Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01510

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01510

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаар шийдвэртэй,

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Н.*******д холбогдох,

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Зээлдэгч Ц.*******, Б.******* нар нь ******* ******* ХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10540032.... тоот зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийн хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Н.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, ............ дүүрэг, .. дугаар хороо. ******* 7 гудамж .. тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-220Ю3.... дугаартай, 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 10540032.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ" байгуулан барьцаалуулсан.

Дээрх өмчлөгч нь хувийн сууцыг барьцаалахдаа 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Ц.******* төлөөлөх эрхийг олгосон байдаг. Зээлийн үүрэг, барьцааны үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ц.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,510,421 төгрөг гаргуулж ******* ******* ХК-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/00178 дугаар магадлалаар 30,066,177 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, ............. дүүрэг, .. дугаар хороо, ******* 7 гудамж .. тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байрлах Г-220103.... дугаартай, 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус магадлалын хянавал хэсгийн 9.3-д нэхэмжлэгч нь барьцаалуулагч Н.*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад тус магадлал саад болохгүй гэж тодорхой дурдсан.

Иймд барьцааны зүйл болох Н.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201049699 дугаартай .......... дүүрэг, .. дугаар хороо, ******* 7 гудамж, .. тоот 63 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байрлах Г-220103.... дугаартай 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3, 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Н.*******, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хооронд үүрэг үүсээгүй, гэрээ байгуулаагүй гэж үздэг, хариуцагчаар татагдах этгээд биш гэж ойлгож байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй бол хариуцагч Н.*******гийн өмчлөлийн Ү-220104.... дугаартай, ............ дүүрэг .. дугаар хороо, ******* 7 гудамж, .. тоотод байрших 63 м.кв талбайтай хувийн сууц, Г-220Ю3.... дугаартай, 306 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнийн дүнгээс зээлийн үүргийг гүйцэтгэхийг Шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэргийн 23 дугаар талд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/00178 дугаартай магадлал байх бөгөөд түүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй нь өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай хэмээснийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрсөн, одоо тус магадлал нь хуулийн хүчин төгөлдөр гэдгийг нотолж байна. Өмнө нь хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн хариуцагч этгээдийг сольж дахин нэхэмжлэл гаргасан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

4.2. Барьцааны зүйл нь зээлдэгч нарын өмч байх ёстой.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220104.... дугаартай ................. дүүргийн .. дугаар хороо, Хамба 7 гудамж, .. тоот 63 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байрлах Г-220103.... дугаартай 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаар шийдвэрээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,066,178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.*******, Б.******* нараас 20,510,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,555,736 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/00178 дугаар магадлалаар хариуцагч Ц.*******, Б.******* нараас 30,066,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэжээ. /хх18-22, 23-25/

Дээрх үйл баримтыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй.

3.б. ******* ******* ХК, Ц.*******, Б.Ууганбаатар нар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10540032.... дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр .................дүүрэг, .. дугаар хороо, ******* 7 дугаар гудамж, .. тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-220103.... дугаартай, 306 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх13-15/

3.в. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

Анхан шатны шүүх Ц.******* нь Н.*******д 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийн хүрээнд Ц.*******ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Н.******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн баримт үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх Н.*******д олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******гээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* ******* ХХК байсныг ******* ******* ХК болгон нэрээ өөрчилж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 00026.... дугаартай гэрчилгээ авсан/хх-7/ байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн нэрийг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй заалтыг баримталсан байгааг хасч, нэхэмжлэгч компанийн нэрийг зөвтгөх байдлаар өөрчлөлт оруулна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ оновчгүй заалт баримталсан байна. Учир нь нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлсон үед шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах хуулийн зохицуулалтыг баримтлах зүйтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмнө нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад хариуцагч этгээдийг сольж дахин нэхэмжлэл гаргасан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үгүйсгэх нөхцөл болохгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ******* ******* ХК нь Ц.*******ийн Н.*******д олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь хариуцагчийг өөрчилж гаргасан гэж үзэхгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.1 гэснийг хасч,

ХХК гэснийг ХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД