Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 13

 

Д.Батсүхэд холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0013/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор:Г.Амарсайхан /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Эрдэнэбаатар /онлайнаар/ нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Амарсайханы эсэргүүцлээр Д.Батсүхэд холбогдох эрүүгийн 201617000297 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 онд Сүхбаатар аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 9-р багт оршин суух, урьд нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ял, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн  баривчлах ял, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Баян  овогт Дуламсүрэнгийн Батсүх  /РД:ЛЗ81033174/.
Д.Батсүх нь  2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баруун-Урт сумын иргэн Д.Наранбаатарыг зодож биед нь хүнд гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Батсүхэд холбогдох 201617000297 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, Д.Батсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Г.Амарсайхан нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 03 тоот шүүхийн тогтоолоор Д.Батсүхэд холбогдох эрүүгийн 201617000297 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Наранбаатар нь иргэн Дугарсүрэнгийнхээс  Д.Батсүхийн  хамт гарсан, яллагдагч Д.Батсүхтэй таксигаар явсан, яллагдагч Д.Батсүх нь гэрч Б.Шинэбаярын хамт хохирогч Д.Наранбаатарыг таксигаар авч явж буулган, цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон, гэрч Б.Шинэбаяр нь Д.Наранбаатар, Д.Батсүх нарыг таксигаар хүргэж өгөх үед яллагдагч Д.Батсүх хохирогч Д.Нарабаатар нар нь таксинаас буугаад Д.Батсүхийг аваад явсан талаар тодорхой мэдүүлдэг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулж гэрч, хохирогч нарт Эрүүгийн хуулийн 254,255 дугаар зүйлүүдийг сануулж, мэдүүлэг авсан бөгөөд яллагдагч өөрийн гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Наранбаатар нь иргэн Дугарсүрэнгийнхээс  Д.Батсүхийн  хамт гарч түүнтэй хамт таксигаар явсан, Д.Батсүх нь гэрч Б.Шинэбаярын хамт хохирогч Д.Наранбаатарыг таксигаар авч яваад, цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон, гэрч Б.Шинэбаяр нь Наранбаатар, Батсүх нарыг таксигаар хүргэж өгөх үед яллагдагч Батсүх хохирогч Наранбаатар нар нь таксинаас буугаад байснаа Батсүх нь явж Наранбаатар нь  үлдсэн талаар тодорхой мэдүүлдэг. Яллагдагч Д.Батсүх нь мөрдөн байцаалтын шатанд “Наранбаатарын цээжинд нэг удаа цохисон” талаар хохирогч Д.Наранбаатар нь “Д.Батсүх намайг цагаан өнгийн машинд суулгаад зүүн хойшоо аваачиж, машинаас буугаад миний цээж рүү нь өшиглөсөн. ... Би Дугараа ахынд ирээд унтах гэсэн чинь унтаж болохгүй байхаар нь 07 өнгөрч байхад утсаар залгаад эхнэрээ дуудсан” гэж хэргийн талаар тодорхой мэдүүлдэг. Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Эрдэнэцэцэг хохирогч Д.Наранбаатарын биед хүнд гэмтэл учирсан. Нэг удаагийн цохилтын хүч, байрлалаас хамаарч уг гэмтэл үүсэж болно гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.
Шүүхийн тогтоолд дурдагдсан гэрчүүд нь болсон асуудлын талаар өөр өөрсдийн мэдэх асуудлын мэдүүлэг өгсөн бөгөөд хэргийн талаар буюу хохирогч Д.Наранбаатарыг яллагдагч Д.Батсүх нь зодсон асуудлыг хараагүй, үзээгүй гэрчүүд юм. Гэрч нарын мэдүүлгийн зөрөөг арилгаагүй байх бөгөөд дээрх зөрүүтэй мэдүүлж буй шалтгаан нөхцөл, гэрчийн хувийн байдал, хэрэгт хувийн сонирхолтой байж болох эсэхийг нэмж шалган тогтоох шаардлагатай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрч Э.Мөнх-Эрдэнэ нь нөхрийгөө зодуулсны маргааш ирж, эмнэлэг хүргэж өгсөн. Түүний нөхрийг хэн зодсон талаар хохирогч түүнд хэлсэн. Мөн гэрч Н.Будбаатар  “иргэн Дугарсүрэнгийн гэрт хэн хэн согтуу байсан болон хохирогч Наранбаатарыг яллагдагч Батсүх  зодсоныг хараагүй бөгөөд маргааш өглөө нь Наранбаатарыг  Батсүх нь зодсон юм бишүү гэж хүмүүс ярьсан талаар” тус тус мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх хүмүүсийн мэдүүлгийн зөрүү, зөрүүтэй мэдүүлж буй шалтгаан нөхцөл, гэрчүүдийн хувийн байдал зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоол гэж гаргасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагт болсон байхад Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын огноо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэж шүүх хуралдаан болсноос даруй 1 хоногийн дараа шүүх хуралдаан болсон мэт огноологдсон.
Аймгийн прокурорын газраас яллагдагч Д.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийн 201617000297 дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Шүүхийн тогтоолын удирдлага хэсэгт 201617000135 гэж хамааралгүй хэргийг хэлэлцсэн. Мөн шүүх хуралдаанд оролцоогүй гэрч Э.Мөнхцэцэг гэгчийг оролцоогүй мэтээр, хуралдаанд оролцсон шинжээч С.Эрдэнэцэцэгийг шүүх хуралдаанд оруулаагүй байдлаар үйлдэгдсэн нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсэгт заасан “... тогтоолын хэзээ, хаана гаргасан”, 295.1.3 дахь хэсэгт заасан “...шүүх хуралдаанд оролцсон ...шинжээч” гэж тогтоолын удиртгал хэсэгт заавал дурьдагдах зүйлийг дурдаагүй байна.
Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, 17-ны 03 дугаартай шүүхийн  тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 295 дугаар зүйлийн 295.1.2, 295.1.3, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэгүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Д.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож тус шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  үзэв.
Мөн шүүхийн тогтоолд эрүүгийн хэргийн дугаар, огноо, шүүх хуралдаанд оролцсон гэрч, шинжээч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар ташаарч бичсэн байгааг анхаарвал  зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Батсүхэд холбогдох эрүүгийн 201617000297 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Батсүхэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА