Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00321/И |
Дугаар | 413 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 413
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОР66060800 регистртэй, Харагчууд овогт Норовын Ичинхорлоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Хөшөөт бригадад хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөр дэвтэр усанд норсон, миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон. Одоо хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул намайг Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Хөшөөт бригадад 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ичинхорлоо нь 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч усанд норж зарим бичилтүүд нь арилсан тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Н.Ичинхорлоогийн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо нь Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлээс Н.Ичинхорлоод нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр /усанд норж зарим бичилтүүд нь бүдгэрсэн/,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Норовын Ичинхорлоогийн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Г.Чулуунбаатарын шүүхэд өгсөн: “Би 1961 оноос эхлэн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Хөшөөт бригадад 1990 оны 12 дугаар сарыг дуустал, “Хайрхан” ХХК болоход үргэлжлүүлэн малчнаар 1992 оныг дуустал ажиллаж байсан. Н.Ичинхорлоо нь багаасаа мал малласан ба 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан хүн юм. Түүний нөхөр н.Баянмөнх нь мөн манай Хөшөөт бригадад малчин байсан. Н.Ичихорлоо нь мал маллахаас өөр ажил хийгээгүй хүн. Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн даргаар н.Бадам, Г.Цэдэв, н.Дамдинсүрэн, Т.Лхагвасүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч А.Баяндалайгийн шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Хөшөөт бригадад 1984 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Н.Ичинхорлоо нь 7 дугаар анги төгсөөд аав, ээжийн хамтаар мал маллаж 1990 оныг дуустал тасралтгүй мал малласан одоо ч малаа маллан амьдарч байгаа хүн юм. Миний санаж байгаагаар түүний аав Норов нь мөн гэр бүлийн хамтаар мал малладаг байсан, бид Хөшөөт бригадад айл хоршоо олон жил амьдарч байсан хүний хувьд Н.Ичинхорлоогийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэх юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Г.Чулуунбаатар, А.Баяндалай нарын Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо нь Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлээс Н.Ичинхорлоод нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Н.Ичинхорлоогийн цалингийн тодорхойлолт, гэрч Г.Чулуунбаатар, А.Баяндалай нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Ичинхорлоогийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Харагчууд овогт Норовын Ичинхорлоогийн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР