| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0020/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр,
Шүүгдэгч: Б.Гомбо /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тариат овогт Батмөнхийн Гомбод холбогдох эрүүгийн 1803000010464 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “Хүннү секрит”-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 13а-383а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлгүй, регистрийн дугаар НТ96102815, Тариат овогт Батмөнхийн Гомбо.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б.Гомбо нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг 32-ын тойргийн автобусны буудлын явган хүний гарцан дээр Toyota Carina маркийн 98-14 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Чимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гомбо мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Чимэг /хх-ийн 24-25/, иргэний хариуцагч Э.Мандал /хх-ийн 32/, яллагдагч Б.Гомбо /хх-ийн 55/ нарын өгсөн мэдүүлэгүүд, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14396 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/, шүүгдэгч Б.Гомбын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Гомбо нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг 32-ын тойргийн автобусны буудлын явган хүний гарцан дээр Toyota Carina маркийн 98-14 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Чимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.Чимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би автобуснаас буугаад явган хүний гарцаар ганцаараа гарч явтал нэг машин хурдтай орж ирээд намайг урд хэсгээрээ мөргөж, би газарт шидэгдэж унасан. Жолооч эрэгтэй бууж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэсэн. Миний зүүн талын 5-8 дугаар хавирга зөрүүтэй хугаралтай, 9-р хавирга зөрүүтэй хугаралтай зэрэг гэмтлүүд одоогоор илэрсэн. Гранд мед эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Иргэний хариуцагч Э.Мандалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний автомашинд эвдрэл учраагүй, машины хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг харна. Одоогоор би яахаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Яллагдагч Б.Гомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Мандал гээд ахаас Карина маркийн автомашиныг нь худалдаж авахаар 32-н тойргийн хойд талд байх нийтийн байранд очоод түүнтэй амаар хэлэлцээд нийт 3.000.000 төгрөг цувуулж өгөөд машиныг нь худалдаж авахаар тохиролцоод тэр өдөр 500.000 төгрөг өгөөд машиныг нь унаж гараад Төв гандангийн доод талд байх ажил руугаа явж байгаад 32-н буудлын гарцан дээр хүн шүргэсэн. Тухайн үед баруун гар талд явган хүний гарц дээр хүн зогсож байсан. Тэгээд намайг өнгөрөөгөөд тэр хүн гарах гэж байна гэж бодоод явган хүний гарц руу ойртож явтал тэр хүн гэнэт гарцаар гарч эхлээд, тэр хүнийг мөргөхгүй гээд тоормосоо гишгэсэн боловч машины урд хэсгээрээ мөргөсөн. Бууж ирээд тэр хүний биеийн байдлыг асуугаад гэмтлийн эмнэлэг рүү машиндаа суулгаад аваад явсан. Тэр хүний рентген зураг авхуулахад хавирга хугарсан байна гэж байсан. Гэтэл тэр хүн заавал Гранд мед гэж эмнэлэгт дахин зураг авхуулж тэндээ эмнэлэгт хэвтэнэ гэж хэлээд хэвтэж эмчлүүлж байгаа. Миний хувьд уг унаж явсан автомашинд жолоочийн хариуцлагын даатгал байхгүй. Уг автомашины тоормос явах эд анги нь хэвийн ажиллагаатай машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14396 дугаар шинжээчийн дүгнэлт: “...М.Чимэгийн биед цээжний зүүн талын 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, гуяны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Чимгээгийн биед цээжний зүүн талын 5-9-р хавирганы хугарал, гуяны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 35/,
Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаар дүгнэлт: “...Toyota Carina маркийн 98-14 УБП дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Гомбо нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Чимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48/, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.Гомбо нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч М.Чимэг нь “...Ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр 3.000.000 төгрөгийг Б.Гомбоос хүлээн авч эвлэрсэн. Бидний хооронд маргаан байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй..” гэсэн хүсэлт /хх-ийн 85/ гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Гомбод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гомбын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.Гомбод тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Б.Гомбо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариат овогт Батмөнхийн Гомбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гомбыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гомбод оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гомбо нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Гомбо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гомбод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ