| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2018/0945/Э |
| Дугаар | 015 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр,
Шүүгдэгч Х.Азбаяр /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хатанбаатарын Азбаярт холбогдох эрүүгийн 1809018830860 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,, одоо Шинэ ган мандах ХХК төмрийн үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж, 391 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар УИ95083111,
Боржигон овогт Хатанбаатарын Азбаяр.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Х.Азбаяр нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-426 тоотод хохирогч Л.Дэмбэрэлтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун шуу руу нь ширээний гэрлээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Азбаяр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Дэмбэрэл /хх-ийн 15-16/, яллагдагч Х.Азбаяр /хх-ийн 2-3, 18/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4748 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, шүүгдэгч Х.Азбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Азбаяр нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-426 тоотод хохирогч Л.Дэмбэрэлтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун шуу руу нь ширээний гэрлээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Азбаяр нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22:00 цагийн үед гэртээ ганцаараа байхад манай найзууд Хатанбаатар эхнэр Оросоогийн хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 3 нэг шил архи уучихаад, хоол идчихээд яваад өгсөн. Тэгээд хөнжилдөө ороод хэвтэж байхад Хатанбаатарын хүүхэд нь орж ирээд намайг хэвтэж байхад ална шүү гэж хэлээд миний нүүр лүү цохиод, тэгээд миний толгой дээр дарж байгаад хутга хоолойнд тулгаад миний хэвтэж байсан орны хажуу талд байдаг ширээний гэрлээр миний баруун гар луу цохиод гараад явсан. Дахиж орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Яллагдагч Х.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 9-391 тоотод гэртээ ирсэн чинь манай аав Хатанбаатар нь архи уусан согтуу байсан. Тэгээд би ааваасаа “хэнтэй архи уусан юм бэ” гэж асуухад Дэмбэрэл өвгөн манай гэрт орж ирээд надтай хамт архи уусан гэж хэлсэн. Аав Хатанбаатартай архи уулаа гэж би уурлаад Дэмбэрэл өвгөн гэх хүний гэрт нь очоод Дэмбэрэлтэй уулзаад яах гээд байнга гэрт орж ирээд ээж аавыг уруу татаж архи уулгадаг юм бэ гэж хэлсэн чинь Дэмбэрэл нь “битгий манай гэрт орж ирээд хэрүүл маргаан хийгээд бай” гэж хэлэхээр нь би Дэмбэрэлийн нүүр тус газарт нь нэг удаа гараараа цохиж авсан чинь ор луу Дэмбэрэл унаад өгсөн юм. Дахин манай гэрт орж ирээд Хатанбаатар аавыг минь уруу татаж архи уулгахгүй шүү гэж хэлээд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3, 18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4748 дугаар дүгнэлт: “...Л.Дэмбэрэлийн биед баруун хоншоор яс гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, зүүн, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож байх тул шүүгдэгч Х.Азбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Х.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуулинд заасан 600 цаг нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэх санал гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Азбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Л.Дэмбэрэл нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүхээс Х.Азбаярт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Х.Азбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Азбаяр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хатанбаатарын Азбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Азбаярыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Азбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Азбаярт оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Азбаяр нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Азбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ