Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Э.Энхбат, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01010 0605 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л.Б, Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д ажилладаг, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар..., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод 2018 оны 2 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд иргэн Б.Б-ийг сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн. Дээрх хэргийн улмаас Б.Б-ийн биед үтрээний ар хананы урагдал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Л.Б нь 2018 оны 2 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 03-аас 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод оюуны хөнгөн хомсдол бүхий төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй, 21 настай, эмэгтэй Б.Б-ийг сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Түүнчлэн хүчээр бэлгийн харьцаанд орох үедээ Б.Б-ийн бие махбодод “...үтрээний ар хананы урагдал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирогч Б-тэй бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэхдээ хүч хэрэглэсэн, заналхийлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг шөнө Буянзаяагийн дэлгүүр нь шатаад аав, ээж хоёр яваад намайг О эгчийн гэрт оруулсан бөгөөд О эгч нөхөр, хүүхдийн хамт, мөн Б нар сэрүүн хэвтэж байсан. Эгч Оы гэрт байж байгаад гэр лүүгээ ороод газар хэвтэхэд араас Б ирээд хөнжилд орж ирснээ “босоод хаалгаа түгжээд гэрлээ унтраа” гэхээр нь би босож хаалгаа түгжээд гэрлээ унтраагаад хэвтсэн. Тэгтэл Б миний өмдийг тайлаад бэлгэ эрхтнээ миний бэлгэ эрхтэн рүү хийсэн. Би тухайн үед их айсан учир өвдөж байгаа болон юу болоод байгааг мэдэхгүй байсан бөгөөд айсан учраас эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгтэл миний бэлгэ эрхтнээс цус гараад байсан, би арчсан чинь тогтохгүй гараад байсан. Тэгтэл Б баруун талын орон дээр очоод хэвтсэн. Гаднаас О эгч, ээж хоёр орж ирсэн ба би ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд би эмнэлэгт ухаан орсон. ...Хөнгөн гэмтэл учирсанд 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Надад гомдол, санал байхгүй, энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12, 155 дугаар хуудас);

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б нь амьдралын бололцоо тааруу, ээж нь түүнд хараа хяналт тавьдаггүй, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн айл байсан. ...Хохирогч Б.Б-ийн хувьд Л.Б-д гомдолгүй гээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124 дугаар хуудас);

4. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай бага охин Б одоо 22 настай ба юм ойлгохгүй, жаахан хүүхэд шиг сэтгэхүйтэй, том хүн болчихсоноо ухамсарлаж ойлгодоггүй, одоогоос 4-5 жилийн өмнө сэтгэцийн өвчнөөр группэд орсон. 2018 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчим манай том ахын хүүхэд Б-ийн дэлгүүр шатсан  гэхээр нь охиноо О-нд ороод байж байж гэж хэлээд явсан ба манай охин айлд унтаж чаддаггүй учир эргээд гэртээ орсон байна лээ. Би шөнө 04 цаг 30 минутын үед гэртээ иртэл охин гэр дотроо явж байсан ба шалаар нэг цус болсон байсан. Тэгээд охин толгой эргээд байна гээд ухаан алдаад унахаар нь түргэн дуудаж Эх нялхсын эмнэлэг авч явсан. Цагдаа нар ирэхэд охин Б Бд хүчиндүүлсэн гэж хэлээд би мэдсэн. Тэр шөнө Б О-ы гэрт унтаж байхад О “эгчийн гэрт ороод гал түлээд дулаахан байлгаж бай” гэж хэлээд Бг оруулсан байсан. Тэгээд охин гэртээ унтахаар ороход Б ороод тийм асуудал болсон байна лээ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

5. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Улаанбаатар хотод миний төрсөн дүү О-ын гэрт амьдарч байсан бөгөөд манай ах Б-ын гэр нь нэг хашаанд хажууд нь айл амьдардаг юм. Б нь Б-ын төрсөн охин буюу миний ач дүү байгаа юм. Иймд Б нь миний хүүгийн үеэл эгч нь гэсэн үг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117 дугаар хуудас);

6. Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Б нь анх 2017 онд Увс аймгаас ирээд манайд амьдарсан, өөр айлд амьдраагүй. Анх оюутан болоод манайд ирсэн. Тэгээд сургуулиасаа гарсан. Тэрээр Б-ийг сэтгэцийн өвчтэй гэдгийг мэднэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 120 дугаар хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1327 дугаартай “Б.Б-ийн биед үтрээний арын хүнхрээний урагдал, цус алдалт, цус алдалтын шок 1-р зэрэг бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг 28 хоног хүртэл хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 170-171 дугаар хуудас);

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаартай ”Б.Б нь оюуны хөнгөн хомсдол хэмээх төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Хэрэгт өртөх үедээ өөрийн оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн түвшинд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах, хянах чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 25-28 дугаар хуудас);

9. Шинжээч С.Б-ийн “...Оюуны коэффициент буюу IQ 50-69 байвал оюуны хөнгөн хомсдол гэж үздэг ба энэ үед насанд хүрэгчдийн хувьд оюуны хөгжил нь 9-12 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн үг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаартай “...Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 30-32  дугаар хуудас);

11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2971 дугаартай “...Л.Б бэлгийн харьцаанд орох чадвартай байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 37 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Л.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 91 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь Б ахын гэрт ороход хүн байгаагүй. Би зууханд нь нүүрс хийчхээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байтал Б ахын охин миний үеэл эгч Б гаднаас ороод ирсэн. Б орж ирээд зүүн талд газар зассан байсан орон дээр очоод хэвтсэн... Тэгээд би Б-т “Н ахын гэрт орж унт” гэсэн чинь дуугай хэвтээд байсан. Тэгээд би босож гэрлээ унтраагаад хаалгаа цоожилсон. Тэгээд орон дээр хэвтэж байгаад босоод Бийн ар талаар нь хэвтсэн. Би Б-ийн өмд, дотоожийг нь тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Би өөрийн бэлгэ эрхтнээ Б-ийн бэлгэ эрхтэн рүү хийчхээд буруу зүйл хийж байгаагаа мэдсэн учир өөрөө больсон. Тухайн үед Б сэрүүн байсан, надад эсэргүүцэл үзүүлээгүй. Би дур тавиагүй, бэлгэвчгүй байсан. Би босоод баруун талын орон дээр очоод унтсан. 04 цагийн үед сэрэхэд Б гэрийн баруун талын орны хажуугийн хувцасны шүүгээний урд дээш хараад ухаангүй байдалтай хэвтэж байсан. О эгч, хажуу айлын З гэдэг охинтой орж ирсэн байсан. Б-ийн хөл, салтаа хэсгээр цус болчихсон байсан. Би Б-ийн гэрийнхэнтэй уулзаж уучлал гуйсан, ээжид нь 200,000 төгрөг өгсөн. Бийн ээж, аав нь “гомдол саналгүй, хэрэг чинь юу болж байна вэ” гэж асууж санаа тавьдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 115-117 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд “...би хохирогч Б-ийг сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдээгүй байсан...” хэмээн мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Б нь анх 2017 онд Увс аймгаас ирээд манайд амьдарсан, өөр айлд амьдраагүй. Анх оюутан болоод манайд ирсэн. Тэрээр Бийг сэтгэцийн өвчтэй гэдгийг мэднэ...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд “...би хохирогч Б-тэй бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглээгүй, заналхийлээгүй...” гэж мэдүүлсэн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтэд “...прокурорын яллах дүгнэлтэд хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж зүйлчилсэн атал хэрхэн яаж хүч хэрэглэсэн болохыг тогтоогоогүй байдаг. Мөн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан гэсэн хууль зүйн шинж энэ хэрэгт байхгүй. Харин сэтгэцийн өвчтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдгийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тусдаа гэмт хэрэг биш бөгөөд энэ хохирол нь хүчиндэх гэмт хэргийн хор уршигт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснийг шүүх хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзээд дараах няцаалтыг өгөв.

Нэгдүгээрт: хүчиндэх гэмт хэргийг хохирогчийн сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулж үйлдсэн тохиолдолд гэмт этгээдийн үйлдэл “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” шинжтэй байхыг хууль шаардаагүй тул шүүгдэгч Л.Б-гийн мэдүүлэг нь түүний гэм бурууг үгүйсгэхгүй юм.

Хоёрдугаарт: сэтгэцийн өвчтэй хүний ухамсар, сэтгэхүйн байдлаас хамааран хохирогч биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдалтай байдаг тул өмгөөлөгчийн мэтгэлцсэнчлэн салгаж хэрэглэх боломжгүй юм. Тодруулбал, хууль тогтоогч “сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас” гэсэн хохирогчийн эрүүл мэнд, сэтгэхүйтэй холбоотой нөхцөлүүдийг сонгож хэрэглэхээр тоочсон бөгөөд энэхүү нөхцөл байдлаас үүдэлтэй илрэн гардаг физиологийн шинж болох хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг тухайн хэрэгт тохирох хохирогчийн эрүүл мэнд, сэтгэхүйн шинжтэй нь хамт хэрэглэх учиртай. Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийн шинжээр зүйлчлээгүй байх бөгөөд хуульд зааснаар “хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон нь хүч хэрэглэж үйлдсэн гэсэн үг биш. Учир нь, хууль тогтоогч гэмт этгээдийн бэлгийн харьцаанд орсон үйлдлийнх нь хууль бус шинжийг тодотгон томьёолсон хэрэг билээ.

Гуравдугаарт: хүчиндэх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн ямар ч хэсэг, заалтад хамаарахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилсан байх тул шүүгдэгч Л.Б-гийн үйлдлийг нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэж үзэн тус тусад нь зүйлчилж, тус тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв.   

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт (хх 25-28), Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх 58-59) зэрэг нотлох баримтаар хохирогч Б.Б нь оюуны хөнгөн хомсдол хэмээх төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд “...хохирогчийг сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан...” гэсэн хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Хүчиндэх гэмт хэргийн хувьд материаллаг хохирол шаардахгүй бөгөөд зөрчигдсөн эрх, эрх чөлөөний хувьд шүүгдэгч Л.Б нь оюуны хөнгөн хомсдолтой буюу оюуны хөгжил нь 9-12 настай хүүхэдтэй адил байгаа хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд хохирол учруулсан гэж үзнэ. 

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр өөрийн үеэл эгч бөгөөд сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй Б.Б-тэй бэлгийн харьцаанд орж, улмаар бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хохирогчийг сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон...” шинжийг, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Л.Б-г “хүчиндэх” гэмт хэргийг хохирогчийн сэтгэцийн өвчний улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж үйлдсэн гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хууль ёсны төлөөлөгчийн хамт илэрхийлсэн, хэдийгээр баримт авагдаагүй ч 200,000 төгрөг төлсөн гэдгээ шүүгдэгч мэдүүлж байх тул шүүгдэгч Л.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн” гэсэн нь хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж болгон хуульчилсан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Л.Б нь бүртгэлтэй эд хөрөнгөгүй, банканд хуримтлуулсан мөнгөгүй байхад улсын яллагч хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргаж байгаа нь илтэд биелэх боломжгүй дүгнэлт болохыг анхаарвал зохино. Мөн хорих ял дээр нэмж нэгтгэх байлаа ч илтэд биелэх боломжгүй ял оногдуулах нь ял шийтгэл гарцаагүй байх ялын бодлогод нийцэхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын хувьд хэлэх саналгүй. Харин мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, хохирогчийн биед учирсан гэмтэл нь эдгэрсэн, хор уршиг арилсан байдал, мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн бол, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүхэлд нь сайн дураараа зөвшөөрч, маргаагүй байхыг хэлнэ.

Харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн үед, эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэхээр хуульчилсан тул шүүх өмгөөлөгчийн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хоногоор тооцон хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 02 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл нийт 48 цаг буюу хоёр хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй нэг ширхэг дотоож, улбар шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг даавуу, хөх өнгөтэй нэг ширхэг ноосон өмд, хар өнгөтэй нэг хос өвлийн гутал, цэнхэр өнгөтэй нэг хос ноосон оймсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Л.Б-г хүчиндэх” гэмт хэргийг хохирогчийн сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж үйлдсэн гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Л.Б-д мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт хорих ялын хэмжээг нэг жил зургаан сар гуч хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг хүртэлх хугацааг хоёр хоногоор хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нэг жил зургаан сар гуч хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй нэг ширхэг дотоож, улбар шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг даавуу, хөх өнгөтэй нэг ширхэг ноосон өмд, хар өнгөтэй нэг хос өвлийн гутал, цэнхэр өнгөтэй нэг хос ноосон оймсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА