Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 436

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, 3-08 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, РД:ОН89123073 регистртэй, Баруун засгууд овогт Алтангэрэлийн Содномын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Баянмандал багт оршин суух, Монголмууд овогт Цэдэн-Ишийн Алтангэрэлд холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч А.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Содном миний бие 2015 оны 6 дугаар сард Ц.Алтангэрэлтэй харилцан ярилцаж тохиролцоод өөрийн “Мустанг-5” матоциклийг 1.100.000 төгрөгөөр худалдсан. Мотоциклийн үнэ болох 1.100.000 төгрөгт мөн оны намар 11 тооны хонь өгөхөөр тохирсон юм. Гэтэл Ц.Алтангэрэл нь тохирсон хугацаандаа малаа өгөөгүй бөгөөд удаа дараа нэхсэн боловч “Одоогоор мөнгөний боломжгүй байна, боломжтой болохоороо хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахгүй болохоор нь би 2016 оны 5 дугаар сард хадам аавынхаа машиныг гуйж аваад Малчин сум явж гэрт нь очиж уулзахад аав, ээж нь бид нар ярилцаж байгаад “Чиний мөнгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд барагдуулах болно” гэж хэлсэн. Би хэлсэн үгэнд нь итгэж хүлээсэн боловч одоог хүртэл мотоциклийн үнэ болох 1.100.000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд Ц.Алтангэрэлээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ц.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Алтангэрэл нь А.Содномын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх 1.100.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ одоогоор бэлэн мөнгөгүй байгаа тул 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 12 төлөг өгөх саналтай байна. Хэрэв заасан хугацаандаа малаа өгч чадахгүй бол мөнгөн хэлбэрээр 1.100.000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

     Нэхэмжлэгч А.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Содном нь Ц.Алтангэрэлийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 1.100.000 төгрөгөнд 12 төлөг өгнө гэсэн байна. Би энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

    Жич: Хэрэв заасан хугацаандаа малаа өгч чадахгүй бол 1.100.000 төгрөгийг бэлнээр /мөнгөн хэлбэрээр/ авах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч А.Содном,  хариуцагч Ц.Алтангэрэлд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Алтангэрэл нь нэхэмжлэгч А.Содномын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.100.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Ц.Алтангэрэл нь А.Содномын нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч А.Содном нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 30.950 төгрөг төлсөн ба тал хувь болох 15.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 15.475 төгрөг, хариуцагч Ц.Алтангэрэлээс 15.475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Содномын худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Алтангэрэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Содномын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 төгрөгөөс 15.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 15.475 төгрөг, хариуцагч Ц.Алтангэрэлээс 15.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.Алтангэрэл шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР