Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 405

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багт оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ОТ61042091 регистртэй, Шаавай овогт Төмөрийн Пүрвээгийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ72122312, Шаавай овогт Цавилайгийн Цэрэнпилд холбогдох,

     Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Пүрвээ, иргэдийн төлөөлөгч Б.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Пүрвээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 3 ингээ 2015 оны 5 дугаар сарын 10-ны үед Үрлээ гэдэг хүний тэмээнд маллуулж байсан юм. Гэтэл тэдний тэмээнд Ц.Цэрэнпил гэдэг хүний цагаан буур ирсэн байсныг Үрлээ гуай Ц.Цэрэнпилд хандан “Буураа тэмээнээс ав” гэхэд үл ойшоон авалгүй орхиж явсан учир миний 1 ботгыг барьж алсан ба 2 ингэ хээл хаяулсан юм. Иймд 1 ботгыг 250.000 төгрөгөөр үнэлж нийт 750.000 төгрөгийн хохирлыг хариуцагч Ц.Цэрэнпилээс гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Ц.Цэрэнпил шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн харьяат Цавилай овогтой Цэрэнпил намайг Төмөр овогтой Пүрвээ нь “Буур ботго барьсан” асуудалаар шүүхэд хандсан байна. Уг асуудлаар гэрч болох Үрлээ овогтой Отгонболдтой уулзахад: “Буур ботго барьсан байсныг Отгонболд харсан” гэж хэлсэн бөгөөд энэ үг худал байсан. Мөн гэрч болох Үрлээ овогтой Отгонболдоос асуухайд “Би буур ботго барьж байсныг хараагүй, энэ үг худал байна” гэсэн. Төмөрийн Пүрвээд “Манай тэмээнд Цэрэнпилийн буур байна” гэж сануулж хэлсэн боловч өөрсдөө ингэ, ботгоо хамгаалж аваагүй нь өөрсдийнх нь буруу гэж үзэж байна. Миний буур ботго барьсан эсэх нь тодорхой бус байна. Ботго өвчилж үхсэн юмуу эсвэл чоно барьсан эсэхийг үзээгүй болохоор тодорхой бус гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Иргэдийн төлөөлөгч Ж.Сэржим шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Пүрвээгийн нэхэмжлэлтэй санал нэг байна. Нэхэмжлэгчид 750.000 төгрөгийг гаргаж олгох нь зүйтэй байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Т.Пүрвээ нь хариуцагч Ц.Цэрэнпилд холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Ц.Цэрэнпил нь “Миний буур ботго барьсан эсэх нь тодорхой бус байна. Ботго өвчилж үхсэн юмуу эсвэл чоно барьсан эсэхийг үзээгүй болохоор тодорхой бус гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” хэмээн маргаж байна.

        Нэхэмжлэгч Т.Пүрвээгийн нэг ботго Ц.Цэрэнпилийн бууранд хазуулсны улмаас үхсэн болох нь гэрч П.Сүхбаатарын “2015 оны 5 дугаар сарын 10-ны үеэр тэмээндээ очиход ботго амьд байсан. Тэгээд гэртээ аваачих гээд тууж явахад замдаа үхсэн. Тухайн үед ботгоны бөхний урд талд шалбарч хавдсан байсан. Намайг очиход ингэ уначихсан, буур хажууд нь байсан учраас энэ буур л манай ботгыг барьсан гэж ойлгосон. Би Ц.Цэрэнпилд “Таны буур манай ботгыг барьж алсан байна, та очиж үзээрэй” гэхэд “Би ямаагаа самначихаад очиж үзье” гэж хэлсэн боловч очиж үзээгүй” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 499, 510 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Пүрвээ нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ц.Цэрэнпилээс нэхэмжлэх эрхтэй байна.

     Нэхэмжлэгч Т.Пүрвээ нь 1 ботгыг 250.000 төгрөгөөр үнэлсэн ба хавтаст хэрэгт авагдсан “Увс Финанс-Аудит” ХХК-ийн “Ботго үнэлсэн тухай тайлан”-д дурдсанаар ботгыг 250.000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч энэ талаар маргаагүй байх тул хариуцагч Ц.Цэрэнпилээс 1 ботгоны үнэ буюу 250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

      Харин нэхэмжлэгч нь “2 ингэ хээл хаяулсан хохирол 500.000 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага гаргасан байх бөгөөд түүний 2 ингэ нь хээлтэй байсан эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагч Ц.Цэрэнпилийн буурнаас болж хээл хаясан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

      Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

      Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Цэрэнпилээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол буюу 1 ботгоны үнэ 250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрвээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгөөс илүү төлсөн 16.400 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 22.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнпилээс 8.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрвээд олгох нь зүйтэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Цэрэнпилээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрвээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгөөс илүү төлсөн 16.400 /арван зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрвээд буцаан олгож, 22.550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнпилээс 8.150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрвээд олгосугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР

                                                                     ШҮҮГЧИД                              Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ