Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 403

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймаг, Өндөрхангай сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОК66081909 регистртэй, Дэй цэцэн овогт Төмөрбаатарын Цэрэндуламын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход тус сургуульд ажилд орсон тушаал олдсон боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Цэрэндулам нь Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 114 тоот “Үйлчлэгч ажиллуулах тухай” тушаалд “...Төмөрбаатар овогтой Цэрэндуламыг 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр авч ажиллуулсугай” гэжээ,  

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Төмөрбаатарын Цэрэндуламын Увс аймгийн 1-10 жилийн сургуульд 1983 оны 9 сараас 1984 оны 7 сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

4. Итгэмжлэл,

5. Гэрч Б.Орломын шүүхэд өгсөн: “Би 1983 оноос Увс аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 2015 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Т.Цэрэндулам нь намайг 1983 онд их сургуулиа төгсөөд анх 1 дүгээр дунд сургуульд ажилд ороход тус сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд ирэх намар нь ажлаасаа гарчихсан байсан санагдаж байна. Т.Цэрэндулам манай сургуульд удаан хугацаагаар ажиллаагүй боловч халх хүн байсан учраас одоо ч түүнийг тод санаж байна, бид хамт ажилаж байсан нь үнэн. Увс аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлаар Ж.Үрлээ, П.Дашзэвэг нар ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч С.Батчимэгийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос Увс аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд түүх газар зүйн багшаар 2014 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Т.Цэрэндулам нь намайг 1983 оны 9 дүгээр сард 1 дүгээр дунд сургуульд Бөхмөрөн сумаас шилжиж ирэхэд тус сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд ирэх намар нь ажлаасаа гарчихсан байсан санагдаж байна. Бид хавар, намрын зугаалгаар явахад Т.Цэрэндулам тогоо, шанага барьж бидэнд үйлчлээд гүйж байсныг санаж байна. Манай нөхөр н.Ганбат нь Боловсролын хэлтсийн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд манай нөхөртэй хамт ажилладаг Ц.Оюунчимэг эгчийн гэрт Т.Цэрэндулам амьдардаг, би тэднийхээр орж гардаг байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Орлом, С.Батчимэг нарын Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

       Нэхэмжлэгч Т.Цэрэндулам нь Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 114 тоот “Үйлчлэгч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Т.Цэрэндуламын цалингийн тодорхойлолт, гэрч Б.Орлом, С.Батчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Т.Цэрэндуламын хүсэлтийг хангаж, Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 9 сар, 11 хоног үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би өөрийн ач хүү ЦЗагирааг Улаанбаатарт яаралтай эмчилгээнд авч явах болсон тул /2016 оны 6 дугаар сарын 10/ шүүх хуралд оролцож чадахгүй болсныг харгалзан надгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Дэй цэцэн овогт Төмөрбаатарын Цэрэндуламын Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 9 /ес/ сар, 11 /арван нэг/ хоног үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР