Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 029

 

И.Бахытгүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Казбек овогт Иванышын Бахытгүлийн нэхэмжлэлтэй, 2 дугаар багт оршин суух Хурман овогт Шаймуратын Ерболатад холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч И.Бахытгүл, түүний өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч Ш.Ерболат, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хувийг гаргуулах. тухай.

 

Хариуцагч Ш.Ерболат Дундын өмчид байсан 6000000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг буюу 2000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ш.Ерболат бид хоёр 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүүгээ төрүүлсэн бөгөөд хүүхдийг Ш.Ерболатын төрсөн ах Ш.Ардабек өргөж авсан. 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь хүүхэд төрсөн. Ш.Ерболат бид хоёр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тусдаа амьдарч байхад Ш.Ерболат шүүхэд гэр бүлээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцалсан. Бидний гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан 750 м.кв хашааны газар зах зээлийн ханшаар 1500000-2000000 төгрөг, хавтгай зурагт 1 ширхэг 1150000 төгрөг, гарнитур гал тогооны ком 1100000 төгрөг, 3 хаалгатай орос шкаф ком 1 ширхэг 750000 төгрөг, монгол хивс 3х4 хэмжээтэй 1 ширхэг 550000 төгрөг, цонхны хөшиг 1 ширхэг 750000 төгрөг, хөргөгч 1 ширхэг 900000 төгрөгийн эд хөрөнгө байгаа. Иймд бидний гэр бүлийн дундын өмч болох эд хөрөнгийн үнэ нийт 6100000 төгрөгөөс хүү Е.Асылан бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай гэр бүлийн хэрэгцээнд зориулсан 750 м.кв газар миний өмчлөлийн газар байсан. Би 2014 онд 07 дугаар сард өөрийн өмчлөлийн газраа А.Хайырбект сайн дурын үндсэн дээр бэлэглэсэн. Одоо дээрх 750 м.кв газар А.Хайырбекийн өмчлөлд байгаа нь үнэн. Нэхэмжлэлд дурдагдсан хавтгай зурагт байгаагүй. Харин хуучивтар akira маркийн зурагт байсан. Уг akiri маркийн зурагтын үнэ 250.000 төгрөг. Мөн гал тогооны тавилга 1.150.000 төгрөгийн үнэтэй биш. Уг гал тогооны тавилга хуучивтар байсан ба тухайн үеийн зах зээлийн ханш нь 250.000 төгрөгийн үнэтэй байсан. 3 хаалгатай хувцасны шүүгээ 750.000 төгрөг гэж нэхэмжлэлд дурдсан байна. Хувцасны шүүгээ 550.000 төгрөгийн үнэтэй байсан. 700.000 төгрөгийн үнэтэй хөргөгч гэсэн байна. Хөргөгч биш 300.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч байсан. Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нэхэмжлэлд дурдсан гал тогооны шүүгээ, зурагт, хөргөгч, хувцасны шүүгээ зэргийг газар дээр нь очиж үзэхгүйгээр нэхэмжлэгчийн хэлснээр, түүнд ашигтайгаар өндөр үнэлгээтэй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний гаргасан нэхэмжлэлийн дагуу Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышын эд зүйлд үнэлгээ тогтоох тухай дүгнэлтэд миний хуваарьт хөрөнгөнд үнэлгээ хийхдээ 3 хаалгатай орос хувцасны шүүгээг 550.000 төгрөгөөр, гал тогооны шүүгээг 250.000 төгрөгөөр, өнгөт akira маркийн зурагтыг 250.000 төгрөгөөр, хөлдөөгчийг 300.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үүнээс хойш 1 жил 6 сарын дараа дээрх эд хөрөнгөнүүдийг өндөр үнээр үнэлжээ. 3*4 хэмжээтэй монгол хивс, цонхны хөшиг зэрэг эд зүйлүүд надад байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: И.Бахытгүлтэй хамт амьдарч байх хугацаанд 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тирлик зах дотор миний аав, ээжийн өмчлөлд байсан Ел-Алтай дэлгүүрт бараа зарж 6.0 сая төгрөгийн орлого олсон. Уг мөнгийг И.Бахытгүлийн хадгаламжийн дансанд хийсэн. Би нэг ч төгрөг аваагүй. Иймд бидний дундын орлого, хөрөнгө болох 6.0 сая төгрөгөөс 2.0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбарын агуулга: Би уг дэлгүүрт ганцаараа худалдагч хийж байгаагүй. Ш.Ерболатын аав, ээж Ш.Ерболат нартай хамт бараа зардаг байсан. Дэлгүүрийн өдрийн орлого бүрийг өөрсдөө авдаг байсан. Уг 6.0 сая төгрөгийн миний аав, ээж надад өгсөн. Ш.Ерболатад ямар ч хамааралгүй мөнгө юм. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар Ш.Ерболатаас эд хөрөнгийн үнэ 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бахытгүлд олгож, хариуцагч Ш.Ерболатын нэхэмжлэгч И.Бахытгүлээс 2000000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бахытгүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112550 төгрөгийг, хариуцагч Ш.Ерболатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ерболатаас 112550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бахытгүлд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Ш.Берикболын гаргаж өгсөн үнэлгээ тогтоосон баримтыг биш 2016 оны 01 дүгээр сарын 18-ны үнэлгээг баримталсан нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий 700 м.кв газрыг Ш.Ерболат нь И.Бахытгүлтэй гэр бүл болохоос өмнө буюу 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрөөс үнэ төлбөргүй авсан. Нэгэнт Ш.Ерболат нь тухайн газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй авсан учраас уг газраа бусдад бэлэглэх, худалдах эрхтэй. Анхан шатны шүүх Ш.Ерболат, И.Бахытгүл нарын өмчлөлд тухайн маргаан бүхий газар байхгүй гэдгийг нотолсон аймгийн Улсын бүртгэлийн газрын нотлох баримтыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг газар дээр нь очиж үзэхгүйгээр нэхэмжлэгчийн хэлснээр, түүнд ашигтайгаар өндөр үнэлгээтэй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. И.Бахытгүл нь Ш.Ерболаттай хамтран амьдарч, аж ахуйгаа хамтран эрхэлж байхдаа олсон 6000000 төгрөгийг өөрийн хадгаламжид хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, И.Бахытгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ш.Ерболатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тухайн эд хөрөнгүүдийг шинээр худалдаж авсан ба худалдаж авсан үнээр нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй юм. Уг эд хөрөнгүүдийг 2014 оноос хойш Ш.Ерболат эзэмшиж, ашиглаж байгаа ба эд хөрөнгийн ашиглалтын явцын элэгдэл, хорогдлыг Ш.Ерболат хариуцах ёстой. Маргаан бүхий 700 м.кв газрыг гэрлэснээс хойш буюу 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан болох нь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 116 дугаар лавлагаагаар батлагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлээгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

1. Талуудын маргаж буй 7 төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн талаар хэрэгт 2 төрлийн үнэлгээ тогтоосон баримт авагдсан бөгөөд тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг эрх бүхий этгээд юуг үндэслэн энэ үнэлгээг гаргасан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Учир нь тэдгээр үнэлгээний баримтуудын аль алийг нь Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч үйлджээ.

 

2. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн талаар зохигч маргаж байгаа бөгөөд тухайлбал, телевизор, хөргөгч, хивс зэрэг эд хөрөнгийн чанар байдлын талаар талууд зөрүүтэй тайлбарлажээ. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан маргаан бүхий эд хөрөнгүүдэд үзлэг хийлгэх, улмаар хэрэгт авагдсан үнэлгээний баримтууд нь эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэж, үнэ тогтоолгох тухай хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 741 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журамд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

3. Нэхэмжлэгч И.Бахытгүл нь маргаан бүхий эд хөрөнгөөс өөрт болон гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохгүйгээр маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112500 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Ш.Ерболатад буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112500 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Ш.Ерболатад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК