Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: З.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр,

            Шүүгдэгч Г.Наранцацрал,

            Шүүгдэгч Г.Ариун-Эрдэнэ /шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Гомбохүүгийн Наранцацрал, Хөх тайж овогт Ганбаатарын Ариун-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1809025100874 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-02-01 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаягаар: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 гудамж, 421 тоотод оршин суух бүртгэлтэй/, урьд   

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар ХЗ86111269,

 Урианхай овогт Гомбохүүгийн Наранцацрал.  

 

2. Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтайн овоо 40-57 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар МЗ83101876, Хөх тайж овогт Ганбаатарын Ариун-Эрдэнэ.  

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Г.Наранцацрал нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сод монгол” шатахуун түгээх станцын гадна хохирогч Н.Үдмандахыг хувийн таарамжгүй харьцааны асуудлаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Яллагдагч Г.Ариун-Эрдэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сод монгол” шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.Финоадоржийн хувийн таарамжгүй харьцааны асуудлаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Наранцацрал мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ариун-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Фониадорж /хх-ийн 40-41/, хохирогч Н.Үдмандах /хх-ийн 37/, яллагдагч Г.Наранцацрал /хх-ийн 8/, яллагдагч Г.Ариун-Эрдэнэ /хх-ийн 3-4/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6783 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6742 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/,  шүүгдэгч Г.Наранцацрал /хх-ийн 75/, шүүгдэгч Г.Ариун-Эрдэнэ /хх-ийн 70/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгч Г.Наранцацрал нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сод монгол” шатахуун түгээх станцын гадна хохирогч Н.Үдмандахыг хувийн таарамжгүй харьцааны асуудлаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Г.Ариун-Эрдэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сод монгол” шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.Финоадоржийн хувийн таарамжгүй харьцааны асуудлаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Фониадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сод монгол” шатахуун түгээх станцаас шатахуун авах гэж очсон юм. Тэгээд очерлоод зогсож байсан чинь тус колонкын түгээгч ирэхгүй удаад байхаар нь түгээгчийг дуудаад “танайх бензин өгч байгаа юмуу” гэсэн чинь “манайх өгөхгүй байгаа харахгүй байгаа юмуу” гэхээр нь би “ажиллахгүй байгаа талаараа тэмдэг тэмдэглэгээ тавихгүй яасын” гээд маргалдаад байж байтал хажуу талд зогсож байсан машинтай үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машин дотроосоо “ямар ядаргаатай юм бэ? зүгээр явчихаач” гэхээр нь “та нарт хамаагүй би энэ түгээгчтэй юм ярьж байна” гэж хэлсэн чинь машин дотор байсан танихгүй эмэгтэй хүн нь машинаасаа бууж ирээд “ямар ядаргаатай юм бэ? хоёр гичий чинь зайлаач” гэхээр нь би машинаасаа бууж очоод тэр хүүхэнд хандаж “чи гичий биш үү, гичийгээс төрөөгүй юу” гэж хэлсэн чинь миний өөдөөс “муу ядуугийн туйл гуйлгачин минь шоронгийн хоригдол минь” гээд хэл амаар доромжлоод манай эхнэрийн нүүр лүү цэвэр усны саваа шидсэн, байж байтал нөгөө машины жолоон дээр байсан эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд намайг машиныхаа хаалгаар нэг удаа хавсархаар нь миний уур хүрээд тэр залуутай барилцаад авсан юм. Би тухайн үед тэр залууг цохиогүй маргалдаад байж байтал хүмүүс ирээд бид хоёрыг салгасан, салаад байж байтал нөгөө залуу миний зүүн далруу нэг удаа хатуу явган хүний замын тоосгоор цохиод мөн баруун гар луу нэг удаа цохисон юм. Тухайн үед тэр шатахуун түгээх станцын ойр орчимд байсан хүмүүс салгасан юм. Би тэр хүнийг цохиж чадаагүй. Нэг харсан чинь манай эхнэрийн нүүр лүү цэвэр усны сав шидэхээр нь манай эхнэр бууж ирээд тэр хүүхэнтэй маргалдаад байсан. Тэгээд би эхнэрээ салгаад цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

Хохирогч Н.Үдмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станц дотор ажлын хамтрагч Ариун-Эрдэнийн хамтаар ажлаа хийгээд байж байхад 160-165 см өндөртэй хар бор өнгийн нуруугаар шүргэсэн үстэй, туранхай бор царайтай, улбар шар өнгийн фодволктой богино өмдтэй, цагаан цэнхэр өнгийн пүүзтэй эмэгтэй хүн байсан, одоо нэрийг мэддэг болсон Наранцацрал гэдэг юм байна лээ. Наранцацрал нь намайг хэл амаар доромжлоод байснаа шууд үсдэж дараад газарт унагаагаад чирээд байсан. Толгой руу гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Гэрч Г.Наранцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр тэгвэл бензин зарахгүй гэсэн талаараа тэмдэг тэмдэглээг тавихгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь машин дотроос үл таних эмэгтэй хүн бууж ирснээ хэл амаар доромжлоод байсан. Хар өнгийн хувцас өмсчихсөн, 35 орчим настай, бор царайтай, эмэгтэй хүн байсан одоо нэрийг нь мэддэг болсон Үдмандах гэдэг нэртэй юм байна лээ. Үдмандахын сууж байсан машин дээр очтол Үдмандах нь нүүр тус газарт гараараа маажаад авсан юм. Манай нөхөр Фониадорж нь чиний наад нүүр чинь яасан юм бэ гэж асуухаар нь өөрийнхөө нүүрийг машины толинд харахад миний нүүр улаан эрээн болсон байсан. Манай нөхөр нөгөө эмэгтэй хүн дээр очоод чи адилхан эмэгтэй хүн байж нэг нэгийнхээ нүүр амыг хүн харахгүй аймар болгосон байна ш дээ гэж хэлсэн чинь цаанаас жолооч залуу нь машинаасаа бууж ирснээ чи муу одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд манай нөхрийг машиныхаа хаалгаар хавсаргаж цохиод тоосго авснаа шууд манай нөхрийг цохиод авсан юм. Үдмандах нь бууж ирснээ намайг хэл амаар доромжлоод байхаар нь Үдмандах дээр очоод үснээс нь зулгаагаад татчихсан юм. Тэгээд тэр хавиар байсан хүмүүс Үдмандах бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6783 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Д.Фониадоржийн биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн далны дээр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6742 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Н.Үдмандахын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, зулгаралт духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хацар, шанаа болон шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож байх тул шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Наранцацралд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Ариун-Эрдэнэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нарт тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Гомбохүүгийн Наранцацралыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

     шүүгдэгч Хөх тайж овогт Ганбаатарын Ариун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Наранцацралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Г.Ариун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Наранцацрал, Г.Ариун-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ