Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 13

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 1724000590011 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * аймгийн *сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Товогт Д Т /Регистрийн дугаар: */.

Шүүгдэгч Д.Т нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг “Даншиг толгойн” хажууд Л.Д маргалдаж, улмаар өөрийн эзэмшлийн 05-46 ЗАН улсын дугаартай Land Gruser-80  маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт болон 05-46 ЗАН улсын дугаартай Land Gruser-80  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/12 дугаартай прокурорын тогтоол, Д.Т эзэмшлийн  05-46 ЗАН улсын дугаартай Land Gruser-80 маркийн автомашиныг битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжлэгдсэн автомашинд үнэлгээ тогтоосон Завхан аймгийн Тэлмэн сум дахь үнэлгээний комиссын шинжээчдийн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Д.Т Тоз-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, хонгио 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.М 2 кадр зураг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсан 2 ширхэг зураг /бичгийн цаасан дээр хараар хэвлэсэн/, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн 4 хуудас баримт, рентген зураг 3 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 3 ширхэг, сумны хонгио 1 ширхэг, хохирогч Л.Д, гэрч Т.Б, Б.М, Б.Н, Д.У, Ж.М, Д.Н, Д.Д, Т.П, Б.Г, Ц.Б, М.П, Ж.Э, Н.И, П.Б, шинжээч Б.С, яллагдагч Д.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Д.Т, Ж.М нарын цусанд шинжилгээ хийж гаргасан Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 201740139, 201740140 дугаартай дүгнэлтүүд, Л.Д биед үзлэг хийж гаргасан Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 172128 дугаартай дүгнэлт,  харьцуулах шинжилгээ хийлгүүлэхээр шинжээч томилсон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, уг тогтоолын дагуу гаргасан Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 181003 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар мөрдөгчийн тогтоол, 05-46 ЗАН улсын дугаартай Land Gruser-80  маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Д.Т нь Л.Д учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар Л.Д бичсэн тайлбар, Д.Т ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи үйл баримтууд болон нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Т машинаараа намайг араас мөргөх үед би газар унаад машины хойд дугуй нь миний нуруун дээгүүр гарсан...” гэсэн мэдүүлэг өгсөн /ХХ-ийн 61 дүгээр хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр: “Д.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг “Даншиг толгойн” хажууд Л.Д маргалдаж, улмаар өөрийн эзэмшлийн 05-46 ЗАН улсын дугаартай Land Gruser-80  маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан яллана” гэсэн яллах дүгнэлт үйлдсэн /ХХ-ийн 218 дугаар хуудас/ байх боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь хохирогч Л.Д машинаар мөргөж, дайрсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болох үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт хохирогч Л.Д, гэрч Ж.М, шүүгдэгч Д.Т нар  байсан байх бөгөөд  Ж.М нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Т машинаасаа буугаад чи миний хөгшин ахыг яах гээд байгаа юм гэж ирээд зодолдсон. Тэгээд Т намайг М ахаа наадахаа хая, явъя гэж хэлээд бид 2 машинд суугаад намайг мал дээрээ буулгасан. ...Хүн дайрсан бол үхчихнэ шүү дээ. Бид 2 хүн дайраагүй...” гэсэн /ХХ-ийн 75 дугаар хуудас/, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн Д Т нь өөрийн эзэмшлийн Ланд-80 маркийн авто машинаар дайраагүй. Д халтирч унаад босоод ирсэн. Тэгэхдээ гэмтсэн байх...” гэсэн /ХХ-ийн 139 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирогч Л.Д машинаараа дайраагүй. Харин түүнтэй зодолдсон маань үнэн. Зодолдох явцдаа би Л.Д арагш нь хүчтэй түлхэхэд миний машины дугуй руу ар нуруугаараа налаад маш хүчтэй унасан. Миний буруутай үйлдлийн улмаас түүний биед хөнгөн хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрнө...” гэсэн буюу хохирогч Л.Д зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

Мөн мөрдөгч нь гэрч Б.М хохирогч Л.Д нуруун дээр машины дугуйны мөр гарсан байхыг үзээд утсаараа авч, бэхжүүлсэн гэх 2 кадр зургийг эд мөрийн баримтаар хураан авч /ХХ-ийн 27 дугаар хуудас/ хэрэгт хавсаргасан /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/ байх боловч уг 2 зураг нь хэний нурууны зураг болох нь тодорхойгүй, зураг дээрх нурууны орчимд харагдах хар бараан дүрс нь нуруун дээр гарсан машины дугуйны мөрний дүрс үү? эсхүл зургийг хэвлэхэд  хэвлэгч техникийн хорны сарнилтаас үүссэн дүрс үү? гэдэг нь тодорхойгүй байна.

Хохирогч Л.Д биед үзлэг хийсэн шинжээч эмч Б.С нь 172128 дугаартай дүгнэлтдээ /ХХ-ийн 108 дугаар хуудас/ Л.Д биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь  хэдэн удаагийн, биеийн аль хэсэгт, яаж үйлчилсэн /цохигдох, унах, мөргөгдөх, шүргэгдэх, дайрагдах г.м/ үйлчлэлийн улмаас үүссэн  талаар  дүгнэж бичээгүй байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээр өгсөн мэдүүлэгтээ “хохирогч Л.Д биед үүссэн гэмтэл нь машинд дайруулснаас болж үүсэх боломжтой эсэх” талаар мөрдөгчийн асуултанд “боломжтой” гэж хариулсан хэдий ч энэ нь хохирогчийн биед учирсан гэмтлийг  машинд мөргөгдөх, нуруугаараа унах үйлдлийн улмаас учрах боломжгүй, зөвхөн дайрагдах үйлдлийн улмаас учрах боломжтой гэж дүгнэсэн хариулт биш юм.

Хохирогч Л.Д эхнэр Б.М нь Завхан аймгийн Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр ажилладаг, хохирогч Л.Д нь мөн тус эрүүл мэндийн төвд статистикчаар ажилладаг байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирогч Л.Д нуруунд машины мөр гарсан байсан талаар мэдүүлсэн“ гэрч Т.Б, Б.М, Б.Н нар нь Завхан аймгийн Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг буюу хохирогчтой нэг байгууллагад, түүний гэр бүлийн гишүүний удирдлагад ажилладаг этгээдүүд байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүгдэгч Д.Т машинд мөргүүлсэн, дайруулсан гэх үйлдлийн улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, прокурор Б.Г үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан, шүүгдэгч Д.Т нь хохирогч Л.Д машинаараа мөргөсөн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдохгүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар буюу шүүгдэгч Д.Т нь хохирогч Л.Д зодолдсон, зодолдох явцдаа түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байна гэж шүүх дүгнэв.

2. Шүүгдэгч Д.Т дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Д эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь:

-Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед миний зүүн нүдэнд цус хурсан, шанаа зулгарсан, тархи доргисон, нуруу хүчтэй өвдөх үед зүүн хөл дагаж өвддөг болсон. Эмнэлэгт үзүүлэхэд тархины доргилт, нурууны диск хоорондын зөөлөн эдийн гэмтэл, няцрал гэсэн онош гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 61 дүгээр хуудас/,

-Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Оройн 22 цагийн үед Д ах 2 цагдаатай орж ирсэн. Ирэх үед зүүн талын шанаа нь шалбарсан байсан. ...Нурууны зүүн хэсэгт машины дугуйн мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,

-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эмнэлэг дээр ирэхэд Д зүүн шанаа халцарсан, нүд нь хавдсан байсан. Нуруугаар өвдөнө, зүүн хөл өвдөнө, хэвлий нуруугаар өвдөнө гээд тэмтэрч үзэхэд үзүүлэхгүй байсан. ...Үзлэгийн явцад бүсэлхий орчимд дугуйны мөр гарсан байсан тул би тэр үед зургийг нь дарж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,

-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д биед үзлэг хийхэд шанаа орчимд зулгарч, хөхөрч хавдсан байсан. Ухаан санааны байдал самуурсан, царайны илрэл айсан сандарсан, зүрхний авиа тод, хэм нь жигд, зүрхний цохилтын тоо олширсон байсан. Хэвлийд тэмтрэлт хийхэд маш их хүчтэй өвдөлттэй байснаас тэмтрэлт хийх боломжгүй байсан. Нурууны арын бүсэлхий орчим дугуйны оромтой, нуруунд дарахад эмзэглэлтэй байсан. ...Д нурууг үзэхэд хар өнгийн дугуйны хээний ором гарсан байсан ба эхнэр нь зургийг нь дарж авсан. Автомашины дугуйны мөр гэмээр өргөн ором нуруунд нь улайж гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 71 дүгээр хуудас/,

-Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д манайд орж ирэхдээ шанаа нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 72 дугаар хуудас/,

-Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д биед үзлэг хийхэд нүүрний зүүн шанаа нь хавдаж зулгарсан байсан. Нурууг нь үзэхэд ташааны толгой орчим нуруундаа зулгарсан шархтай, хавантай, өвчин ихтэй, эмзэглэлтэй байсан. Босч явахаараа өрөөсөн хөлөө чирээд өрөөлдөж явж байсан. Нуруу орчим нь нэлэнхүйдээ хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 78 дугаар хуудас/,

-Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д нуруугаар эмзэглэл ихтэй байсан. Эхо болон рентген зураг авч үзэхэд хэвлийн дотор болон ясанд хугарал, мултрал тогтоогдоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 81 дүгээр хуудас,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан: “Л.Д биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, зүүн бөөрний түвшинд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралд гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Л.Д биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Д.Т /хохирогч Л.Д зодолдсон, зодолдох явцдаа түүнийг түлхсэн зэрэг үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан/ үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Д.Т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.Т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Би хохирогч Л.Д 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/, Д.Т Л.Д 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, хохирлыг бүрэн барагдуулсан талаар Л.Д бичсэн тайлбар /ХХ-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий ч төлбөрийн чадвартай болох нь Завхан аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай, Д.Т өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар Цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан бичиг /ХХ-ийн 165 дугаар хуудас/, мал бүхий өрх болохыг нотолсон мал тооллогын баримтын хуулбар /ХХ-ийн 161-163 дугаар хуудас/, Д.Т депозит дансны хуулга /ХХ-ийн 163-177 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг учир торгуулийн ялыг төлөх чадвартай...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1 ширхгийг устгаж, рентген зураг 3 ширхгийг хохирогчид буцаан олгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураан авсан буу хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Д Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Д.Т автомашиныг битүүмжилсэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, рентген зураг 3 ширхгийг хохирогчид буцаан олгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураан авсан буу хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Т нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН