Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 402

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 11-09 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, ОЮ63060765 регистртэй, Борлууд овогт Зугдарын Батнасангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч З.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл оёдолчноор, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ёл” хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Би тэтгэвэрээ тогтоолгоод авч байсан. Гэтэл Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр засвартай байна, шүүхээр тогтоолгож ир гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч З.Батнасан нь 1984 оны 3 дугаар сараас 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ёл” хоршоонд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвөөс 1984 оны 2 дугаар сарын 12-ны өдөр З.Батнасанд нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Зугдарын Батнасангийн Увс аймгийн Тэс сумын ахуйн үйлчилгээний төвд 1984 оны 4 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал оёдолчноор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

4. 1985 оны 7 дугаар сарын 2-ны өдөр З.Батнасанд олгосон оёдолчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

5. Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд “АҮУГ-ын оёдолчин Зугдарын Батнасан нь нярай хүүхдээ 6 сартай болтол нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан тул түүнд 90 хоногийн чөлөө олгосугай” гэжээ,

6. Увс аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тодорхойлолт,

7. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 326 албан тоот,

8. Гэрч Ц.Цогтоогийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос 1994 оны 6 сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд тоо бүртгэгчээс эхлээд ерөнхий нягтлан бодогч хүртэл дэвшин ажиллаж байсан. З.Батнасан нь 1984 манай Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж 1987 он хүртэл ажиллаад гэр бүлийн хамтаар аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар руу шилжсэн хүн байгаа юм. Миний санаж байгаагаар түүний нөхөр нь аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсан учраас нөхөртэйгээ суугаад манай байгууллагаас гарсан санагдаж байна. З.Батнасан ажиллаж байхдаа урлагийн арга хэмжээнд байнга оролцож шагнал урамшуулал олон авч байсан. Тэс сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар Содномцэрэн, Мишиг, Г.Дарамбазар, Ганболд нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ж.Жавзангийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. З.Батнасан нь манай Ахуй үйлчилгээний төвд 1984 оноос оёдолчноор ажилд орж 1987 он хүртэл ажиллаад гэр бүлтэй болж ажлаас чөлөөлөгдөн Улаангом сум руу шилжсэн санагдаж байна. Миний санаж байгаагаар З.Батнасан ажилдаа маш сайн, дуу гоё дуулдаг байсан бөгөөд түүний төрсөн эгч З.Мядаг нь манайд мөн л оёдолчноор ажилладаг байлаа. Бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тэс сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар Содномцэрэн, Мишиг, Г.Дарамбазар, Ганболд, Энэбиш нар ажиллаж байсан юм ” гэх мэдүүлэг,

10. Гэрч Ц.Цогтоогийн Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ж.Жавзангийн Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5288 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.   

       Нэхэмжлэгч З.Батнасан нь 1984 оны 3 дугаар сараас 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ёл” хоршоонд тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвөөс 1984 оны 2 дугаар сарын 12-ны өдөр З.Батнасанд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдал нь бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн З.Батнасангийн цалингийн тодорхойлолт, 1985 оны 7 дугаар сарын 2-ны өдөр З.Батнасанд олгосон оёдолчны үнэмлэх, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тодорхойлолт, гэрч Ц.Цогтоо, Ж.Жавзан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч З.Батнасангийн хүсэлтийг хангаж, 1984 оны 3 дугаар сараас 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд 2 жил, 11 сар, 11 хоног оёдолчноор, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 4 жил, 9 сар, 27 хоног оёдолчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ёл” хоршоонд 3 жил, 3 сар оёдолчноор, нийт 11 жил, 8 хоног оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Зугдарын Батнасангийн  1984 оны 3 дугаар сараас 1987 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвд 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 11 /арван нэг/ хоног оёдолчноор, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 4 /дөрөв/ жил, 9 /ес/ сар, 27 /хорин долоо/ хоног оёдолчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ёл” хоршоонд 3 /гурав/ жил, 3 /гурав/ сар оёдолчноор, нийт 11 /арван нэг/ жил, 8 /найм/ хоног оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР