Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 126

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05800 0045 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт У.А, Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар..., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод иргэн П.Н-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “ шүүгдэгч Б овогт У.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үеэлээ өмөөрч П.Н-тай маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, түүний бие махбодод “...тархи доргилт, баруун хацар, хамрын уг нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, дээд үүдэн зүүн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч У.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед манай найз М аккумлятор цэнэглээд өгөөч гэхээр нь би байгаа газар нь яваад очиход М Г-гийн гэрийн гадаа хүмүүстэй маргалдаад зогсож байсан бөгөөд хамт байсан И цэнэглэгчээ оруулаад тавьчих гэхээр нь би аккумляторын цэнэглэгчээ оруулж тавьчхаад гараад ирсэн чинь У  М-г зодоод байхаар нь салгах гэсэн чинь “наадах чинь зодуулах юмаа өөрөө хийсэн юм” гэж И хэлэхээр нь би үгийг нь тоолгүй У-г бариад авсан чинь У миний нүүр лүү цохисон. Тэгээд хажуугаас хүмүүс салгасан. Дараа нь Г-н гэр лүү орцгоосон. Тэгтэл Б М-г зодож байхаар нь би Б-ыг бариад автал А“чи миний үеэлийг яагаад байгаа юм бэ” гээд миний нүүр лүү олон удаа цохисон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, надад учирсан гэмтлүүдийг У.А учруулсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

3. Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г гэх залуугийн төрсөн өдөр гээд гэрт нь орсон. Тэнд хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна, ямар ч байсан 0.75 литрийн Ерөөл архи тойроод яваад байсан. Би У гэх залуутай морины талаар ярьж байгаад маргалдаад зууралдаж байгаад бид хоёр унасан. Тэгтэл И ах бид хоёрыг салгасан, тэр үед Н хаалгаар шагайж байснаа орж ирээд намайг унагаагаад дээр гараад нүдчихсэн, би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгтэл А Н-ыг аваад гарсан, гаднаас А-ийг орж ирэхэд нь Н-ыг яагаад зодсон юм бэ гэж асуусан чинь У-г аймаар зодоод байхаар нь салгаад хоёр л цохисон шүү дээ гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

4. Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би  Гэрч:-ийн гэр рүү нь ортол Б М лүү дайраад газар унагаад зодож байхаар нь би ахын дүү боль гэж хэлээд байж байтал гаднаас Н орж ирээд хүүш та нар яагаад нэгнийгээ зоддог юм бэ? гээд Б луу дайраад тэр хоёр ноцолдоод орон дээр унацгаасан. Э гтэл А Б-ыг салгаад Н-ыг гараараа нүүр рүү нь бас толгой руу нь хэд хэдэн удаа цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 дугаартай “...Н-ы биед тархи доргилт, баруун хацар, хамрын уг нуруунд зулгарал, дээд уруулын дотор салстад шарх, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, дээд үүдэн зүүн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас);

6. Шүүгдэгч У.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч П.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Н-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч У.А-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Н-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч У.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч У.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт У.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч У.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА