Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 12

 

Б.Батболдод холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0014/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
Прокурор: Б.Уранцэцэг /онлайнаар/,
Ялтны өмгөөлөгч: Т.Хүдэр /онлайнаар/,
Ялтан: Б.Батболд /онлайнаар/ нар оролцов.
 
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор эрүүгийн 201617000353 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Одкон хотхоны 1-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, гэх  Тожиламбаа овогт Бөхбатын Батболд /РД:ЛЮ94052114/,
Б.Батболд нь согтуугаар 2016 оны 11 сарын 21-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice” караокед иргэн Ч.Батзолбоог үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Батболдыг  үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Б.Батболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Б.Батболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Батболдод хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, түүнийг цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Батзолбоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Батболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Т.Хүдэр нь давж заалдах гомдолдоо: ... Хохирогч Ч.Батзолбоо, Б.Батболд нар нь Батлан хамгаалахын их сургуульд хамт суралцаж байсан.  Сурч байхдаа Батболдыг Батзолбоо нь дэгэлдэг байсан бөгөөд энэ шалтгаанаас болж тухайн хэрэг гарсан байхад шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ уг мэдүүлгийг  нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй. Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Батболд нь догшин авирлан танхайрсан гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн дүүрэн хангаж чадаагүй. Хувийн таарамжгүй харилцаанаас буюу Батзолбоо гэгч нь Батболдыг оюутан байхад нь дарамталдаг байсныг санаж хоорондоо  маргалдан Батзолбоогийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байхад дээрхи үйлдлийг нарийн сайн тодруулахгүйгээр Батболдыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Б.Батболд нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice” караокед иргэн Ч.Батзолбоог үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Батзолбоогийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Намайг “00” өрөөнд бие засаад зогсож байхад хөөе гэхээр нь эргээд хартал зүүн нүдний орчим гараараа цохисон. Би Батболдыг их сургуульд байхдаа дарамталж байгаагүй ... гэх /хх-7х/
Гэрч Х.Мөнх-Эрдэний  мөрдөн байцаалтад өгсөн: ... намайг “00” өрөө ороход Батболд өөдөөс гарч ирсэн. Харин нөгөө хүн нь доошоо тонгойгоод сууж байсан ... гэх /хх11х/
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Батзолбоо бид хоёр бааранд орсон. Удалгүй бие засах гэж гараад хүнд зодуулчихлаа гээд ирсэн ... гэх мэдүүлгүүд /хх14х/
Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Батзолбоотой Батлан хамгаалахын их сургуульд хамт суралцаж байсан. Тэр өдөр бааранд тааралдахаар нь гэнэт намайг дэглэж байсан нь санагдаад уур хүрээд зүүн шанаа руу нь цохисон... гэх мэдүүлгүүд /хх-26х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 493 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Батболдын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Б.Батболд, Ч.Батзолбоо хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаанаас болж маргасан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул ялтны өмгөөлөгч Т.Хүдэрийн “гэмт хэргийн субьектив талын шинжийг буруу тодорхойлж, хэт нэг талыг барьж шийдсэн. Зүйчлэлийг зөвтгөж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.СҮХГОМБО