Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 421

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, ОМ65121202 регистртэй, Шаавай овогт Дониогийн Сарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан.  Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан М.Бадамдорж, Б.Цээлэй нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 32 тоот “Тушаал нөхөн гаргах тухай” тушаалд “Барилгачин Д.Сарантуяаг 1984 ооны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэнд тооцсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Дониогийн Сарантуяагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыгг дуустал барилгачнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

3. Увс аймгийн Өндөрхангай сумын Намын үүр, ХЗЭ-ийн хорооноос 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Д.Сарантуяаг шагнасан “Баярын бичиг”,

4. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Д.Сарантуяаг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

5. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Д.Сарантуяаг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

6. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д.Сарантуяаг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

7. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Д.Сарантуяаг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

8. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 112 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд “Барилгачин Донио овогтой Сарантуяад нярай хүүхдээ асрахад нь зориулж 11 дүгээр сарын 13-наас 1990 оны 2 дугаар сарын 10-ныг дуустал 3 сарын чөлөө олгосугай” гэж бичигджээ,

9. Гэрч М.Бадамдоржийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн барилгын бригадад өрлөгчин, бригадын даргаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Д.Сарантуяа нь намайг 1987 онд нэгдэлд ажилд ороход тэнд барилгын бригадын барилгачнаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад ажиллаж байсны хувьд Д.Сарантуяаг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргаар Г.Баазар, барилгын техникчээр н.Заяа гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

10. Гэрч Б.Цээлэйгийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн барилгын бригадад засалчнаар 1990 он хүртэл ажиллаж байсан. Д.Сарантуяа нь намайг 1986 онд нэгдэлд ажилд ороход тэнд барилгын бригадын барилгачнаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Д.Сарантуяа 1988-1989 оны үед гэр бүлтэй болсон бөгөөд түүний нөхөр нь мөн манай нэгдлийн барилгын бригадад ажиллаж байсан санагдаж байна. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад ажиллаж байсны хувьд Д.Сарантуяаг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

11. Гэрч М.Бадамдорж, Б.Цээлэй нарын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

       Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 32 тоот “Тушаал нөхөн гаргах тухай” тушаал, ажиллаж байхдаа авч байсан шагнал болох баярын бичиг, сайшаалын үнэмлэх, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Д.Сарантуяагийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 112 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, гэрч М.Бадамдорж, Б.Цээлэй нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Д.Сарантуяагийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 6 сар барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч Д.Сарантуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо. Учир нь манай энд шар усны үер гүйгээд машин, унаа явах боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Дониогийн Сарантуяагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР