Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 030

 

Г.Калиягийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 319 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Найман самай овогт Гомбожавын Калиягийн нэхэмжлэлтэй, Аумин ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хунанбай, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda civic маркийн бензин хөдөлгүүртэй, 1490 хөдөлгүүрийн багтаамжтай, 89678км явсан, цахилгаан Hybrid маркийн машины хурдны хайрцгийн үнэ 2500000 төгрөг, шингэний үнэ 72000 төгрөг, шингэн солиулсны хөлс 15000 төгрөг, бүгд 2587000 төгрөг гаргуулах. тухай.

 

 

Нэхэмжлэлийн агуулга: Г.Калия миний бие 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda Ciivic маркийн судлын авто машинтай бөгөөд түүний хурдны хайрцгийн шингэнийг солиулахаар 2014.12.20-ны өдөр дүү Т.Аманбекийг гуйж "Аумин" засварын газарт очиж менежер Д.Дауиржанд учраа хэлэхэд тэрээр өөрсдийнхөө дэлгүүрээс шингэн худалдаж авч, сольж өгөхийг засварчиндаа үүрэг болгосноор тэдний сэлбэгийн дэлгүүрээс засварчны сонголтоор шингэн авч худалдагчийн дэвтэрт бүртгүүлэн уг засварчнаар солиулсан гээд миний машиныг авч ирж өгсөн. Гэтэл машины маань кроп хэсэг хугацааны дараа муудаж, 2014.12.29-ний өдөр эвдэрч бүрэн зогссон. Машины талаар мэдлэг бүхий хүмүүст үзүүлэхэд зориулалтын бус шингэн хийснээс болж кроп бүрэн эвдэрсэн байна гэсэн. Засварын газрынханд хэлэхэд тоймтой хариу өгөөгүй тул шүүхэд хандах гэсэн боловч аймгаас кропны үнийг тогтоох газар олдоогүй. Иймд Улаанбаатар хотод техникийн зах дээрх үнэлгээ авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний машины хурдны хайрцаг буюу кропны үнэ 2.500.000 төгрөг, кропны шингэн худалдан авахад төлсөн 72000 төгрөг, шингэн солиулахад төлсөн 15000 төгрөг, бүгд 2587000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Иргэн Г.Калия өргөдөлдөө засварын газрынханд хэлсэн боловч тоймтой хариу өгөөгүй байна гэж бичжээ. Яг хэнд хэлэхэд хариу өгөөгүйг захирал Д.Дауыржан болон миний бие, бусад ажилтан, хариуцагчид хэн нь ч мэдэхгүй байна. 2004 оны Honda Ciivic автомашины коропка нь энгийн болон full time CVT кроптай болох, тус автомашин нь кропноосоо болж бүрэн зогссоныг хэн тодорхойлсон юм бол. Тус автомашины кропны зах зээлийн үнэ нь Улаанбаатар хотод энгийн кроп нь 300000, civiti кроп нь 500000-700000 төгрөг байдаг. 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Honda Ciivic маркийн суудлын автомашин засвар үйлчилгээнд ороогүй болох нь нотлогдлоо. Иймд Г.Калиягийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1-ийг баримтлан хариуцагч Аумин ХХК-иас 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda civic маркийн бензин хөдөлгүүртэй, 1490 хөдөлгүүрийн багтаамжтай, 89678км явсан цахилгаан hybrid маркийн машины автомат хурдны хайрцагны үнэ 480000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Найман самай овгийн Гомбожавын Калияд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2107000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай;

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Калиягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгөөс 56342 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 020000941 тоот данснаас 38608 /гучин найман мянга зургаан зуун найман/ төгрөгийг, хариуцагч хариуцагч Аумин ХХК-иас 15050 /арван таван мянга тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Калияд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш машины кропыг 480000 төгрөг гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Ыдырыш ямар үндэслэлээр кропыг 480000 төгрөгөөр үнэлсэн гэдгээ тайлбарлаж чадаагүй. Уг үнэлгээнд гурван янзын үнэлгээ байна. Нэг машинд 3 хурдны хайрцаг байдаггүй, нэг л хурдны хайрцаг байдаг. Шинжээч уг машиныг ямар төрлийн машин болохыг нь ч мэдээгүй байна. Уг авто машины хурдны хайрцагийн үнэ 2500000 төгрөг /шинэ биш, хуучин орж ирсэн/, шингэний үнэ 72000 төгрөг, шингэн солиулсны хөлс 15000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг үл тоож, шүүх уг худал тогтоосон үнэлгээнд үндэслэн нэхэмжлэгчид 480000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг автомашин эвдэрснээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Удаан зогссон машины бусад эд ангиуд нь муудаж, ашиглагдахгүй болдог. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Г.Калиягийн нэхэмжлэлтэй Аумин ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, Иргэний хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн оношлогч инженер Е.Жанатханы гаргасан үндэслэл муутай дүгнэлтийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол нотлох баримт болгож байгаад гомдолтой байна.

Уг дүгнэлт нь шүүгчийн захирамжаар томилогдсон 3 шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч давтан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүсэлтээ шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгч давтан шинжилгээний дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй учраас уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, кропны тос сольсны дараа эвдэрсэн бол тэр даруй Аумин ХХК-нд хандаагүй, 5 сарын дараа шүүхэд хандсан зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Калия нь хариуцагч Аумин ХХК-д холбогдуулан 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda civic маркийн бензин хөдөлгүүртэй, 1490 хөдөлгүүрийн багтаамжтай, 89678км явсан, цахилгаан Hybrid маркийн машины хурдны хайрцгийн үнэ 2500000 төгрөг, шингэний үнэ 72000 төгрөг, шингэн солиулсны хөлс 15000 төгрөг, бүгд 2587000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Калия нь өөрийн өмчлөлийн 67-25 БӨТ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda civic маркийн суудлын автомашины[1] хурдны хайрцгийн тосыг солиулахаар 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Аумин ХХК-ийн авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ[2] засварчин зориулалтын тос хийгээгүйн улмаас тухайн автомашины хурдны хайрцаг эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон нь шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтээр[3] тогтоогджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хурдны хайрцгийн тос хэмжигчид ATF гэсэн бичигтэй учраас үйлдвэрээс нь заасан тэмдэглэгээний дагуу зориулалтын тоc хийсэн гэж маргаж байгаа бөгөөд тус автомашины хурдны хайрцгийн тос хэмжигчид ATF гэсэн бичиг бүхий тэмдэглэгээ байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Тээврийн хэрэгслийн тосны түвшин хэмжигчид ATF бичигтэй байсан нь засварын ажилтныг солих шингэнийг андуурч хийсэн байж болзошгүй... гэж тэмдэглэжээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл захиалагч Г.Калия болон ажил гүйцэтгэгч Аумин ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэгч өөрийн материалаар хэлэлцэн тохирсон ажлыг буюу тээврийн хэрэгслийн хурдны хайрцгийн тос солих, захиалагч нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Харин талууд ажлын үр дүнгийн доголдлын талаар маргасан бөгөөд үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт зориулалтын тос хийгээгүйгээс тухайн автомашины хурдны хайрцгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3.-т зааснаар ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймээс ажил гүйцэтгэгч Аумин ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг доголдолгүй гүйцэтгэх үүргээ зөрчсөн учраас захиалагч Г.Калия нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзэж, шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэл болгосон боловч тус дүгнэлтээс үзвэл, тухайн автомашины хурдны хайрцгийг хэд хэдэн удаа задалж, угсарснаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Аумин ХХК-ийн засварын төвийн засварчин ямар төрлийн тос хийсэн эсэх болон хурдны хайрцаг эвдрэхэд засварын газраас хийсэн шингэн хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй, хурдны хайрцгийг дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй талаар дурджээ. Иймээс шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийн хурдны хайрцгийг 2500000 төгрөгөөр үнэлж, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч дээрх баримтыг үгүйсгэж, шүүхэд хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 858 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээчид Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т заасан хариуцлагыг сануулж, баримтжуулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргаж, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад импортлогдсон, Honda civic маркийн, бензин хөдөлгүүртэй суудлын автомашины автомат хурдны хайрцаг 350000-480000 төгрөгөөр үнэлэгджээ.

 

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тодорхойлолтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хурдны хайрцгийн үнэ 2500000 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 67-25 БӨТ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн Honda civic маркийн суудлын автомашины хурдны хайрцгийн үнэ 480000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан зохицуулалтад нийцсэн ба үүрэг гүйцэтгэгч Аумин ХХК нь ажлын доголдолгүй үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчсөн учраас үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн шингэний үнэ 72000 төгрөг, шингэн солиулсны хөлс 15000 төгрөг, нийт 85200 төгрөг гаргуулах тухай шаардлага нь нотлох баримтад үндэслэгдээгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Нэхэмжлэгчийн уг шаардлагын агуулгад худалдаж авсан гэх шингэний үнэ багтсан учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээний заалтыг баримтлах ба анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтыг баримталсныг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар зөв үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 48700 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 15100 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 228 дугаар зүйлийн 228.1-ийг баримтлан гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-т заасныг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 48700 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 15100 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ТУЯА

С.ӨМИРБЕК


[1] Хэргийн 3 дугаар тал. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ.

[2] Хэргийн 40 дүгээр тал. Хариуцагчийн тайлбар. Хэргийн 146 дугаар тал. Засварын газраар үйлчлүүлэгчдийн бүртгэл.

[3] Хэргийн 32 дугаар тал.