Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 1724000600008 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *оны * дүгээр сарын *-ны өдөр *аймгийн *суманд төрсөн, 39 настай, эрэгтэй,*, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ж-ийн Б /РД:.........../

Шүүгдэгч Ж.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тарийн арын Тарвагатын доод үзүүр гэдэг газрын ойгоос 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 7,197 м.куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 505,229 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгчийн бичсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдаа зохицуулагч Б.Б-ны бичсэн илтгэх хуудас, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хураагдсан моторт хөрөө, 4 метрийн урттай, 38 ширхэг шинэс мод зэргийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсргах тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Л.Б, гэрч Ц.Д, Я.Б, Ч.Д, Б.Б, А.Э, Б.Н, шинжээч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын хариуцсан талбайн зураг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, мод тоолсон тоолуурын хүснэгт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн тархалтын зураг, Ж.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, УИХ-ын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай тогтоолын хуулбар, Ж.Б нь хохиролд 505,229 төгрөг төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирол барагдуулах гэрээ, Ж.Бийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.  

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи үйл баримтууд болон нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1.Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт байдаг Тарийн арын Тарвагатайн доод үзүүр гэдэг газрын ойгоос 38 ширхэг, 4 метрийн урттай шинэс модыг өөрийн эзэмшлийн моторт хөрөөгөөр бэлтгэсэн болох нь:

-2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Ж.Бийн мод бэлтгэсэн гэх газрыг өөрөөр нь заалгаж явсаар Тосонцэнгэл сумын Рашаант багийн Зүүн эхний Тарийн доод үзүүрт Тарвагат гэдэг газар ирэв. ...Ойн ангийн ахлах мэргэжилтэн Б.Д байршил тогтоогч багаж ашиглаж үзэхэд N4812213,1 F098о 2449,7 далайн түвшнээс дээш 2130м гэснийг тэмдэглэлд тусгав. ...Ж.Бийн бэлтгэсэн гэх модтой тохирно гэсэн 37 см диаметртэй, 55 см урттай тайрдасыг авч журмын хашаанд байх моднуудын аль нэгтэй нь тохирох эсэхийг тогтоохоор авч явахаар тогтов” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-9 дүгээр хуудас/,

-“...Тосонцэнгэл сумын Рашаант багийн Зүүн эхний Тарийн арын Тарвагатын ар үзүүр гэдэг газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ авсан 55 см урттай, 37 см диамертэй, голдоо хар зураастай, цууралттай, давирхайтай модны тайрдасыг Ж.Бийн бэлтгэсэн моднууд дотор байгаа модтой онцлог байдал, диаметр зэргээрээ тохирох эсэхийг харьцуулж харахад хэргийн газраас авсан модны тайрдас нь Ж.Бийн бэлтгэсэн моднууд дотор байгаа 1 модтой онцлог шинж болох модны голын зураас, гадна холтост давирхай, модны цууралт, голч зэргээрээ тохирч байв” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 10 дугаар хуудас/, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 дүгээр хуудас/,

-“Зил 131 маркийн 41-74 ЗАН улсын дугаартай, бор ногоон өнгийн автомашин байв. Уг автомашины тэвш дээр хөндлөнгөөр нь ачсан 4 м урттай, 17-41 см диаметртэй, 38 ширхэг шинэс мод  байна...” гэсэн үзлэгийн тэмдэглэл /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

-Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тарийн ам гэдэг газрын ойгоос хууль бусаар 38 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн хэрэг үйлдсэнийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тарийн ар гэдэг газраас Б, Б бид гурав 38 ширхгийг тайрч ачаад сумын төв орж яваад цагдаад баригдсан. ...Мод бэлтгэсэн хөрөө Б-ийнх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Гэрч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д бид 2 хөдөө очиж тэднийхийг нүүлгэж буулгасан юм. Тэгсэн л Бадамдорж мод хийж төв орох гэж байгаа, хийлцээд өгчих гээд бид гурав Рашаант багшийн Тарийн ар гэдэг газраас 38 ширхэг мод бэлтгэж ачаад сум руу орж яваад цагдаад баригдсан. ...Моднуудаа цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

-Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тарийн ар гэдэг газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг 4 метрийн урттай мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66 дугаар хуудас/,

-Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мод бэлтгэсэн моторт хөрөө миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тарийн арын Тарвагатын доод үзүүр гэдэг газрын ой нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох нь:

-Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Рашаант багийн Зүүн эхний Тарийн арын Тарвагатайн доод үзүүр нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

-Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчдын хариуцсан талбайн зураг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тарийн ар гэдэг газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

-Шинжээч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн мод бэлтгэсэн газар болох Рашаант багийн Зүүн эхний Тарийн арын Тарвагатайн ар үзүүр нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгааг харуулсан газрын зураг дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ойн тархалтын зураг /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,

-Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын хуулбар /ХХ-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Ж.Б нь мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл аваагүй болох нь:

-Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Б над руу утсаар ярьж гоожин авч байгаарай гэж хэлсэн зүйл байхгүй. Харин дараа нь надаас цагдаад шалгагдаад машинаа модтойгоо журамлуулчихсан, модны гоожин байна уу гэхээр нь би өөрийн тухайн цаг хугацаанд авсан байсан гоожингоо өгсөн. Хэрэг болох байлгүй гээд л өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37 дугаар хуудас/,

-Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гоожингоо тусгаарлалт хийгдсэн талбайтай Б /Ч.Д/-д хэлчихсэн, авчихсан байгаа байх гэхээр нь гоожинтой юм байна гэж бодоод хүргэндээ туслалцсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Гэрч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Төв дээр гоожин авчихсан байгаа гэж байсан. Аваагүй байсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

-Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тарийн ар гэдэг газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг 4 метрийн урттай мод бэлтгэсэн. ...Гоожин авчих гэж Б рүү яриагүй. Харин тэдний тусгаарлалт хийгдсэн талбайгаас модоо хийсэн. Нөгөө хоёртоо гоожингоо сумын төв дээр захиад авахуулчихсан гэж ойлгуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 66 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн ахлагч Б.П-ийн хамт замын зохицуулагч цагдаагаар гарч үүрэг гүйцэтгэсэн. Орой урд гүүрэн дээр үүрэг гүйцэтгэж байх үед мод ачсан 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 машиныг зогсоож шалгахад модны гоожин бичиггүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Шүүгдэгч Ж.Б нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 38 ширхэг модоо өөрийн эзэмшлийн 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь:

-Гэрч Ц.Д, Я.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

-Ж-ийн Б-ийн эзэмшлийн 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 72 дугаар хуудас/,

-2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдаа зохицуулагч Б.Б-ны бичсэн илтгэх хуудас /ХХ-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Ж.Бийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 38 ширхэг мод нь 7,197м.куб хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 505,229 төгрөг болох нь:

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай: “...Б нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.13 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтуудыг зөрчсөн. 38 ширхэг шинэс модны хэмжээ 7,197м.куб. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 505,229 төгрөг...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 47 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ойн ангийн шинжээчийн гаргасан дүгнэлттэй маргах зүйлгүй. Хэмжээ болон экологи эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ж.Бийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ж.Бийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ойн санд учруулсан хохирол 505,229 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан, мөн хохирлын үлдэгдэл 1,010,458 төгрөгийг төлөхөө илэрхийлж, бичгээр баталгаа гаргасан байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээс гадна зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Ж.Бийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ ашигласан моторт хөрөө, зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашин, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон  4 метр урттай 38 ширхэг шинэс мод зэргийг хураах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх хураагдсан хөрөнгөөс хохирол нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь  зүйтэй юм.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тогтоолоор битүүмжлэгдсэн 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, улаан зүсний хязаалан эр үхрийг шүүгдэгч Ж.Бийн мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Бийн хууль бусаар бэлтгэсэн 4 метр урттай 38 ширхэг шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 505,229 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход түүний ойн санд учруулсан хохирол 1,515,687 төгрөг болж байна.

 Шүүгдэгч Ж.Б нь дээрх хохирлоос 505,229 төгрөгийн хохирлыг төлсөн учир үлдэх 1,010,458 төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулж, ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоох нь зүйтэй  гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар  ойн санд учирсан 1,515,687 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ж.Б 505,229 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 1,010,458 төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулсугай.

5. Ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосугай.

6. Шүүгдэгч Ж.Бийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт, улаан зүсний хязаалан эр үхрийг шүүгдэгч Ж.Бийн мэдэлд тус тус шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Ж.Бийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ ашигласан моторт хөрөө, зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан 41-74 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн автомашин, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метр урттай 38 ширхэг шинэс мод зэргийг хураасугай.   

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураагдсан хөрөнгөөс хохирол нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

9. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН