Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0369

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0189 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Г.Г-ын нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0189 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д заасныг баримтлан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгон Г.Г-ыг урьд эрхэлж байсан Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 15.834.276 /арван таван сая, найман зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун далан зургаан/ төгрөгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж Г.Г-д олгох, уг хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баритуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт хийсэн. Тухайн албан хаагч ёс зүйг мөрддөг эсэх, үйлчлүүлэгч болон хамт олонтойгоо ямар харилцаатай байдаг эсэхийг түүгээр үйлчлүүлж байгаа болон тухайн этгээдтэй хамт ажиллагсад тодорхойлох боломжтой. Энэ ч үүднээсээ Г.Ганзоригтоос үйлчилгээ авч байсан хүмүүс болон хамт ажиллагсдаас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэрч Д.Т-ийн мэдүүлэг дээр “Г.Ганзоригттой удаа дараа очиж уулзахад хүлээж авдаггүй, бичиг баримттай ч танилцдаггүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлаж асуухад чамд хариу өгөх шаардлагагүй гэдэг. Энэ хүний үйлдэлд би гомдолтой байдаг” гэж, гэрч Ц.Д-ын мэдүүлэг дээр “хувийн асуудал биш, ажил төрлийн холбоотой асуудал, би төрийн үйлчилгээг авах гэж л ордог байсан. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр очиж маргаж байсан” гэж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн магадлалын 3 дахь хуудас “Г.Г-ын хууль бус үйлдлийн талаар нотлох баримтууд байгаа гэх гомдлыг хангаж анхан шатны шүүхээр дахин шийдүүлэхээр буцаасан” зэрэг баримтууд байна. Г.Г-той хамт ажиллаж байсан гэрч Б.А-д: “Гаднаас хүн дагуулж орж ирэх асуудал байнга гардаг, дагуулж ирсэн хүмүүст үйлчилж, бусад харилцагч иргэд үүн дээр гомдол гаргадаг байсан, ажил хийхэд хүндрэлтэй байдал үүсгэж утсаар чанга дуугаар ярьж олон хүн цуглуулдаг байсан, түүнтэй холбоотой гомдлууд бичгээр гарч байсан”, Гэрч Д.Б: “ажлын ачаалалтай холбоотойгоор зарим үл ойлголцол байдаг, хурал дээр бусад ажилчдын саналыг асууж байсан. Ихэвчлэн хүмүүс түүнийг харьцаа муутай гэж тодорхойлж байсан”, Гэрч Б.Б: “ачааллаа даадаггүй ч юм уу бусадтай таагүй харьцаж байгаа нь их ажиглагддаг байсан, ажилчид ихэнх нь түүнийг харилцааны доголдолтой гэж үздэг”. Ийнхүү гэрчүүд түүний зан байдлын талаар тодорхойлсон байдаг. Г.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тэрээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй билээ. Г.Г-д холбогдуулан гаргасан гомдлууд нь түүнийг ажлаа зүй зохистой гүйцэтгэж чадаагүй байдалтай холбоотой байх бөгөөд иргэдийн зүгээс үндэслэлгүй, хувийн чанартай гомдлууд гэх зүйл хэрэгт авагдаагүй атал шүүхээс ажлын ачаалалтай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албан хаагчдад тусгайлан ёс зүйн дүрэм байгаагийн учир нь хууль зүйн мэдлэггүй, бухимдалтай иргэдийн эсрэг эрх мэдлээ далайлган харилцах, улмаар тэдэнтэй ёс зүйгүй байх зэргээс сэргийлэх зорилготой. Гэтэл ажлын ачааллын улмаас иргэдтэй зүй бусаар харилцдаг байжээ хэмээн түүний ёс зүйгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй юм. Г.Г нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2012 оны 01 сарын 25-ны өдрийн А-1 тушаалаар Хүний нөөц, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон бөгөөд түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээ болоод ажлын байрны тодорхойлолт зэргээс харахад хүний нөөцийн ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд ээлжийн амралтын хуваарь боловсруулах, байгууллагын дотоод бичиг хэрэг төлөвлөх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл тэрээр эл үүргээ хэтрүүлэн ашиглаж үндсэн амралт 15 хоног байх ёстойгоос 20 хоногоор эдлэх буюу 5 хоногоор илүү амрах хуваарь батлуулсан. Ээлжийн амралтын хуваарь батлуулах, түүнд олговор олгох нь дарга, нягтлангийн үүрэг гэж шүүхээс дүгнэж байгаа боловч тухайн нөхцөл, тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа тушаал шийдвэрээр Г.Г бүрэн эрхтэй этгээд болох нь нотлогддог. Түүнийг ээлжийн амралтаа илүү эдэлж байгаа талаар хариуцагч байгууллага мэдсэн даруйдаа түүнд мэдэгдэл хүргүүлсэн байдаг бөгөөд Г.Г ч энэ талаар мэдсэн атлаа нийт 34 хоног амарч, 2017 оны 08 сарын 31-ний өдөр ажилдаа орсон талаарх үйл баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, ажилтанд ээлжийн амралтын олговор олгох, хуваарь батлах үүрэг нь эрх бүхий этгээдүүдэд байсан гэж үзсэн ч төрийн байгууллага алдаагаа засан ажилтанд мэдэгдэл хүргүүлж, ажилдаа хуулийн хугацаандаа орохыг сануулж байсан ч тэрээр би өвчтэй хүн, хуулиа унш гэх зэргээр өөртөө амралт олгож байгаа үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй билээ. Төрийн байгууллагын хувьд ажилтан, албан хаагчдад тавих шаардлага хуулийн хүрээнд байх ёстой бөгөөд энэ ч үүднээсээ эмнэлгийн магадалгаанд тавигдах журам, стандартын дагуу Г.Г-ын магадалгаанд дүгнэлт хийж, хүчингүй акт болохыг нь тогтоож, ажил тасалсан гэж дүгнэсэн байгааг нь буруутгах боломжгүй. Шүүхийн зүгээс яг ижилхэн нотлох баримтуудыг 2 байдлаар үнэлээд байгаа нь зохимжгүй байна. Учир нь хэргийн оролцогч, өмгөөлөгчийн зүгээс өвчтэй байгаа байдлаа нотлон эмчийн магадлагааг хүргүүлэхэд ерөнхий эмч гарын үсэг зураагүй хүчингүй акт гэж дүгнэдэг мөртлөө мөн адил эмчлэгч эмчийн хугацаа дууссан тамгатай, ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй магадалгаа байсаар атал эмнэлэгт ямар ч байсан үзүүлжээ гэж хувь хүнд нь тааруулан нотлох баримтуудыг ялгавартай үнэлж байгаад гомдолтой байна. Ийнхүү Г.Г нь илүү амралт эдэлж байгаа талаараа мэдсэн атлаа 5 хоног ажилдаа ирээгүй, хүчингүй эмнэлгийн магадалгаа үзүүлэн 5 хоног ажил тасалсан зэрэг үйлдлүүд гаргасан байх бөгөөд эдгээр үйлдлүүдийг нь БОЯ-ны дэргэдэх ёс зүйн зөвлөл шалган тогтоож  Г.Г-д мэдэгдэн, сонсгож, дүгнэлттэй танилцуулсан байдаг. ...Газрын мэдээллийн санг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээллийн сан хариуцсан ажилтан нь яамнаас биечлэн хүлээн авч, түүнийг цаашид хөгжүүлэх, хадгалах үүргийг хүлээсэн. Уг мэдээллийн сан нь Байгаль орчин аялал жуулчлалын яам болон түүний харьяа байгууллагуудын албаны нууцад хамаарах талаар Тагнуулын ерөнхий газрын албан бичиг хэрэгт авагдсан. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллага тусдаа нууцын жагсаалт гаргасан эсэхээс үл хамааран тухайн мэдээллийн сан нь албаны нууц байх бөгөөд түүнийг биечлэн хүлээн авсан этгээд болох Г.Г нь бусдад задруулахгүй байх, улмаар тэдгээр мэдээлэл агуулсан компьютерыг бусдад ашиглуулах зэргээс зайлсхийх үүрэгтэй юм. “Д Ж П” ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар зөвхөн хяналтын хэмжилт хийх талаар тусгасан байх бөгөөд хэмжилтийн цэгийг зайлшгүй компьютерт суулгах үүргийг зураг зүйн компани хүлээгээгүй байна. Энэ талаар Г.Ганзоригтын ажлыг хүлээн авсан н.Б гэрчээр мэдүүлэхдээ “Г.Г-ыг ажлаас халагдсанаас хойш н.Г гэх хүн ирээгүй, хэмжилт хийлгэсэн мэдээллээ би мэйлээр аваад өөрөө компьютертээ суулгадаг” гэдэг. Эдгээр баримтуудад дүгнэлт хийхэд хэмжилт хийлгэсэн мэдээллийг ямар ч хэлбэрээр аваад тухайн ажлын компьютерт суулгаж, ашиглах боломжтойгоос гадна тухайн компьютерт суулгаж хэрэглэх нь Г.Г-ын үүрэг атал тэрээр гуравдагч этгээд н.Г гэгчид удаа дараа мэдээллийн сан агуулсан компьютерыг ашиглуулж, түүгээр өөрийн гүйцэтгэх ёстой ажлаа хийлгэж байсан гэдэг нь нотлогдож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхпэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл чөлөө олгож, энэ хугацаанд түүний ажил үүргийг зохицуулж ажиллахыг Г.Ганзоригтод үүрэг болгосон байдаг. Гэтэл Г.Г нь Ц.Д-г ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 05, 06 гэсэн өдрүүдэд иргэдэд тодорхойлолт гаргаж өгсөн байх ба энэ нь гагцхүү тухайн байгууллагын даргын гарын үсэг л зурагдах ёстой албан тоотууд юм. Ийнхүү аливаа бичиг, хүсэлтийг өөрөө дур мэдэн шийдвэрлэдэг талаарх үйлдлийг нь нотолж байхаас гадна бичиг хэргийн ажилтан Алтансувдын мэдүүлгээр давхар нотлогддог. Эдгээр баримтуудад шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй болно. Г.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээний хэрэгжилтээ өөрөө хариуцан тайлагнах үүрэгтэй байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хамт олны хурал дээр үр дүнгийн гэрээний тайлангаа өгөлгүй ганцаараа үлдсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дүгнүүлэх үүрэг нь ажилтанд өөрт нь байгаа төдийгүй эл үүргээ 2 ч удаа зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдсан байгаа юм. Ийнхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурьдсан нотлоогүй гэх зөрчлүүд тус бүрийг нотолсон баримт хэрэгт байгаа бөгөөд шүүхийн зүгээс эдгээр баримтуудад дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагаа хангаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байх хугацааны цалинд 11 368 004 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүхийн зүгээс түүнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн 15 834 276 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хэдий хэмжээний мөнгө нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд Г.Г ч энэ эрхээ эдлэн цалингийн хэмжээгээ тодорхойлсон байхад шүүх тэрхүү хязгаарыг даван шийдвэрлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Г нь “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэсэн зарим үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Маргаан бүхий Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай”  Б-37 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6, 9.3.7, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ёс зүйн хорооны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11/5483 дугаар дүгнэлт зэргийг баримталсан байх ба нэхэмжлэгч Г.Г-ыг  “Иргэд, үйлчлүүлэгчид болон алба хаагчдыг доромжилж харьцдаг”, "Хүний нөөц, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглаж өөрийнхөө амралтын хугацааг хууль бусаар нэмэгдүүлсэн тооцоог гаргаж өгснөөр 2013-2017 онуудад жил бүр 5 хоногийн амралтын мөнгө буюу нийт 383,283 төгрөгийн төсвийн мөнгийг завшсан”, “Тусгай хамгаалалттай газрын байршил, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерыг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан”, “Аливаа албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланк дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлэх гэж дур зоргоороо авирладаг”, “Зарим өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй”, “Удирдлагаас өгсөн шийдвэр, үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй”, “2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлын 5 хоног хуурамч эмнэлгийн магадалгаа өгч ажил тасалсан” зэрэг удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халжээ.

Анхан шатны шүүх дээр дурдсан зөрчлүүдээс “Тусгай хамгаалалттай газрын байршил, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерыг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан”, “Аливаа албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланк дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлэх гэж дур зоргоороо авирладаг”, “Зарим өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй”, “Удирдлагаас өгсөн шийдвэр, үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй”, “2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлын 5 хоног хуурамч эмнэлгийн магадалгаа өгч ажил тасалсан” зэрэг зөрчлүүдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлүүдийг тодорхой тогтоогоогүй, яг ямар үүрэг даалгавар өгсөнийг удаа дараа биелүүлээгүй нь ойлгомжгүй, эмнэлэгт үзүүлсэн нь нотлогдож байхад зохих журмаар баталгаажиж хүчин төгөлдөр болоогүй магадлагаа ирүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Д Ж П” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хэмжилтийн цэгийг зайлшгүй компьютерт суулгах үүргийг зураг зүйн компани хүлээгээгүй байх боловч гэрч Д.Г, М.А, Н.Э, Д.Б нарын мэдүүлгээс үзвэл Богдхан уулын харуулын байруудын хэмжилтийн өгөгдлийг мэргэжилтний суурь зураг дээр харилцан ярилцсаны үр дүнд засварлаж оруулдаг байсан, мэргэжлийн хүний тусламжтай газар хэмжилтийн ажил хийлгэж түүнийгээ мэдээллийн санд оруулах шаардлагаар Д.Г-д компьютер ашиглуулдаг байсан үйл баримт тогтоогдсон, М.А-ын тухайд байгууллагын даргаас хүлээлгэсэн үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийн бүрдэл, архивын ажилтай холбоотойгоор сул компьютерт  ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдсон байна.

Дээрх зөрчилд Г.Г-ыг шууд гэм буруутайд тооцох, байгууллагын нууц задруулсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Г.Г-ын албан тушаалаа урвуулан ашигласан тухай” 1161 дүгээр албан бичгээр анх шүүхэд мэдэгдсэн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д-д 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхпэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал чөлөө олгон, түүний ажил үүргийг зохицуулж ажиллахыг Г.Г-д үүрэг болгосон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр даргыг орлож гарын үсэг зурахдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр 6 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхойлолт гаргаж өгсөн” гэх зөрчил нь маргаан бүхий Б-37 дугаар тушаалын үндэслэл болоогүй, зөрчлийн шинж, агуулга нь тушаалд заасан “Аливаа албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланк дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлэх гэж дур зоргоороо авирладаг” гэх зөрчилд хамаарахгүй байна.

Мөн тухайн байгууллагад ирсэн бичиг нь замбараагүй, удирдлагын цохолтгүй албан бичиг хүлээн авч шийдвэрлэдэг талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж дээрх алдааг бичиг хэргийн ажилтан н.Лхагва-Очирын буруутай үйлдэлтэй холбоотойг тогтоосон байх ба маргаан бүхий актад баримталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.7 дахь заалтыг бичиг хэргийн ажилтанд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт гэж ойлгохоор байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг хэргийн ажилтан Б.А-д “байгууллагад ирсэн бичиг байхгүйгээр хийгдсэн үйл ажиллагаа Г.Ганзоригттой холбоотой удаа дараа гарч байсан” талаар мэдүүлсэн байх боловч тэрээр нэхэмжлэгчийг ажлаас халагдахаас 11 хоногийн өмнөөс буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс уг ажлыг эрхэлж байгаа гэх тул дээрх зөрчлийг нотолсон хангалттай нотлох баримт гэж үзэхгүй.

Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийг хууль бусаар байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан, бусдад хууль бусаар албан бичиг олгосон гэж үзэж байгаа тохиолдолд эрүүгийн журмаар шалгуулах боломжтойг дурьдах нь зүйтэй.  

Иймд дээрх зөрчлүүдийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүх маргаан бүхий актад заагдсан бусад зөрчлүүдийн тухайд холбогдох нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, зарим зөрчлийг гаргасан болох нь баримтаар нотлогдож байгааг анхаараагүй байна. Тодруулбал,

“Иргэд, үйлчлүүлэгчид болон алба хаагчдыг доромжилж харьцдаг”: Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх” гэж заасан ёс зүйн хэм хэмжээг төрийн захиргааны албан хаагч дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тэрээр хамтран ажиллагсадтайгаа таагүй харьцдаг, бусдад дээрэлхүү, бусдыг доромжилж харьцдаг зэргээр зан байдлын хувьд доголдолтой болох нь гэрч Б.А, Д.Б, Б.Б нарын мэдүүлэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, хамт олны хурлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл зэргээр нотлогджээ.

Дээрх зөрчил нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан үүргээ зөрчсөнд хамаарах бөгөөд уг зөрчил үргэлжилсэн шинж чанартай тул хөөн хэлэлцэх хугацааг хамт олны хурал дээр ажилчид санал шүүмж хэлсэн хугацаанаас тооцох боломжтой гэж үзнэ.

Иймд хариуцагчаас гаргасан “...ажлын ачааллын улмаас иргэдтэй зүй бусаар харилцдаг байжээ хэмээн түүний ёс зүйгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэх гомдол үндэслэлтэй бөгөөд харин гэрч Д.Т, Ц.Д нар нь газрын талаар шүүхэд маргаантай байгаа иргэд байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв нотлох баримтад тооцох боломжгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн магадлал Г.Г-ын иргэд, үйлчлүүлэгчийг доромжилж харьцдаг” гэх зөрчил гаргасныг нотлох нотолгоо болж чадахгүй тул  энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

"Хүний нөөц, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглаж өөрийнхөө амралтын хугацааг хууль бусаар нэмэгдүүлсэн тооцоог гаргаж өгснөөр 2013-2017 онуудад жил бүр 5 хоногийн амралтын мөнгө буюу нийт 383,283 төгрөгийн төсвийн мөнгийг завшсан”:

Нэхэмжлэгч нь 2013 оноос 2017 оны хооронд ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 хоногоор тооцон ээлжийн амралтаа эдэлж байсан үйл баримт тогтоогдсон ч түүнд өөрийн цалин хөлсөө тооцож олгох чиг үүрэг олгогдоогүй, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгүй шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

Хэдийгээр Хөдөлмөрийн дотоод журмын 6.9, 6.10, 6.11-т зааснаар ажилтны ээлжийн амралтыг бүтэн эсхүл хэсэгчлэн эдлүүлэх, мэдэгдэл өгөх, амарсан болон ажилдаа орох хугацааны нэгдсэн бүртгэл хөтлөх зэрэг үүргийг хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэсэн байх ч журмын 6.8-д заасан ээлжийн амралтын хугацааг тогтоох үүрэг хүлээлгээгүй, мөн нэхэмжлэгч нь ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалын төслийг боловсруулдаг байх боловч эрх бүхий албан тушаалтан нь ээлжийн амралтын хугацааг хянаж зөв тооцсон эсэхийг зайлшгүй шалгах үүрэгтэй болно.

Харин байгууллагаас нь ээлжийн амралтаа илүү эдэлж байгаа талаар Г.Г-д мэдэгдэхэд тэрээр 8 дугаар сарын 31-нд ажилдаа орсон үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн зөрчилд хамааруулахаар байх боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, “5 хоног ажил тасалсан зөрчилд” өөр зөрчлийг хамааруулсан байх тул дээрх зөрчлийг тооцох боломжгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Г.Г нь “Иргэд, үйлчлүүлэгчид болон алба хаагчдыг доромжилж харьцдаг” гэх зөрчилд гэм буруутай байх боловч Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил нь ноцтой боловч сахилгын хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгож хэрэглэсэн нь оновчгүй шийтгэл болжээ.

Иймд шүүх нэхэмжлэгч Г.Г-ыг Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хуульд нийцэх бөгөөд харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцож олгосон, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тооцохдоо нэг сарын цалинг 807,445 төгрөгөөр /үндсэн цалин, хавсран ажилласан, төрийн алба хаасны болон зэргийн нэмэгдэл/ тооцож, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил 5 сарын цалин хөлстэй тэнцэх 13,726,565 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ 11,368,004 төгрөгийн цалинтай тэнцэх олговор шаардсан ч шүүхийн шийдвэр гарах өдрөөр хугацааг тооцож олговор олгосныг нэхэмжлэлийн шаардлагаас хүрээнээс хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 13-14 дэх хуудас шилжих хэсэгт агуулга бүхэлдээ орхигдсон, 14-15 дугаар хуудас шилжих хэсэгт агуулга давхацаж бичигдсэн зэргээр алдаа гаргасныг цаашид анхан шатны шүүх анхаарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэвэл зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0189 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын  “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д” гэснийг  “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1.3-д” гэж, 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4” гэж, “15.834.276 /арван таван сая, найман зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун далан зургаан/” гэснийг “13.726.565 /арван гурван сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун жаран тав/ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН   

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН