Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ш.Хосбаяр,

Нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр,

            Шүүгдэгч Д.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Даваадоржийн Мөнхтулгад холбогдох эрүүгийн 1809041830250 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 23 дугаар гудамжны 938 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП96081590,

 

Далай овогт Даваадоржийн Мөнхтулга.   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Мөнхтулга нь 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Гэрэлт гудамж” орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутанд савласан 6,2 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт “каннабис” нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтулга мэдүүлэхдээ: Гэмшиж байгаа. Гэр бүлд маань маш муугаар нөлөөлж байгаа. Дахиж давтахгүй байж чадна, амлаж байна. Цаашид уран бүтээлдээ үнэн ч байж энэ төрлийн гэмт хэргээс залуучуудыг эсрэг байх талаар уран бүтээл гаргаж ажиллана. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Мөнхтулга /хх-ийн 49-51/-ын өгсөн мэдүүлэг, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бадамдамдины илтгэх хуудас /хх-ийн 3/, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, О.Алтангэрэл, А.Бадамдамдин нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-44/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 23-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9268 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 53-55/, шүүгдэгч Д.Мөнхтулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мөнхтулга нь 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Гэрэлт гудамж” орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутанд савласан 6,2 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт “каннабис” нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхтулга нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Яллагдагч Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмтшиж байна. Би Энхжин гэх охинтой 2016 онд үерхдэг байсан. Тэгээд Энхжин БНХАУ-д сургуульд сурахаар яваад тэрнээс хойш бид хоёр холбоогүй болсон юм. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цэвэрлэж, хоол ундаа хийчихээд утсаа оролдоод байж байхад Энхжингийн фэйсбүүк хаяг нь нээлттэй байхаар нь Энхжинг хотод ирсэн байж магадгүй гэж бодоод гэрээсээ Энхжинтэй уулзахаар гарсан. Энхжин хотод ирхээрээ ихэвчлэн гэрэл гудамжинд явж байдаг болохоор би гэрэлт гудамж орсон. ...Гэрэлт гудамжинд ирээд автомашины зам хаасан хэсэгт явж байхад үл таних гурван залуу ирээд юу байна хөгшөөн чи гоё дуулдаг шүү, би чиний дууг байнга сонсдог, завтай бол хамт тамхилаач гэхээр нь би мэндлээд гар барьсан. Тэр үед надад тамхи өгөхөөр нь аваад тэрийг нь асаагаад татахад тамхи биш өвс байхаар нь буцаагаад тамхи өгсөн залууд өгөөд өөрийнхөө тамхийг гаргаж ирээд асаагаад татсан. Тэр үед нөгөө залуу надад халаас алгаа чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчихээч гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Яг тэр үед цагдаа ирээд цэнхэр үстэй залуу нааш ир дээ гээд намайг ганцааранг нь дуудахаар нь очсон чинь яагаад тамхи татаад байгаа юм бэ дагаад яв гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгээд миний цүнхэнд цагдаа нар үзлэг хийгээд нөгөө залуусын өгсөн гялгар ууттай зүйлийг гаргаж ирээд хар тамхи хэрэглэсэн байна гэж хэлсэн. Би тэр залуусын өгсөн гялгар ууттай зүйлсийг хар тамхи гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123/,

 

Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн орчим Гэрэлт гудамжинд байх иргэдэд үйлчлэх төвийн орчим явж байхад сэжиг бүхий олон нийтийн газар тамхи татсан иргэн явж байхаар нь саатуулан шалгахад Мөнхтулга байсан бөгөөд зөрчлийг нь тодруулах зорилгоор иргэдэд үйлчлэх төвийн байранд дагуулан орж гаргасан зөрчлийн талаар асууж тодруулах гэтэл өөдөөс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой хэл ам нь зууралдаад нэг л сонин байхаар нь үнэртэж үзэхэд согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байхаар нь юу хэрэглэсэн болохыг нь асууж тодруулахад би өвс хэрэглэчихсэн байна, миний хэрэглэсэн өвс миний цүнхэнд байгаа гэж хэлэхээр нь гаргаад ир гэхэд цүнхнээсээ гялгар ууттай өвс /каннабис/ цаасны хамт гаргаж ирсэн. Уг эд зүйлийг хураан авч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

 

Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, А.Бадамдамдингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...олон нийтийн газар тамхи татсан зөрчлийг нь шалгах зорилгоор иргэдэд үйлчлэх төвийн байранд дагуулан орж, гаргасан зөрчлийн талаар асууж тодруулахад сандараад нүд ам нь улайчихсан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй байхаар нь юу хэрэглэснийг нь тодруулж асуухад би өвс хэрэглэчихсэн, миний хэрэглэсэн өвс миний цүнхэнд байгаа гэж хэлэхээр нь гаргаад ир гэхэд цүнхнээсээ гялгар ууттай өвс /каннабис/ цаасны хамт гаргаж ирсэн. Уг эд зүйлийг хураан авч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9268 дугаар дүгнэлт: “...Д.Мөнхтулгаас хураан авсан 5 грамм өвс, ургамал а/д Б.Батчулуун гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Д.Мөнхтулгыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан шээсний дээжтэй тестэр, хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51/,

           Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бадамдамдины илтгэх хуудас /хх-ийн 3/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 53-55/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 23-26/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч ял шийтгэлийн хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, уран бүтээл хийдэг дуучин, дүүтэйгээ амьдардаг, шивээсний урлаг сонирхдог, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эрүүгийн хариуцлага, зарчимд нийгэмшүүлэх гэж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Мөнхтулгыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнхтулгын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч Д.Мөнхтулгын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан...” гэснийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “...оршин суух газар, ажил, суургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “...мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд хэрэглэхийг хязгаарлах боломжтой гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

 Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутанд савласан 6,2 грамм /гялгар уутны хамт 8 грамм/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “каннабис” нэршилтэй бодис, “BIG” гэсэн бичиглэлтэй, ягаан өнгийн асаагуур, “Оригнал асаагуур” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур, ОСВ гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцагтай тамхины нимгэн цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Далай овогт Даваадоржийн Мөнхтулгыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, суургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, тэдэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид танилцуулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутанд савласан 6,2 грамм /гялгар уутны хамт 8 грамм/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “каннабис” нэршилтэй бодис, “BIG” гэсэн бичиглэлтэй, ягаан өнгийн асаагуур, “Оригнал асаагуур” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур, ОСВ гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцагтай тамхины нимгэн цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ