Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00391/И |
Дугаар | 415 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 415
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Төрийн албан хаагчийн 2 дугаар 16 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62060172, Галзад овогт Жуужаагийн Сорогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сорог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Сорог миний бие Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Барилга байгууламж худалдаа, эрчим хүч, СӨХ-ийн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар ажлаасаа халагдаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дүгээр шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 216 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон. Үүний дагуу Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажилдаа томилогдсон боловч цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй байсан учраас өөрийн хүсэлтээ өгч Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацааны цалингаа авсан. Иймээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Миний бие ТҮ-7-5 шатлалаар үндсэн цалин 608.457 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь буюу 152.114 төгрөг, хоолны мөнгө 22.000 төгрөг, нийт 782.571 төгрөгийн цалин авдаг байсан. Нэг өдрийн цалин 35.571 төгрөг болно. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүтэн 8 сар, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 15 хоног байна. 8 бүтэн сарын цалин 6.260.568 /782.571х8/ төгрөг, 15 өдрийн цалин 533.565 /533.565х15/ төгрөг, нийт 6.794.133 төгрөг болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Барилга байгууламж, худалдаа, эрчим хүч, СӨХ-ны асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Ж.Сорог нь ажилгүй байсан хугацааны 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6.084.568 төгрөг, 5 сарын 01-22-ны хүртэл 518.571 төгрөг нийт 6.603.139 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд 660.314 төгрөг, татварт 587.282 төгрөг, гарт олгох цалин нь 5.355.543 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэлдээ хоолны мөнгийг мөн адил олгох талаар тусгасан байна. Хоолны мөнгийг зөвхөн ажлаа хийж гүйцэтгэж байгаа аилтан, албан хаагчдад ажилласан хоногт тооцон олгох тул энэхүү нөхцөлд хоолны мөнгийг олгох боломжгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Сорог, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал нар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Ж.Сорог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 6.794.133 төгрөг гаргуулахаар, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг Улаангом сумын ЗДТГ-аар нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг үндэслэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал ЗДТГ-ын Барилга байгууламж, худалдаа, эрчим хүч, СӨХ-ны асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Ж.Сорог нар харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Ж.Сорог
1. Ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөгнөөс хоолны зардал 191.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6.603.133 төгрөгийг Улаангом сумын ЗДТГ-аас гаргуулах,
2. Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос гаргуулах,
Хариуцагч: Улаангом сумын ЗДТГ-ын дарга Н.Батжаргал:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6.603.133 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 2 дугаар улиралд 603.133 төгрөг, 2016 оны 3 дугаар улиралд 3.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр улиралд 3.000.000 төгрөг тус тус олгоно.
2. Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хариуцах хэсгийг нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлж тооцоог хийж дуусгана. Гэрээ байгуулсан: Улаангом сумын ЗДТГ-ын дарга Н.Батжаргал, Улаангом сумын 3-р багийн иргэн Ж.Сорог” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сорог нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгахын хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Сорог, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ж.Сорогийн нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөгөөс 6.603.133 төгрөгийг нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулахаар, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хариуцах хэсгийг нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ж.Сорог, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 123.565 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 6.603.133 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 120.600 төгрөгний тал хувь 60.300 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 63.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 60.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сорогт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Сорог, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Ж.Сорог нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 6.794.133 төгрөгөөс 191.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 6.603.133 төгрөгийг нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулахаар, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хариуцах хэсгийг нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 60.300 төгрөг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 60.300 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Сорогт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР