогүй тул үүрэг гүйцэтгэгч томилсон нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Хуулиар хориглоогүй тохиолдолд зөвшөөрсөн гэж үздэг зарчимтай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан Засаг даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэл нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнөх үйл баримттай холбоотой. Тэрнээс биш дуусгавар болсны дараа чөлөөлөгдсөн асуудалтай огт холбогдолгүй. Ийм зохицуулалт байхгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Үүнтэй холбогдуулаад 32.7 дахь хэсэгт заасан Засаг даргын шинээр томилох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн зохицуулалт нь энэ тухайд баримтлах үндэслэл болохгүй юм. Бүрэн эрхийн хугацаа дуусаад чөлөөлөгдсөн Засаг даргын дараагийн асуудлыг хэнээр хэрхэн яаж гүйцэтгүүлэх талаар зохицуулалт хуульд байхгүй байна. Засаг даргын орлогч түр орлоно гэсэн ойлголт Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа үед л хамаарна. Хуулийн 32.1 дэх хэсэгт Засаг дарга эрүүл мэндийн байдал хүнд, бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргах тухай заасан байна. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А сумын Засаг даргын үүрэгт гүйцэтгэгчээр Мыг томилох тухай Б/07 дугаар захирамж нь эрх зүйн үндэслэлтэй тул хүчингүй болох үндэслэлгүй гэж үзэж байна. Миний гаргасан дээрх тайлбар нэхэмжлэлийн шаардлагуудыг үгүйсгэж байгаа үндэслэлүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Гэрч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 14-ний үдээс хойш А сумын Засаг даргаар ажиллаж байсан Г бид хоёрыг маргааш өглөө аймгийн Засаг даргын өрөөнд бэлэн бай гэж дуудсан. Тэгээд аймгийн Засаг даргын өрөөнд А сумын Засаг даргаар ажиллаж байсан Г, миний бие хамт очиход аймгийн Засаг дарга Т.Э, аймгийн Засаг даргын орлогч Г.Э, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Н.Б нар байсан.
       Энэ үед танай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тогтоолыг үндэслэн А сумын Засаг даргаар Гыг томилох боломжгүй. Монгол Ардын намаас хүн томилъё, зөвшилцье. Би хэдийгээр аймгийн Засаг дарга ч аймгийн Монгол Ардын намын дарга. Манай тэргүүлэгч, намын гишүүд ингэж шийдсэн. Тиймээс Засаг даргын орлогчийн ажлыг хийгээд явж болно гэж хэлсэн. Бидний зүгээс хүлээн авах боломжгүй байна. Нэгэнт ард иргэдийн сонгосон сонголт, Хурлын Төлөөлөгчид олонхоор сумын Засаг даргад Гын нэрийг дэвшүүлсэн, бид хоёр шийдэх боломжгүй гэдгээ хэлсэн. Хэрвээ Засаг даргын ажлыг заавал хийнэ гээд байгаа бол бид нар танай сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилно, Тамгын газрын дарга болон орлогч даргын ажилд Монгол Ардын намын хүнийг томилно. Та нар зөвшилцөлд хүрээд орлогч даргаа хий, Засаг даргаар ажиллуулах боломжгүй байна гэдгээ албан ёсоор хэлсэн. 
        Зөвшилцөхийг бид нар хүлээн авах боломжгүй, зөвшилцөхгүй, таныг хариу өгсөн гэж үзлээ гээд тухай үед хэлсэн. Аймгийн Засаг дарга албан ёсоор өрөөндөө дуудаад албан ёсоор Засаг даргыг томилох боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас амаар хариу өглөө гэж үзэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар хуралдаанаар  Гыг дахин Засаг даргад нэрийг нь дэвшүүлж аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэв.

       Гэрч Н.Б шүүх хуралдаан өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд энэ нь санал солилцох ярилцлага болсон гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргатай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Г бид хэд ярилцсан. Цаашид яаж хамтарч ажиллах уу, хамтарч ажиллахын тулд юу хийх үү гэдэг талаар ярилцсан. Хамтарч ажиллах юм чинь сумаас чамайг Засаг даргаар томилуулах бичиг ирсэн тул чи орлогч даргаар ажилчих. Засаг даргын ажилд намаас хүн томилъё зөвшилцөж ажиллах уу гэхэд Г би орлогч даргаар ажиллах боломжгүй гэж хэлсэн. Сум орон нутагт ажил хийхэд намын бодлогоор намын хүн байвал зүгээр гэдэг байдлаар саналаа хэлсэн. Гыг орлогч даргын ажлыг хийчих тэр нь зүйтэй байх гэсэн саналыг хэлсэн. Тэгээд л тэр өрөөнөөс гараад явсан.  Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, А сумаас, Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч гэв. 

                    ҮНДЭСЛЭХ нь:

          Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43,79 дүгээр зүйлийг тус тус үндэслэн “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Гыг тус аймгийн А сумын Засаг даргын албан тушаалаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс чөлөөлж, Б/07 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/189 /уг захирамжид албан бичгийн дугаарыг 05/180 гэж бичсэн нь техникийн алдаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлав/ тоот албан бичгийг тус тус үндэслэн Мыг А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс  томилжээ.
       Нэхэмжлэгч Г 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандан  “аймгийн Засаг даргын дээрх Б/06, Б/07 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Гыг тус аймгийн А сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, маргаж буй үндэслэлээ “аймгийн Засаг даргыг татгалзсан хариуг амаар өгсөн гэж үзэн сумын Хурлаас, Засаг даргад дахин миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүргүүлсэн байхад томилолгүй ажлаас чөлөөлж, өөр этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн, мөн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй” гэж, хариуцагч нь “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргад нэр дэвшүүлсэн” анхны тогтоолд аймгийн Засаг даргын зүгээс өнөөдрийг хүртэл  албан ёсны хариуг өгөөгүй, нэр дэвшигч өмнөх бүрэн эрхийн хугацаандаа хууль тогтоомж зөрчиж байсан талаар иргэдээс гомдол ирсэн тул хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа,  түүний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул албан тушаалаас нь чөлөөлж, сум орон нутгийн ажил эзэнгүйдэх, төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилон ажиллуулсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч томилохыг хуулиар хориглоогүй” хэмээн маргаж байна.

          1. Дорноговь аймгийн Засаг даргын “А сумын Засаг даргаар Гыг томилохгүй байгаа эс үйлдэхүй” хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
          Нэхэмжлэгч Г нь хариуцагч аймгийн Засаг даргын дээрх эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “аймгийн Засаг дарга өрөөндөө дуудаж уулзаад сумын Засаг даргын албан тушаалаа өгч, орлогч даргаар томилогд, МАН-ын бодлогоор ингэж шийдвэрлэлээ гэдгээ илэрхийлсэн, үүнийг нь Хурлын тогтоолд татгалзсан хариуг амаар өгсөн гэж үзсэн, учир нь тухайн татгалзлыг заавал бичгээр өгнө гэсэн зүйл байхгүй улмаар энэ татгалзалтай холбогдуулан Хурлаас миний нэрийг Засаг даргад дахин дэвшүүлсэн боловч аймгийн Засаг дарга томилох шийдвэр гаргаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу аймгийн Засаг дарга томилох шийдвэр гаргах  үүрэгтэй” гэж, хариуцагч аймгийн Засаг дарга “анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолд одоо болтол албан ёсоор хариуг нь өгөөгүй байгаа, иймээс дахин нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авч томилох шийдвэр гаргах боломжгүй, нэр дэвшигч өмнөх бүрэн эрхийн хугацаандаа хууль тогтоомж зөрчиж байсан талаар иргэдээс гомдол ирсэн тул хууль хяналтын байгууллад шалгагдаж байгаа“ хэмээн томилохоос татгалзсан эсэх үйл баримтын хувьд маргаж байна. 
          2016 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Дорноговь аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдаанаар  тухайн шатны Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Төлөөлөгчдийн 71.4 хувийн санал авсан Гыг сумын Засаг даргаар томилуулахаар 01/04 дүгээр тогтоол гаргаж ,  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/51 тоот албан бичгээр   томилох эрх бүхий этгээд  /аймгийн Засаг дарга/-д хүргүүлжээ. 
          Хариуцагч аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг хүлээн авснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т, Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн Г нарыг албан өрөөндөө дуудаж уулзан “Гыг Засаг даргын албан тушаалаа өгч, Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллахыг санал болгож улмаар МАН-ын бодлогоор ийм шийдэлд хүрсэнээ илэрхийлсэн” улмаар Хурлын дарга Б.Т, нэр дэвшигч Г нар тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “аймгийн Засаг дарга Т.Э нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т биднийг өрөөндөө дуудаж, сумын Засаг даргын албан тушаалаа өгч, Г чи орлогч даргаар томилогд, МАН-ын бодлогоор ингэж шийдвэрлэлээ гэдгээ илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т болоод миний бие, бид энэ асуудлыг шийдэх боломжгүй, ард иргэдийн сонголт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн хариу өгсөн” гэх тайлбар, гэрч Б.Тгийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн “2016 оны 12 дугаар сарын 14-ний үдээс хойш А сумын Засаг даргаар ажиллаж байсан Г бид хоёрыг маргааш өглөө аймгийн Засаг даргын өрөөнд бэлэн бай гэж дуудсан. Тэгээд аймгийн Засаг даргын өрөөнд А сумын Засаг даргаар ажиллаж байсан Г, миний бие хамт очиход аймгийн Засаг дарга Т.Э, аймгийн Засаг даргын орлогч Г.Э, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Н.Б нар байсан. Энэ үед танай сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн А сумын Засаг даргаар Гыг томилох боломжгүй. Монгол Ардын намаас хүн томилъё, зөвшилцье. Би хэдийгээр аймгийн Засаг дарга ч аймгийн Монгол Ардын намын дарга. Манай тэргүүлэгч, намын гишүүд ингэж шийдсэн. Тиймээс Засаг даргын орлогчийн ажлыг хийгээд явж болно гэж хэлсэн. Бидний зүгээс хүлээн авах боломжгүй байна. Нэгэнт ард иргэдийн сонгосон сонголт, хурлын төлөөлөгчид олонхоор сумын Засаг даргад Гын нэрийг дэвшүүлсэн, бид хоёр шийдэх боломжгүй гэдгээ хэлсэн. Хэрвээ Засаг даргын ажлыг заавал хийнэ гэж байгаа бол бид нар танай суманд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилно, Тамгын газрын дарга болон орлогч даргын ажилд Монгол Ардын намын хүнийг томилно. Та нар зөвшилцөлд хүрээд орлогч даргаа хий, Засаг даргаар ажиллуулах боломжгүй байна гэдгээ албан ёсоор хэлсэн. Зөвшилцөхийг бид нар хүлээн авах боломжгүй, зөвшилцөхгүй, таныг хариу өгсөн гэж үзлээ гэдгээ тухайн үед хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Бын шүүх хуралдаанд өгсөн “Миний хувьд энэ нь санал солилцох ярилцлага болсон гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргатай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Т, Б.Г бид хэд ярилцсан. Цаашид яаж хамтарч ажиллах уу, хамтарч ажиллахын тулд юу хийх үү гэдэг талаар ярилцсан. Хамтарч ажиллах юм чинь сумаас чамайг Засаг даргаар томилуулах бичиг ирсэн тул чи орлогч даргаар ажилчих. Засаг даргын ажилд намаас хүн томилъё зөвшилцөж ажиллах уу гэхэд Г би орлогч даргаар ажиллах боломжгүй гэж хэлсэн. Сум орон нутагт ажил хийхэд намын бодлогоор намын хүн байвал зүгээр гэдэг байдлаар саналаа хэлсэн. Гыг орлогч даргын ажлыг хийчих тэр нь зүйтэй байх гэсэн саналыг хэлсэн” гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг үйл баримтыг үгүйсгээгүй болно.
А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх үйл баримттай холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хоёрдугаар  хуралдаанаараа сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцээд  Төлөөлөгчдийн 77.8 хувийн саналыг авсан Гыг дахин Засаг даргад томилуулахаар 02/09 дүгээр тогтоолыг гаргаж , 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04/64 тоот албан бичгээр   аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба хариуцагч аймгийн Засаг дарга “өмнөх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор сумын Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн Гыг аймгийн Засаг даргын зүгээс сумын Засаг даргаар томилохоос татгалзсан тухай албан ёсны хариуг өгөөгүй  тул 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 тогтоолыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2055 тоот албан бичгээр  А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.
       Улмаар А сумын Засаг даргад томилогдон ажиллахаар нэр дэвшсэн гэх үндэслэлээр иргэн Мын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/2079 тоот албан бичгийг  Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/189 тоот  албан бичгээр  хариу ирсэнийг нь үндэслэн 2017 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр Б/07 дугаар захирамж  гаргаж өмнөх Засаг дарга Гыг албан тушаалаас нь чөлөөлж, Мыг тус сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр  томилсон байна.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд томилох эрх бүхий этгээд болох  аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016  оны 01/04 дүгээр тогтоолд татгалзсан талаарх хариуг бичгээр өгөөгүй болох нь тогтоогдож байх хэдий ч энэ түүнийг татгалзсан хариу огт өгөөгүй гэх үндэслэл болохгүй.
       Тухайн маргаантай холбогдох хуулийн зохицуулалтыг үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 зүйлийн 26.4-т “...нэр дэвшигчийг...эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор...Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөр багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан байна. Харин уг зүйлд дэх татгалзлын хувьд түүнийг хэзээ, хэрхэн ямар байдлаар илэрхийлэх /амаар, бичгээр гэх мэт/-ийг тухайн хуульд тусгайлан зохицуулаагүй ч захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан тул уг зохицуулалтын хүрээнд “томилох эрх бүхий этгээд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан эсэх” үйл баримтын талаар дүгнэлт өгөв. 
       Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар, улмаар уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
       Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт гаргах хэлбэрээр илэрч болох бөгөөд энэ нь заавал бичгээр гарсан шийдвэр байхыг шаардахгүй  улмаар захирамжилсан үйл ажиллагаа буюу тодорхой үйлдэлээр ч илэрч болохыг хуулиар зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Т, Н.Б нарын мэдүүлгээр “аймгийн Засаг дарга, А сумын Хурлын дарга Б.Тг нэр дэвшигчийн хамт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өрөөндөө дуудаж уулзан улмаар тухайн Хурлаас нэр дэвшүүлсэн Гыг Засаг даргаар томилох боломжгүйгээ амаар илэрхийлсэн” үйл баримт тогтоогдож байх ба, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хурлын даргын бүрэн эрхийг зохицуулсан 22 дугаар зүйлийн 22.1-д “...сумын Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.14-т “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” гэж зааснаар Б.Т нь тухайн Хурлыг хуулиар төлөөлөх эрх бүхий этгээд учир хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, “Хурлаас нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзсан, өөрөөр хэлбэл Хурлын тогтоолд амаар татгалзсан хариу өгсөн байна” гэж үзэх үндэслэлтэй байна.
       Улмаар А сумын Хурал, дээрх үйл баримттай холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдаанаараа  Гыг Засаг даргад дахин нэр дэвшүүлж, холбогдох  02/09 дүгээр тогтоолыг  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04/64 тоот албан бичгээр  хүргүүлснийг аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байх боловч өмнөх тогтоолд татгалзсан хариуг албан ёсоор өгөөгүй гэх шалтгаанаар тухайн тогтоолыг  хүлээн авах боломжгүй талаарх хариуг А сумын Хуралд хүргүүлсэн  нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөр багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж  заасныг зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Өөрөөр хэлбэл Хурлаас Засаг даргад дахин нэр дэвшүүлж ирүүлсэн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан  тухайн нэр дэвшигчийг шууд томилох үүрэгтэй.
        Хариуцагч аймгийн Засаг дарга, нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан нэг үндэслэлийг “өмнөх бүрэн эрхийн хугацаандаа хууль тогтоомж зөрчсөн талаар иргэдээс гомдол ирүүлсэнтэй холбогдуулан хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа” гэж тайлбарладаг боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 2017..02.23-ны өдрийн 40-3/525 тоот албан бичиг -ээс тус тус үзэхэд хариуцагчийн уг тайлбар нотлогдохгүй байна. Мөн хариуцагчаас дээрх тайлбартайгаа холбогдуулан ирүүлсэн нотлох баримт болох “Дорноговь аймгийн А, Даланжаргалан, Өргөн сумдад хийсэн хяналт шалгалтын тайлан”-гаас  үзвэл тухайн хяналт шалгалт нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан үйлдлээс нь хойш хийгдсэн байх тул тухайн маргааны хувьд хамааралгүй баримт гэж үзэж үнэлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн үүнийг үгүйсгээгүй болно. 
        Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны акт нь амаар болон бичгээр гаргасан шийдвэр мөн захирамжилсан үйл ажиллагаа буюу татгалзсан үйлдлээр илэрч болохыг өмнө дурдсан бөгөөд хариуцагч аймгийн Засаг даргын “Мын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн улмаар тухайн Хурлаас нэрийг нь дэвшүүлээгүй этгээдийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан” зэрэг үйлдлүүдээс нь үзвэл  түүний “нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан тухай шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа” гэх тайлбар  үндэслэлгүйг  болохыг дурдах нь зүйтэй байна.
       Хариуцагч аймгийн Засаг даргын Гыг А сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй нь ийнхүү хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул А сумын Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Гыг тус сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Засаг даргад даалгах үндэслэлтэй байна.

        2. Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гыг сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
Нэхэмжлэгч Г нь Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар , тус аймгийн А сумын Засаг даргын албан тушаалд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож улмаар маргаан бүхий захиргааны актаар буюу мөн аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар  тус албан тушаалаасаа “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр чөлөөлөгджээ.
       Нэхэмжлэгчээс маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийг “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заасан тул миний бие сумын Засаг даргыг албан ёсоор томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байсан” гэж маргаж байна.  
         Түүний эрхэлж байсан сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... дараах албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга...” гэж тус тус зааснаар сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан тушаал байх бөгөөд түүнийг эрхлэх үндэслэл нь тухайн албан тушаалыг эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар, ээлжит сонгууль бүрийн дүнд шинэчлэн байгуулагддаг нутгийн өөрөө удирдах байгууллага болох Хурлаас нэрийг нь дэвшүүлснээр томилогддог  онцгой  субъект  юм. 
Маргааны үйл баримтад хамаарах Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална”, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...нэр дэвшүүлсэн бол ...сум...ын Засаг даргыг аймаг...ийн Засаг дарга ...4 жилийн хугацаагаар томилох...”-оор заасан байх ба энэхүү 4 жилийн хугацаа нь дээр дурдсанаар 4 жил тутам зохион байгуулагдаж явагддаг ээлжит сонгуулийн дүнд шинээр байгууллагдсан Хурлаас тухайн албан тушаалтныг нэр дэвшүүлэх замаар томилдогтой холбоотой байна.
         Засаг даргын албан тушаал нь ийнхүү  сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг албан тушаал болохын хувьд ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэн уг албан тушаалтныг шинээр томилсноор тухайн этгээдийн бүрэн эрхийн хугацаа эхэлж улмаар өмнөх Засаг дарга бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл өмнөх сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлаас нэр дэвшүүлснээр томилогдсон Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлаас Засаг даргад шинээр нэр дэвшүүлэн томилсноор дуусгавар болохоор байна.
       Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаар захирамж  болон холбогдох бусад нотлох баримтууд, гэрч Б.Тгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г нь 2012 онд зохион байгуулагдаж явагдсан /нийтэд илэрхий үйл баримт учир түүнийг баримтаар нотлох шаардлагагүй гэж үзсэн болно/ аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнд байгуулагдсан А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэрийг нь дэвшүүлснээр тус албан тушаалд томилогдон ажилласан ба улмаар 2016 онд зохион байгуулагдсан орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад шинээр болон дахин /2 дахь удаа/ нэр дэвшүүлсэн үйл явцаас хойш, Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Г нь Засаг даргыг шинээр томилох ажиллагаа хийгдээгүй байхад буюу тухайн албан тушаалтныг эрх бүхий этгээд шинээр томилсон шийдвэрийг гаргаагүй байхад уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч энэ нь түүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь Засаг даргыг томилох үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэгдүгээрт: нэр дэвшүүлсэн этгээдийг томилох эрх бүхий этгээд зөвшөөрч байгаа нөхцөлд шууд томилох, хоёрдугаарт: хэрэв томилохоос татгалзвал Хурал дахин нэр дэвшүүлж ирүүлэх улмаар үүнийг нь хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилохыг үүрэг болгосон байх ба үүнээс үзэхэд уг албан тушаалтныг томилох үйл явцын эцсийн хугацаа нь дахин нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойшхи 5 хоногт дуусахаар байна. Өөрөө хэлбэл дээр дурдсан 2 дахь нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн томилгоог хийх хугацааг хуулиар нэгэнт тогтоосон тул уг хугацаа дууссанаар үүнтэй холбогдон өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа ч дуусгавар болох үр дагавартай. 
        Нэхэмжлэгчийн хувьд өмнөх Засаг даргаар ажиллаж байсан, улмаар шинээр байгуулагдсан Хурлаас түүний нэрийг Засаг даргад дахин дэвшүүлсэн нөхцөл байдал байгаа ч энэ нь түүнийг тухайн албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл  болохгүй бөгөөд харин шинээр байгуулагдсан Хурлаас нэр дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн тухайн албан тушаалд шинээр томилсноор түүний өмнөх буюу 2013 онд томилогдсонтой холбоотой бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоор байх ч тухайн маргааны үйл баримт /Хурал Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн/-тай холбон үзвэл түүний өмнөх бүрэн эрхийн хугацаа дээр дурдсанаар Хурлаас дахин нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойшхи 5 хоногт буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. 
         Харин нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хувьд Хурлын анхдугаар хуралдаанаас нэр дэвшүүлсэн этгээдийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзсанаас хойш, Хурал дахин нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд л өмнөх Засаг даргын бүрэн эрх хадгалагдах агуулгатай байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г нь энэхүү зохицуулалтад заасан хугацаанд буюу Хурлаас нэрийг нь дэвшүүлсэн этгээдийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн этгээдийг томилохыг үүрэг болгосон хуулиар тогтоосон хугацаа /2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр/-нд тэрээр тухайн албан тушаалын бүрэн эрхээ хэвээр хадгалан хэрэгжүүлж байсан нь тогтоогдож байх тул түүний маргаж буй тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.
        Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч аймгийн Засаг даргын, нэхэмжлэгч Гыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн 2017 оны Б/06 дугаар захирамж  хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

         3. Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Мыг томилох тухай” Б/07 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
        Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлийг “миний биеийг Засаг даргаар томилох үүрэгтэй байтал өөр этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус” гэж, хариуцагч  нь “сум, орон нутгийн ажил эзэнгүйдэх, төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулсан, үүнийг хуулиар хориглоогүй” хэмээн маргаж байна.
     Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Мыг томилсон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг  гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.5, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/189 тоот албан бичгийг тус тус үндэслэл болгожээ.
       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Тгийн мэдүүлэг зэргээс үзэхэд А сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон этгээдийг тухайн шатны Хурлаас Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ нь хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
        Мөн тухайн маргаан бүхий шийдвэрийг гаргах үед нэхэмжлэгч Гыг А сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргах нөхцөл байдал бүрдсэн  тодруулбал  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 зааснаар “...Засаг даргад дахин нэр дэвшүүлж томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн...” байсан нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаас дүгнэвэл хариуцагч аймгийн Засаг дарга тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байжээ.
         Улмаар  хариуцагч аймгийн Засаг дарга нь “Тухайн сум, орон нутгийн ажил эзэнгүйдэх, төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болох сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулсан” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилохыг хуулиар хориглоогүй, Гыг чөлөөлсөн үндэслэл нь ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлд хамааралгүй тул түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх боломжгүй” хэмээн маргаж байгаа ч эдгээр тайлбар  үндэслэлгүй болох нь дараах байдлаар тайлбарлагдана.
        Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ” хэмээн Засаг даргыг чөлөөлсөн тохиолдолд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг хуулиар нэгэнт тодорхойлсон, Гыг  сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлж улмаар Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох шийдвэрийг гаргах тухайн цаг үед А сумын Засаг даргын орлогч нь албан үүргээ хэвээр гүйцэтгэж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Тгийн мэдүүлгээр тогтоогдож байгаагаас дүгнэхэд хариуцагчийн “сум, орон нутгийн ажил эзэнгүйдэх, төрийн ажлыг тасралтгүй явуулах” зорилгоор үүрэг гүйцэтгэгч томилсон гэх тайлбар үндэслэлгүй байна.
        Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөөгүй тул уг зүйлийн 32.7 дахь заалт хамааралгүй” гэх тайлбар гаргаж байгааг ч мөн үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болсон “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэл Засаг даргыг чөлөөлөх, огцруулах харилцааг зохицуулсан тухайн зүйлд үгчлэн тусгагдаагүй  хэдий ч  “хуулийн заалт нь дангаар оршдоггүй улмаар эрх зүй нь хоорондоо уялдаа  бүхий байх” агуулгын хүрээнд тухайн 32.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Засаг дарга ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн байхаас үл хамааран тухайн албан тушаалтныг чөлөөлсөн ямар ч нөхцөлд хэрэгжих боломжтой. 
     Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үүрэг гүйцэтгэгч томилохыг хуулиар хориглоогүй” гэх тайлбартай холбогдуулан дүгнэхэд тухайн албан тушаалтны эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг чөлөөлсөн тохиолдолд “үүрэг гүйцэтгэгч” томилох  талаар тусгайлсан зохицуулалт нэгэнт байхгүй тул төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйд хуулиар хориглосноос бусад нь зөвшөөрөгдөх, захиргааны эрх зүйд хуулиар зөвшөөрөгдснөөс бусад нь хориглогдох зарчмын хүрээнд “Засаг даргын үүрэг гүйцэтгэгч” томилох талаар хуульд тусгайлан заагаагүй бол томилох эрх бүхий  албан тушаалтан  “үүрэг гүйцэтгэгч” томилох  шийдвэр гаргах үндэслэлгүй.
             Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч аймгийн Засаг даргын 2017 оны Б/07 дугаар захирамж хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн төрийн байгууллагад томилогдон ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

          4. Гын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно” гэж заажээ. Эндээс үзвэл ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан этгээдийг тухайн албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нөхцөлд уг этгээдэд ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох үндэслэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хууль бусаар албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй улмаар түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гараагүй тул  түүнд ажилгүй байсан хугацааны цалин олгох үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 32 дугаар зүйлийн 32.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Гыг Дорноговь аймгийн А сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг даргад даалгасугай.

        2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА