Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 127

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03053 0959 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар..., урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар шороотын амны орчимд иргэн Б.С-аас “утсаар чинь ярьчхаад эргүүлж өгье” гэж хэлэн хуурч түүний өмчлөлийн “Samsung galaxy S-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 150,000 төгрөг буюу бага хэмжээний хохирлыг учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар шороотын амны орчимд “утсаар чинь ярьчхаад эргүүлж өгье” хэмээн хэлж Б.С-ийн 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung galaxy S-5” загварын гар утсыг түүний хажууд түр ашиглаж байгаад зугтааж, гар утсыг нь зөвшөөрөлгүй авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 04 цагийн үед ... баруун салааныхан Б гэж дууддаг залуу надад “нэг дугаар луу залгаад өгөөч, би утасгүй байна” гэж хэлэхээр нь би итгээд “май” гээд өөрийнхөө шаргал өнгийн Samsung galaxy S-5 загварын гар утсаа өгсөн чинь нэг дугаар луу залгаж байгаа бололтой хэсэг оролдож байснаа миний гар утсыг аваад засмал зам руу зугтаагаад, цааш гүйгээд гудамж тойроод явсан. Би араас нь гүйгээд гудамж дөнгөж эргэтэл нэг автомашинд суугаад 400 метр гаруй газар явсан, би араас нь явган гүйгээд л байсан. ...Би баруун салааны авто баазын ар талаар хэсэг хайсан боловч олдоогүй. ...Тэгээд би цагдаад хандсан. Би өглөө нь цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд Б гэгчийг хайж олох гээд найз И-р гэрийг нь заалгах гэсэн боловч тэрээр “мэдэхгүй, харин түүний төрсөн ахын гэрийг нь мэднэ” гэж хэлсэн. ...Б гэгчийн ахынх нь гэрт очоод “дүү чинь миний гар утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлэхэд “тийм үү ах нь таарахаараа гар утсыг чинь өг гэж хэлээд өгье, харин ахын дүү цагдаад битгий өгөөрэй” гэж хэлсэн. ...Салхитын задгайд байрлах гудамж эргээд явж байтал Б эхнэр, хүүхэдтэйгээ хамт явж байхаар нь “утсаа авъя” гэж хэлэхэд “найз нь согтуу байсан юм аа, өчигдөр юу болсон талаар сайн санадаггүй, би гар утсыг чинь хаячихсан байна, өнөө маргаашдаа олоод өгье, цагдаад битгий хэл, найз нь тэнсэнтэй байгаа” гэж хэлсэн. ...Баруун салааны автобусны буудал руу явж байтал Б гэгчийн эхнэр нь таараад намайг дуудаж “энэ чиний гар утас мөн үү” гээд миний алдагдсан гар утсыг харуулахаар нь би “мөн байна” гэж хэлээд гар утсаа буцааж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-9 дүгээр хуудас);

3. Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надад хэлэхдээ би хулгайлж аваагүй, утсаар ярьж байгаад аваад явчихсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “далжганаад байгаарай, тэр хүний утсыг нь өгөөрэй” гэж хэлчхээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);

4. Гэрч Ц.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн үед манай нөхөр Б гаднаас согтуу орж ирэхээр нь би уурлаад ...гэрээсээ хөөсөн. Б монгол гэрийнхээ ар талд хаяанд унтсан юм. Нэлээд хэвтэж байгаад би дуудаж сэрээгээд гэрт оруулсан. Өдөр 14 цагийн үед би  нөхөр, хүүхдээ дагуулаад дөрвөн зам явах гэж байтал С гэх залуу өөдөөс ирээд манай нөхөртэй уулзаж байгаад явсан. Түүний дараахан манай ах Г ирээд нөхөртэй уулзаад “нэг залуу ирээд, гар утас нэхээд, цагдаад өргөдөл өгнө гээд яваад байна, хүний утсыг авсан бол гаргаж өг” гэж загнаж байхыг сонсоод нөхрөөсөө энэ талаар асуухад манай нөхөр “би санахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд гэр лүүгээ буцаж очоод нөхрийнхөө өглөө өмсөж ирсэн хувцасны халаас, орны араар хайхад утас олдоогүй. Тэгэхээр нь “өглөө надад хөөгдөж гараад хэвтэж байсан газар нь үзье” гэж бодоод хэвтэж байсан гэрийн хаяа орчмоор үзэхэд шаргал өнгийн Samsung загварын гар утас хаяа дахь өвсний завсар байсан. Утсыг аваад “би өөрөө уулзаж, С-т өгнө” гэж хэлээд ээжийнх нь утасны дугаар луу залгахад “С байхгүй байна, гадагшаа юманд явсан“ гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед би “С-ийг энд л ирж таарна” гэж бодоод Баруун салааны эцсийн автобусны буудал дээр хүлээж байтал С автобусанд суух гээд хүрээд ирэхээр нь “энэ чиний утас мөн үү, би өглөө нөхрийнхөө хэвтэж байсан хаяаны урд талаас оллоо“ гэж хэлээд түүний гар утсыг нь эргүүлэн өгсөн ..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дугаар хуудас);

5. “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “2018 онд авсан гэх Samsung galaxy S-5 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлж, шууд хохирлын хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 24-25 дугаар хуудас);

6. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 28-30 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 36 дугаар хуудас), оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 35 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 96-102 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...2018 оны  6 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын эцэст найз И, Ар, Ан, түүний найз нарын хамт архи ууж байгаад шөнө 01 цаг болж байхад зүс таньдаг ах Б-г такси үйлчилгээнд явж байхад нь дуудаж Баруун салаанд С-ийн гэрт хүргүүлсэн. ....тэгээд Б ахын машинд хамт явж байсан 3 эмэгтэйг суулгаад автобусны буудал хүргэж өгчхөөд намайг гэрт хүргэж өгөөрэй гэж хэлсэн. С, И бид гурав үлдсэн. Би С-т “гар утсаа өгч байгаач, миний утас цэнэггүй болчихлоо, сим картаа хийж ярьчхаад өгье” гэж хэлээд гар утсыг нь аваад сим картаа хийгээд байж байтал Б ах ирээд “намайг харих юм уу” гэхээр нь би машинд нь суугаад доошоо баруун салааны баазын ойролцоо буугаад гэртээ харьсан юм. Гэртээ ортол эхнэр уурлаад хэрүүл хийгээд байхаар нь гэрийн ар талд гадаа унтаж байтал эхнэр Х сэрээгээд “хоёулаа банк орчхоод ирье” гэхээр нь босоод эхнэртэй хамт гудамж өгсөөд явж байтал С таарч гар утсаа нэхэхээр нь “найз нь чиний гар утсыг хаячихсан юм шиг байна, ойрын хугацаанд төлөөд өгье” гэтэл С надаас регистрийн дугаар, овог нэрийг асуухаар нь би хэлсэн..., С надад танихгүй дугаар үлдээгээд би утасгүй байгаа гэж хэлээд явсан. Удалгүй аавын дүү Г ах тааралдаж “чи хүний утас аваад зугтсан юм уу” гээд уурлаж загнасан. Дараа нь эхнэр Х бас уурлахаар нь “би согтуу байсан болохоор утсыг яаснаа санахгүй байна” гэж хэлсэн. ...Х “чиний унтаж байсан газраас энэ утсыг оллоо, энэ С-ийн утас мөн үү гэсэн, би мөн байна” гэж хэлэхэд эхнэр “чи хоёр хүүхдээ хараад байж бай, би гар утсыг нь өгчхөөд ирье” гээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung galaxy S-5 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Б нь “гар утсаа түр өгч бай, утсаар ярьчхаад өгье” гэж хэлээд хохирогч Б.С-ийн гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан шинжийг, хохирогч түүнд гар утсаа түр ашиглахыг зөвшөөрсөн боловч авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад шүүгдэгч Б.Б гар утсыг нь авч зугтаасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан шинжийг тус тус хангах бөгөөд хохирогч Б.С нь “...Samsung galaxy S-5 загварын гар утсаа өгсөн чинь нэг дугаар луу залгаж байгаа бололтой хэсэг оролдож байснаа миний гар утсыг аваад засмал зам руу зугтаагаад, цааш гүйгээд гудамж тойроод явсан...” талаар мэдүүлсэн (хх-ийн 18-19 дүгээр хуудас) байгаагаас үзвэл шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг илээр авч явсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.С нь дээрэмдүүлсэн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргахгүй. Б.Б-ын хувийн байдлын хувьд эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж үзнэ үү. Хэдийгээр шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн боловч ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоод тухайн үед ял шийтгүүлсэн зүйл, хэсэгт заасан ялаас оногдуулах үндэслэлтэй байна. Ийм учир өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, одоо хэлэлцэж буй хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хууль зүйн шаардлагыг хангаж байх боловч тэрээр урьд хорих ял шийтгүүлж, хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзэв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх заалт болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг таван жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд хорих ялын дундаж нь хоёр жил есөн сар байх тул гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус харгалзан уг дундаж хэмжээнээс доош буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийн цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор “бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүх түүнийг хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Тэрээр энэхүү тогтоолоор 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн байх тул түүнийг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан” шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд уг зүйл, заалт нь хорихоос өөр төрлийн ялгүй болсны зэрэгцээ хорих ялын дээд хэмжээ нь найман жил болж гурван жилээр хүндэрсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 3 дахь хэсэгт зааснаар урьд шийтгүүлсэн хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах буюу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б-т хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээ тэнссэн байх тул энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хамаарахгүй. Иймд уг хорих ялыг эдлүүлэх эсэх нь тухайн шийтгэх тогтоолоор хэрэглэсэн 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх тул өмгөөлөгчийн дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүхээс тогтоосон тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж зааснаар түүнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, харин ял нэмж нэгтгэх шийдвэр гаргах үед буюу өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.Б-ыг дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр түүний урьд шийтгүүлсэн хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг гурван жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА