Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 05

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал нарыг оролцуулан, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, Ц.Идэрмөнхийг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй байсан буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус актын улмаас учирсан хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Эдийн засагч мэргэжилтэй, бизнес удирдлагын магистр зэрэгтэй. Төрийн захиргааны албанд 29 жил ажилласан. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Аймгийн худалдан авах ажиллагааны алба 2012 онд байгуулагдах үед миний бие хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтанд оролцон тухайн албан тушаалд тавигдсан шаардлагуудыг хангасан тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн албаны даргаар нь томилогдон ажилласан. Энэ ажилд ажиллахаасаа өмнө би Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тус ажлын байр зарлагдсаны дагуу зохих шалгалтанд орсон нь энэ юм.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” аймгийн засаг даргын захирамж гарч, тус захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг захирамжийг хууль зүйн үндэсэлгүй, хэд хэдэн хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Тус захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 гэсэн заалт тус хуульд байхгүй, мөн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох” заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртлэх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэх заалт нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх,) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж заасан бөгөөд миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд уг баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна.

Миний өмнө нь эрхэлж байсан Худалдан авах ажиллагааны албаны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэр томьёотойгоор одоогоор хадгалагдаж байгаа юм. Энэ талаар 2016 оны 7 сарын 21-ний өдрийн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулиар ч гэсэн тодорхой зохицуулсан.

Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай) гэж заасан боловч орон нутгийн өмчийг аймгийн ИТХ-ийн харъяанд нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж байсан. Худалдан авах ажиллагааны албаны хувьд дарга 1, мэргэжилтэн 3, жолооч 1, нягтлан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, гэсэн долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд миний ажлын байр буюу төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахдаа надад ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй, 2016 оны 10 сарын 11-ний өдөр албан ажлынхаа өрөөнд сууж байтал захиргаанд ажиллаж байгаагүй үл таних эмэгтэй надад "Идэрмөнх гэдэг хүн та мөн үү" гэж асуугаад "мөн" гэтэл "дарга энэ бичгийг өгч байна" гэж хэлээд нэг бичиг өгөөд гарсан. Юун бичиг байгаа талаар задалж үзэхэд намайг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын захирамж байсан.

Энэ үйл ажиллагаараа аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зөрчиж байгаа шийдвэр гаргаж байгаа бол урьдчилан сонсгох ажиллагаа хийх, миний хувьд тухайн ажлын талаар урьдчилан тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

Би энэ захирамжийг хүлээн авсаны дараа тухайн захирамжийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хандан тухайн захирамжийг хянуулах тухай гомдол гаргасан боловч одоо болтол надад албан ёсоор хариу мэдэгдээгүй.

Би 2016 оны 11 сарын 18-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Дашцэрэнгээс утсаар ярьж асуухад "төрийн албаны салбар зөвлөл хуралдах боломжгүй байгаа, учир нь бүгд түр орлон гүйцэтгэгч нар байгаа" гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг өгснөөс хойш 10 гаран хонож байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгох,

2. Ц.Идэрмөнх намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах,

3.Намайг ажилгүй болсон буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажиллаагүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх,

4. Хууль бус захирамж гарсантай холбогдон надад учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх гэсэн шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Идэрмөнх миний бие 2012 онд Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны засгийн газрын тогтоолоор Худалдан авах ажиллгааны албыг Орон нутгийн өмчийн газар болгон өөрчилсөн. Худалдан авах ажиллагааны алба 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан, үүн дээр орон нутгийн өмчийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэг мэргэжилтнээр ажиллаж байсан энэ орон тоог нэмээд зохион байгуулж ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн заалт байдаг. Орон нутгийн өмчийн албаны дарга гэж байдаггүй учир Худалдан авах ажиллагааны даргын ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгаа гэж ойлгож байгаа тул Орон нутгийн өмчийн албаны даргаар эгүүлэн томилж өгнө үү. Миний бие төрийн байгууллагад 29 жил 3 сар ажиллаж байна 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас хууль бусаар халагдсан, миний оронд томилогдон ажиллаж байгаа Ч.Мөнхцэцэг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ганхүлэгийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд явж байгаад ажлаасаа халагдсан түүнээс хойш төрийн албанд ажиллаж байгаагүй төрийн албаны шалгалт өгөөгүй хууль бус томилгоо гэв. Өмчийн бүртгэлийн ажлыг 8 жил хийсэн ажлын туршлага байгаа, Худалдан авах ажиллагаа хариуцсан албаны даргаар 4 жил ажилласан энэ хугацаанд ямар нэгэн алдаа, дутагдал, гомдол, санал гарч байгаагүй. Ийм учраас Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт хэрэгжүүлэгч агентлагуудаас ажлын үзүүлэлтээрээ нэгдүгээр байранд шалгарч байсан.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар /Xудалдан авах ажиллагааны албатай/ гэсэн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулахаар хуульчлан тогтоосон.

Тус тогтоолын дагуу аймгийн Засаг даргын А/633 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газар”-ын бүтэц, орон тоо батлагдаж газрын даргатай нийт 9 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар захирамжилсан.

Ц.Идэрмөнх нэхэмжлэлийн шаардлагадаа аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажпаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

1. Захирамжийн огноо зөв боловч дугаарыг буруу бичсэн аймгийн Засаг даргын Б/634 тоот захирамж гараагүй байна.

2. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015.01.12-ны 08 тоот тогтоолоор Худалдан авах ажиллагааны алба байхаар тогтоосон байсан. Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газартай /Худалдан авах ажиллагааны албатай/ байхаар чиг үүргийн хувьд өөрчлөн байгуулагдсан.

3. Захирамжийн үндэслэх хэсгийн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 гэсэн заалтыг Тамгын газрын албан хаагчийн албан ажпын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас шалтгаалан буруу бичсэн байх тул хариуцлагагүй хандсан албан хаагчид сахилгын арга хэмжээ авсан.

4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөөгүй гэсэн байна.

а/ Орон нутгийн өмчийн газар нь Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдсан тул албан тушаалтны томилгоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд байсан.

б/ Аймгийн Засаг даргын 2016 оны Б/635 тоот захирамжаар Ч.Мөнхцэцэгийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалт хүртэлх хугацаанд “Орон нутгийн өмчийн газар”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

5. Төрийн албаны тухай хуулийн 17.5 заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар 1 дүгээр улиралд сонгон шалгаруулалт явагдана. Энэ сонгон шалгаруулалтад орох нь Ц.Идэрмөнхөд нээлтэй байгаа.

6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжпүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажпын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршилага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга Б/634 тоот захирамжаар Ч.Мөнхцэцэгийг Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Ц.Идэрмөнхийн ажиллаж байсан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн тэтгэлэг олгосон.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог баталсан уг тогтоол дээр аймгийн засаг даргыг тамгын газар Худалдан авах ажиллагааны албатай байна гэж заасан, 2016 оны 8 дугаар сарын 03-ний өдрийн Засгийн газрыг 09 дугаартай тогтоолоор аймгийн засаг даргын тамгын газар орон нутгийн өмчийн худалдан авах ажилгаатай байна гэж заасан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “ Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэсэн заалтыг үндэслэсэн. Нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр тухайн Худалдан авах ажиллагааны алба өөрчлөгдөн байгуулагдаж, Орон нутгийн өмчийн алба болсон. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 08 дугаартай тайлбарт төрийн байгууллага татан буугдсан гэдгээр Худалдан авах ажиллагаа татан буугдсан гэж үзэж байгаа. Уг ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байсан уг шүүх хуралдаандыг дууссан дараа сонгон шалгаруулалтаа зарлахаар болсон тул Ц.Идэрмөнх дарга сонгон шалгаруулалтанд оролцох эрх нээлттэй байгаа, Ч.Мөнхцэцэгийн хувьд орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай хүн.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх тус шүүхэд анх “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, Ц.Идэрмөнх намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй болсон буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажиллаагүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тодруулсан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болголоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ч.Мөнхцэцэгийг Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/635 дугаар захирамжаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 112 дугаар захирамжаар[1] Худалдан авах ажиллагааны албаны даргаар анх томилсон байна. Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” 634 дүгээр захирамжаар[2] бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” 634 дүгээр захирамжийн үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгүүд гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэж заасан бөгөөд эдгээр хуулийн заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, халах үндэслэлгүй юм.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл халагдснаар дуусгавар болохоор хуульчилсан атал тухайн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад Ц.Идэрмөнхийг төрийн албанаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг зөрчсөн төдийгүй Төрийн албаны хуульд захирагдах, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, маргаан бүхий захиргааны актад дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Тухайн тохиолдолд Худалдан авах ажиллагааны албыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор[3] Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/ хамааруулан ажиллуулахаар тогтоосон байна. Энэ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “...түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.” гэж заасны дагуу зохион байгуулагдснаас бус татан буугдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан байдал биш байна.

Дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/633 дугаар захирамжийн хавсралтаар[4] Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг 10 орон тоотой байхаар захирамжилжээ. Урьд Ц.Идэрмөнхийн удирдаж байсан Худалдан авах ажиллагааны албаны үндсэн чиг үүрэг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газартай хамт байхаар тогтоогдсон, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод[5] заасан ажлын байрны гол үйл ажиллагаа Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод[6] заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” 634 дүгээр захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг огт хийгээгүй буруутай байна.

Хоёр. “Ц.Идэрмөнхийг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй байсан буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны цалинг нөхөн гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.”, “Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, түүний урьд эрхэлж байсан Худалдан авах ажиллагааны алба шинэ зохион байгуулалтад орсон ч чиг үүрэг хэвээр хадгалагдсан нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны А/633 дугаар захирамж зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийг төрийн албанаас чөлөөлөх нэрийдлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажиллах боломжоор хангаагүй байх тул хууль бусаар ажлаас халсан гэж үзсэн болно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 5.372.509[7] /Таван сая гурван зуун далан хоёр мянга таван зуун есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Гурав. Хууль бус актын улмаас учирсан хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн үйлдэл байх тул 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалд тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5.372.509 /Таван сая гурван зуун далан хоёр мянга таван зуун есөн/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Идэрмөнхөд олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан “1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН


[1] Хавтаст хэргийн 62 дахь тал.

[2] Хавтаст хэргийн 6 болон 32 дахь тал. Хэрэгт Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” А/634, Б/634 гэсэн 2 өөр дугаартай захирамж авагдсан ба гэрчийн мэдүүлгээр зөрүүг гаргасан. Зөвхөн дугаарлалт зөрүүтэй байх тул уг шийдвэрт 634 дүгээр захирамж гэж томъёолон бичсэн болно.

[3] Хавтаст хэргийн 30- 31 дэх талууд

[4] Хавтаст хэргийн 33-34 дэх талууд

[5] Хавтаст хэргийн 43-47 дахь талууд

[6] Хавтаст хэргийн 63-66 дахь талууд

[7] 2016 оны 10 дугаар сар 14 хоног-907.421 төгрөг, 2016 оны 11,12, 2017 оны 1 дүгээр сар бүтэн буюу 1.296.316 төгрөг /Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын хавсралтаар ТЗ-9-5, Үндсэн цалин-864.211 төгрөг, Зэрэг дэвийн нэмэгдэл-25%, ур чадварын нэмэгдэл 25 хувь/, 2017 оны 2 дугаар сар 8 хоног-576.140 төгрөг