Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 414

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 3-30 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, ОЭ81060877 регистртэй, Харагчууд овогт Орсоогийн Шинэбаярын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг,  Хугархай улиас, Хулганатай аралд оршин суух, 1951 онд төрсөн, эрэгтэй, ОМ51042014 регистртэй, Луутар овогт Цэрэнгийн Батсүх,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг,  Хугархай улиас, Хулганатай аралд оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, ОМ89051819 регистртэй, Зуутраг овогт Батсүхийн Цэдэнсодном нарт холбогдох,

      Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Шинэбаяр, иргэдийн төлөөлөгч Х.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч О.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангом сумын 9 дүгээр багийн Арсайн хугархай улиас, хулганатай аралд байдаг 2.5 га хадлангийн талбай дээр 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар  хүртэл 3 сарын хугацаанд хадлангийн талбайн яг голд /шудуун дотор талд/ Ц.Батсүх нь өөрийн төрсөн хүү Б.Цэдэнсодномын хамт гэр барьж зэл татаж /их үхэртэй/ тэмээ, хонь, ямаа нийт 1000 гаруй малтай намаржсан. Би 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод барилгын “Парк сайт” ХХК-д өөрийн төрсөн дүү О.Батмөнхийн хамтаар ажиллаж байгаад ирсэн. Би өөрөө эхнэр 4 хүүхдийн хамт 18 тооны мал маллаж амьдардаг. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би төрсөн дүү О.Амарсанаагийн хамт хадлангийн талбайгаа эргэхэд 2 гэрийн буйр, хонины зузаан шээг, зэл татсан их үхэр уяж, үхрийн баасыг талбай дээр овоолсон байсан. Тэгээд Ц.Батсүхийн хүү Б.Жаргаагийн гэрт очиж уулзахад намайг хэл амаар доромжилсон. Ц.Батсүхийг манай хадлангийн талбай дээр бууж намарсаныг нутгийн хүмүүс, хоршоо айл өрхүүд бүгд харж, гэрчилж байгаа. Би уг хадлангийн талбайг 2013 онд Ж.Эрдэнэ-Очир гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд түүнээс хойш 3 жилийн хугацаанд чулуу, харганыг  нь түүж, шуудуу малтаж, хөлс хүчээ шавхан байж хадлангийн талбай болгож авсан. Гэтэл Ц.Батсүх нь хүүгийн хамт манай талбайд бууснаас болоод 2016 онд хадлан өвс авч чадахааргүй боллоо. Цаашид яаж гэр бүлээ тэжээх талаар бодох боллоо. Хүмүүс морин шарилж, хомхроос ургадаг учраас өвс ургадаггүй гэж байна. Иймд Ц.Батсүх болон түүний хүү Б.Цэдэнсодном нараас бодит хохирол 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Орсоо овогтой Шинэбаяр нь хадлангийн талбай дээр бууж 3 сар болсон, 2016 онд хадлан авах боломжгүй болгосон гэж худал нэхэмжлэл гаргасан тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж шүүхийн байгууллагаас хүсмээр байна. Миний бие Ц.Батсүх нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хөх эргийн хашааны доод талд С.Сүхээ, н.Отгонбаатар нарын хажууд бууж 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тухайн буйранд намаржсан болно. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хугархай улиасны доод талд бууж, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 хоноод Хархираа руу нүүсэн. Миний буусан газар нь О.Шинэбаярын талбай мөн үү, хэрэв мөн бол энэ хүний хэлснээр “Хонины зузаан шээг, зэл татсан, баас овоолсон” гэх ноцтой зүйл алга байна. 2016 онд энэ талбайгаас хадлан авах бүрэн боломжтой гэж би бодож байна. О.Шинэбаяр нь анх хадлангийн талбай сүйтгэсэн байна гэж согтуу үедээ утсаар дарамтлахад би дуугүй л байсан. Би авч хураасан өвс, татсан тор байхгүй, ил задгай нэгэн шуудууны захад буусан юм. Өндөр настай, хүн бүлгүй, өөрөө өдөр бүр хэдэн үхэр, адуу эргүүлдэг, энэ талбайн асуудлаас болж 1 морио алдаад 10-аад хоног хайгаад олоогүй байна. О.Шинэбаярын талбайд намаржаагүй гэдгийг Арсайн бүх хүмүүс нотолно. Үүнээс хамт намаржсан Ч.Отгонбаатар тодорхой мэднэ. Иймд Ч.Отгонбаатарыг /Улаангом сум, 2 дугаар баг, утас-99453951/ гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

       Иргэдийн төлөөлөгч Х.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч Ц.Батсүх нь ямар нэгэн буруугүй. Нэхэмжлэгч О.Шинэбаярын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг гаргаж өгөх ямар нэг буруутай биш гэж үзэж байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч О.Шинэбаяр нь хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нар нь “Манайх О.Шинэбаярын хадлангийн талбайн хажууд 6 хоног буугаад нүүсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

     Иргэн О.Шинэбаяр нь 2013 онд Ж.Эрдэнэ-Очироос Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, Арсайд байрлах 2 га газрыг 2.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх ба уг газрын гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авч, өөрийн эзэмшилд шилжүүлсэн байна.

         Хариуцагч  Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нар 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд О.Шинэбаярын эзэмшлийн талбайд бууж, талбайг малын шээг, өтөг бууц болгосноос 2016 онд авах байсан хадлангийн хэмжээ багассан хэмээн нэхэмжлэгч О.Шинэбаяр гэм хорын хохирол нэхэмжилсэн байх боловч хариуцагч нар хадлангийн талбайд 3 сарын хугацаанд бууж, намаржсан гэх болон тухайн хадлангийн талбайд өвс ургахгүй болсон гэх нөхцөл байдлууд дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

      Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/04/250/02 тоот “Өргөдөл шалгасан тухай” улсын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд уг хадлангийн талбайд усалгаа хийхэд цаашид хадлан /өвс/ хэвийн ургах бүрэн боломжтой болохыг дурджээ.

     Мөн гэрч Ч.Отгонбаатарын “2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр манайх Ц.Батсүхийнхтэй хамт Арсайн эхэн гэх газар бууж намаржсан бөгөөд манайх 10 дугаар сарын 14-15-ны үеэр буурь сэлгэж нүүсэн. Харин Ц.Батсүхийнх 10 дугаар сарын 19-20-ны хооронд нүүсэн санагдаж байна. Ц.Батсүхийнх яг О.Шинэбаярын хадлангийн талбай дээр буугаагүй, татсан шуудууны үзүүрт буусан  байсан. Хадлангийн талбай дээр 7 хоносон гэж бодож байна” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нар тухайн хадлангийн талбай дээр удаан хугацаанд оршин суусан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж ирүүлсэн 12 ширхэг гэрэл зураг /хэргийн 11-13-р хуудас/, мөн хариуцагчаас гаргаж ирүүлсэн 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 27-29-р хуудас/ нь хаана, ямар эрх бүхий этгээдээр, хэзээ бэхжүүлэгдсэн нь тодорхойгүй, уг гэрэл зургуудаас О.Шинэбаярын эзэмшлийн хадлангийн талбайд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тус тус тогтоох боломжгүй тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

       Түүнчлэн нэхэмжлэгч О.Шинэбаяр “Намайг Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нар хэл амаар доромжилсон тул сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хэзээ, хаана, ямар үг хэллэг хэрэглэж, яаж доромжилсон болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаар баримтыг нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй байна.

      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй юм.

       Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Шинэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нарт холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Шинэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч аар хариуцагч Ц.Батсүх, Б.Цэдэнсодном нарт холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2.000.000 /хоёр сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР

                                                                      ШҮҮГЧИД                             Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ