Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2023/00037

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 140/ШШ2023/00440 дугаар шийдвэртэй

Б.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох Ж.*******, Б.*******э нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Тохиролцооны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч Б.*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б.*******э, хариуцагч Д.*******т холбогдуулан Ж.*******, Б.*******э нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Тохиролцооны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Би 2019 оны 9 дүгээр сарын 09-нд Ж.******* гэдэг хүнтэй нотариатыг газар очиж тохиролцооны гэрээ байгуулсан. Тухайн үед нотариатын газар ******* гэдэг хүн байсан, тэр хүнээр гэрээгээ батлуулсан. Тухайн гэрээг Ж.*******гийн шахалтаар хийсэн. Тухайн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан боловч гэрээн дээр 2018 он гэж бичигдсэн байсан. Түүнийгээ тэр даруйд нь 2019 он болгож засаж байсан. Тухайн гэрээг байгуулах үед энэхүү гэрээний үр дагаврыг тайлбарлаж хэлсэн хүн байхгүй байсан гэв.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Б.*******э, Ж.******* хоёрыг гэрээ батлуулах үед би ажлын байран дээрээ байгаагүй гадуур ажилтай байсан. Манай туслах *******гээр уг гэрээг батлуулсан байсан. Гэрээний талаар *******гээс асуухаар өөрсдөө оруулж ирээд батлуулаад гарсан гэдэг, тэгэхээр нь би чи хуулбарлан авахгүй яасан юм гэхээр манай нотариатын газар хуулбарлан өгөөгүй байсан. Дараа нь Б.*******э, Ж.******* нарыг батлуулсан гэрээгээ аваад ир гэхээр авчирч өгдөггүй. Тухайн үед гэрээ байгуулах гэж байгаа гээд яриад яваад байхаар нь хоорондоо сайн ярьж байж батлуулаарай, дараа нь бөөн маргаан гардаг шүү гэж анхааруулж хэлж байсан. Тухайн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ, гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж байж хуулийн хүчин төгөлдөр болдог хэлцэл биш талууд гэрээн дээр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээ батлуулсан үйлдлийг үгүйсгэж байгаа учраас би үүнийг нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн гэрээг манай туслах баталсан. Би *******г энэ 2 хүний гэрээг заавал батлаарай гэж хэлээгүй, гэрээний талаар надаас зөвлөгөө аваагүй, гэрээгээ надаар батлуулсан бол би зөвлөгөө мэдээ өгөх боломжтой байсан. Манай туслахын баталсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.******* тайлбартаа:

....Энэ гэрээг намайг хүсэл зоригийнхоо төлөө хийсэн гэж байна. Гэтэл уг гэрээг Б.*******ийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийсэн. Намайг гэрээ хийе, гэрээгээ хийгээч гээд олон сар надаас шалж явсан. Би тухайн үед гэрээ дундуур нь салгуулчихаад хамаг л газар өргөдөл гаргаж байж Б.*******ийн эхлүүлсэн ажлыг зогсоолгосон. Бүрэн бүтэн байсан 5 айлын орон сууцыг салгаж нураахаар би хаана амьдрах юм бэ, намайг ажилд явсан хойгуур хамаг ажлыг эхлүүлсэн. Тэгээд намайг чи бүх газраар явж өргөдөл гаргасан байна лээ гээд шүдээ зууж хонзогнож эхэлсэн. Тэгээд би тантай гэрээ хийнэ, би энэ айлуудтай гэрээ хийчихлээ гэсэн. Тэгээд тантай гэрээ хийнэ гээд миний ажил дээр ******* гэдэг хүнтэй ирж 2, 3 сар ээрсэн. Тухайн үед надад Б.*******этэй гэрээ хийх шаардлага байгаагүй. Тэгээд гэрээ хийхгүй яваад байсан чинь ******* гэдэг хүнтэй ирчихээд за би танд байр өгье орон гэрээ буулгачихсан, хүйтрэх гээд байна, өнөөдөр сайн өдөр тантай гэрээ хийе гэхээр нь би нотариатын газар хамт очсон. Тухайн үед гэрээ хийхдээ өөрийнхөө хүсэл зоригоор хийсэн, мөн өмгөөлөгчөөс асууна гэж хэлээд асуучихлаа гээд янз бүрийн юм болж байж байгуулсан. Тухайн гэрээн дээр 2018 он гэж бичигдсэн байсан. Би нотариатын хүнтэй хуйвалдаж хийчихлээ гэж харж байсан. 2018 он гэж бичсэн байсныг нь би өөрөө олж харж байж утсаар хэлээд маргааш нь ирж засуулсан. Гэтэл нотариатч хүүхэн нь нэг заалт нэмчихье тийм байна ш дээ гээд нэмсэн. Хүний амьдарч байсан орон гэрийг балгас болгочихоод өнөөдөр ийм зүйл яриад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээ хийе гэж байгаад хийсэн биш, гэрээ хийхгүй гэхээр хийе, би орон гэргүй болчихлоо, та гарын үсэг зурчих юм бол энэ барилгыг барих гээд байна гэж хэлж байсан гэв.

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7, 21.3.6, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д тус тус зааснаар Завхан аймгийн тойргийн нотариатч Д.*******ийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.*******э, Ж.******* нарын хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгож шийдвэрлэжээ.

5.    Гуравдагч этгээд Ж.*******гийн өмгөөлөгч Ө.*******ын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...Нэг. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ 2019.09.09-ний өдөр Ж.******* болон Б.*******э нарын хооронд байгуулсан "Тохиролцооны гэрээ"-г нотариатаар гэрчлүүлэх үед нотариатч Д.******* гэрчлээгүй, түүний туслах ажилтан Д.******* гэрчилсэн тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Иргэн Ж.******* болон Б.*******э нар харилцан тохиролцож, 2019.09.09-ний өдөр Ж.******* болон Б.*******э нарын хооронд байгуулсан "Тохиролцооны гэрээ"-гээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 42.2-т "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж, мөн хуулийн 43.2. Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1. талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; 43.2.3 "хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн" гэж тус тус заажээ. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хэлцэл хийсэн тохиолдолд түүнийг хүчин төгөлдөр бусад тооцохоор Иргэний хуулийн 56.1.8-т зохицуулсан. Харин Б.*******э болон Ж.******* нарын 2019.09.09-ний өдөр байгуулсан "Тохиролцооны гэрээ"-г байгуулах хэлбэрийг хуулиар тусгайлан тогтоогоогүй буюу нотариатаар гэрчлүүлэхээр заагаагүй тул талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Талууд сайн дурын үндсэн дээр, байгуулсан гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд Гуравдагч этгээдийн зүгээс Б.*******ийг гэрээгээ биелүүлэх байдалд нь илүү хариуцлагатай хандуулах үүднээс тус гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьсан. Тус зорилгоор гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******гээс Б.*******эд холбогдуулан 2010.09.09-ний өдөр Ж ******* болон Б. *******э нарын хооронд байгуулсан "Тохиролцооны гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Нотариат гэрчилсэн гэрчлээгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ИХ-ийн 42.2. 43.2.1, 196.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр тул нотариатч Д.*******ийн Б.*******э болон Ж.******* нарын 2019.09 09-ний өдөр байгуулсан "Тохиролцооны гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул эрх зүйн ач холбогдолгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нотариатын гэрчилсэн Тохиролцооны гэрээг нотариатаар баталгаажуулж, хүчин төгөлдөр болох эсэх, нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь гэрээг мөн хүчингүй гэж үзэх үндэслэл болох эсэх асуудалд Иргэний хуулийн холбогдох дээр дурдсан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхгүйгээр, энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. Хоёр. Маргааны зүйлийг буруу тодорхойлж, хэргийн харьяаллыг зөрчсөн. Иргэний хэргийн шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж, 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэхээр хэргийн харьяаллыг хуулиар тогтоож өгсөн. Нэхэмжлэгч нь 2019.09.09-ний өдөр Ж.******* болон Б.*******э нарын хооронд байгуулсан "Тохиролцооны гэрээ"-г нотариатаар гэрчлүүлэх үед нотариатч Д.******* гэрчлээгүй, түүний туслах ажилтан Д ******* гэрчилсэн тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар маргасан. Тодруулбал талуудын маргааны зүйл нь нотариатч Д.******* өөрийн нотариатын үйлдэл хийх эрхээ болон тамга, баталгааны тэмдгийг туслахдаа шилжүүлсэн гэх үйлдэл байна. Нотариатын тухай хуулийн 21.2-т нотариатчийн хүлээх үүрэг, 21.2.7-т "нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх", 21.3-т нотариатчийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 21.3.8 хуулийн хэм хэмжээг зорчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх гэж тус тус заажээ. Хуульд заасан энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор, уг зөрчлийг гаргасан нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 18.1.5-т зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүчингүй болгохоор тусгайлан хуульд заасан байна Нотариатын тухай хуулийн 51 1-т зааснаар нотариатын үйл ажиллагаанд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл гэх хуулиар тусгайлсан эрх, чиг үүрэг нь олгогдсон төрийн захиргааны байгууллагууд хяналт тавьдаг. Нотариатч Д.******* өөрийн нотариатын үйлдэл хийх эрхээ болон тамга, баталгааны тэмдгийг туслахдаа шилжүүлсэн гэх үйлдэл нь иргэний хэргийн шүүх нэхэмжлэлээр хэрэг үүсгэн шийдвэрлэх маргаан бус сахилгын зөрчилтэй холбоотой, улмаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. Харьяаллын бус маргаан байгаа тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ нөхцөл байдал нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульд заасан. Гэтэл анхан шатны шүүх өөрийн хэргийн харьяалалд үл хамаарах маргааныг авч хэлэлцэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж байх тул дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 440 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

..Давж заалдах гомдлын нэг дүгээр хэсэгт нотариатын гэрчилсэн гэрээг заавал нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр болох эсэх нь Иргэний хуулийн холбогдох дурдсан зохицуулсныг тайлбарлан хэрэглэхгүйгээр энэ талаах дүгнэлт өгөөгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дунд энэ хэргээс тусдаа иргэний хэрэг анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа юм. Тэр хэрэг нь тохиролцооны гэрээний асуудлаар үндсэн нэхэмжлэлтэй. Гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар сөрөг нэхэмжлэлтэй *******, *******э нарын хооронд үүссэн хэрэг байдаг. Давж заалдах гомдол дээр энэ хэргийн талаар дурдсан байсан. Гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлыг дүгнэх асуудал нь Ж.******* *******э нарт холбогдох нөгөө гэрээний маргаан дээр шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байгаа юм. Гэтэл нотариатын үйлдэлтэй холбоотой энэ хэрэг дээр шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлж тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг дүгнэх боломжгүй юм гэж үзэж байна. Иймд шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Маргааны зүйлийг буруу тодорхойлж хэргийн харьяаллыг зөрчсөн гэж байна. Нотариатч ******* өөрийн нотариатын үйлдэл хийх эрхээ болон тамга, баталгааны тэмдгийг туслахдаа шилжүүлсэн гэх үйлдэл нь иргэний хэргийн шүүх нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэх маргаан бус сахилгын зөрчилтэй холбоотой хууль зүйн сайд тухайн асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай гэсэн гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт өгсөн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-т байгаа Нотариатч *******ийн Нотариатын тухай хуулийн хориглосон заалтыг зөрчсөний улмаас нотариатын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй этгээд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг ашиглаж нотариатчийн чиг үүрэг гүйцэтгэн тохиролцооны гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах эсэх маргааныг шүүхийн журмаар хянан шийдвэрлэнэ гэсэн дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тамга, баталгааны тэмдгийг туслахдаа шилжүүлсэн үйлдэл нь иргэний хэргийн шүүх нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлүүлэх маргаан биш гэж байна. Маргааны зүйл нь тамга, баталгааны тэмдэг шилжүүлсэн үйлдэл байгаа төдийгүй. Нотариатын үйлдлээр гэрээг гэрчилсэн нөхцөл байдал байна. Нотариатын тухай хуулийг зөрчиж гэрээ гэрчилсэн үйлдлийг шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Харин хууль зүйн сайд нотариатын үлдлийг хүчингүй болгох боломжгүй. Харин Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 болон, 31.3 дахь заалтуудыг үндэслэл болгож Нотариатын тухай хууль зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн харьяаллыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нөхцөлд хамаарахгүй гэж байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл гэж байгаа юм. Баталгааны тамга тэмдгийг шилжүүлсэн. Нотариатчийн эрхгүй хүнээр гэрээ гэрчлүүлсэн Нотариатын тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн чинь хуульд заасан бусад гэдэгтээ хамаарна. Иймд шүүхийн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. *******э ямар эрхээ шүүхээр хамгаалуулах гээд байгаа нь ойлгомжгүй гэж байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж Нотариатын тухай хуульд заасан байгаа юм. Нэхэмжлэгч *******э нь шүүхэд мэдүүлэх эрхтэй. Энэ гэрээний улмаас 200.000.000 гаран төгрөгийн өр төлбөрийн асуудал үүсэж болзошгүй байдал үүсэж эрх ашиг нь хөндөгдсөн байна. Иймд нэхэмжлэлийг гаргасан. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотариатын эрхгүй этгээд хууль зөрчиж гэрээг баталсан байгаа нь хангалттай нотлогдсон. Тохиролцооны гэрээг гэрчилснийг нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор хууль дээдлэх зарчимд нийцэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.*******эд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 210.000.000 төгрөгөөс зайлсхийж элдэв арга хэрэглэж байна гэж байна. Энэ мөнгийг хэн ч төлж чадахгүй. 5-н давхар барилгаа барьчихсан гэж байна. Энэ чинь 4-н давхар барилга. Энэ нэг жил баригдах ёстой барилга байхад 3-н жил болгож сунжруулсан. 3-н жил болж удаашруулахад Ж.******* гэдэг хүний нөлөө асар их байсан. Ямар ч ашиггүй өрд орсон. Гэхдээ тухайн айлуудаа байртай, оронтой болгосон. Манай аймагт 2 нотариат байдаг. *******ээ эгчээс хуулийн үйлчилгээ ямар байдаг талаар ойлголтыг бүрэн авдаг. Хуулийн мэдлэгтэй байсан бол ийм асуудалд орохгүй байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.*******э нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Тохиролцооны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нотариат дээр очиж гэрээ байгуулахад Ж.******* байсан, мөн ******* гэдэг хүнтэй хамт байсан. Нотариатчийн туслах гэсэн нэг хүүхэн байсан. Нотариатч ******* байгаагүй ...тул Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2.7-д Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2.7-д Нотариатын үйлдэл хийх эрхээ нотариат гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэжээ. Гэтэл Ж.******* бидний хооронд байгуулсан гэрээг нотариатч ******* биш түүний туслах Д.******* баталсан нь Нотариатын тухай хууль зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.*******э, Ж.******* нар нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Тохиролцооны гэрээ-гээ Завхан аймгийн тойргийн нотариатч Д.*******т гэрчлүүлэхээр очсон боловч түүний туслах Д.******* нь нотариатын үйлдэл хийж, гэрээг гэрчилж, нотариатын бүртгэлд бүртгэсэн нь

Нэхэмжлэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нотариат дээр очиж гэрээ байгуулахад Ж.******* байсан, мөн ******* гэдэг хүнтэй хамт байсан. Нотариатчийн туслах гэсэн нэг хүүхэн байсан. Нотариатч ******* байгаагүй ... гэх тайлбар,

Хариуцагч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...тэр өдөр би ажил дээрээ байхгүй байсан. Нотариатчидын танхим 9 сард бүх гишүүдийн уулзалт хийдэг тэр үе таарсан байсан байх, манай туслах энэ тохиолдолд намайг байхгүй хойгуур ийм үйлдэл гаргасан байсан ... гэх тайлбар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.*******гийн өгсөн ...Тохиролцооны гэрээг Д.******* нотариатчийн туслах гээд ******* гэдэг хүн баталж өгсөн, тухайн үед ******* нотариатч өөрөө байхгүй байсан ... гэх тайлбар,

Гэрч Ч.*******ийн шүүхэд өгсөн мэдүүлгийн: ...2019 оны 9 дүгээр сард Б.*******э, Ж.******* нар гэрээ хийх үед хамт байсан, тэдний гэрээг Д.*******ийн туслах гээд ******* гэж эмэгтэй байсан тэр хүн баталсан, Д.******* гэдэг хүн байгаагүй, ******* гэдэг эмэгтэй ганцаараа байсан гэх тайлбараар тус тус тогтоогджээ.

Нотариатч Д.******* нь ажлын байрандаа өөрийн биеэр байж, нотариатын үйлдэл хийх үүрэгтэй байсан боловч нотариатын үйлдэл хийх эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй, бусдад нотариатын тамга, баталгааны тэмдэг, гарын үсгийн баталгааны тэмдгийг ашиглах боломжийг олгож, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд /туслах/-ээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7-д нотариатч нь нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.6-д Хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх-ийг хориглоно гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч Д.******* нь Нотариатын тухай хуулийн дээрхи заалтыг зөрчиж,

нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхээ бусдад шилжүүлж, нотариатын тамга, баталгааны тэмдэг, гарын үсгийн баталгааны тэмдгээ бусдад ашиглуулах боломжийг олгож, нотариатчийн чиг үүргийг өөрөө гүйцэтгээгүй, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдээр нотариатын үйлдэл хийх нөхцлийг бүрдүүлсэн буруутай гэж дүгнэж, түүний Нотариатын тухай хуулийг зөрчиж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, Нотариатын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.*******гийн өмгөөлөгч Ө.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотариатын заавар болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн байна гэж нэхэмжлэл гаргах боломжгүй, үүнийг иргэний хэргийн шүүхийн харьяалал биш гэж үзэх боломжтой ...Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхимын дэргэдэх сахилгын зөвлөл нь нотариатчидын үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасан байдаг ...энэ асуудалтай холбоотой өргөдөл гомдлоо танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд харьяалуулан шийдвэрлүүлэх боломж байна ...энэ асуудал бол харьяаллын биш эсхүл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны аль нэгээр нь явах боломжтой ...иймд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана" гэж заажээ.

Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд нотариатч Д.******* нь хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх, түүнд сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл хянан шийдвэрлэхээр байна.

Нотариатч Д.*******ийн Нотариатын тухай хуулийн хориглосон заалтыг зөрчсөний улмаас нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг, гарын үсгийн баталгааны тэмдгийг ашиглаж нотариатчийн чиг үүргийг гүйцэтгэн Тохиролцооны гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах эсэх маргааныг шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэхээр байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр 31.3 дахь хэсэгт заасан нотариатчийн үйлдлийг шүүх хүчингүй болгох заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 140/ШШ2023/00440 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ