Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 16

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч Д.Д,

Иргэний нэхэмжлэгч М., Ч.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, М.Г,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 172400055002 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, *, * боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  *аймгийн * сумын *баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б У /регистрийн дугаар */.

Шүүгдэгч Б.У нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Онцгой байдлын хэлтсийн хажуугийн хатуу хучилттай зам дээр 36-99 ЗАН улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг, мөн дүрмийн 2.3.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн автомашинд сууж явсан зорчигч Д.Д эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гар зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/04, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолууд, хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч М.Б, Ч.Т, гэрч Ө.Я, Л.Ж, Г.У, Б.С,  яллагдагч Б.У, шинжээч Б.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 201740138 дугаартай дүгнэлт, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч Б.Ж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 03 дугаартай дүгнэлт, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.О 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 14530, 14529 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.З 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 14528 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 665 дугаартай дүгнэлт,  түүнд хамаарах гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээч Б.Б 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 1 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын 2018 оны 01 дүгээр сарын 18, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтүүд, яллагдагч Б.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  тухай мөрдөгчийн тогтоол, Б.Уийн жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч М.Б нарын өвчний түүхийн хуулбарууд, хохиролтой холбогдох бичгийн нотлох баримтууд, Б.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон түүний хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

2017 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө шүүгдэгч Б.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 36-99 ЗАН улсын дугаартай Тоёота Ипсум маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3.б, 2.7.а, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан  Д.Д эрүүл мэндэд хүнд, М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох  нь:

-“Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах хуучин соёлын төвөөс Идэр голын гүүр рүү явах хатуу хучилттай замын Онцгой байдлын хэлтэс рүү салах уулзвар дээр цагаан өнгийн Тоёота Ипсум маркийн 36-99 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, осол гарсан байна...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гар зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9 дүгээр хуудас/,

-Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны 03 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Идэрийн голын гүүр рүү явах хатуу хучилттай замын Онцгой байдлын хэлтсийн хажуу хэсэгт машин онхолдож осолд орох үед би биедээ гэмтэл авсан. Тухайн үед би Б.У, М.Б хоёртой хамт Б.У Тоёота ипсум маркын, цагаан өнгийн, 36-99 ЗАН улсын дугаартай суудлын машины жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Машиныг Б.У жолоодож явсан. М.Б машины арын суудалд сууж явсан. Уг ослын улмаас миний биед зүүн чамархайн ясны хугарал, хүзүүний 5-6 дугаар нугаламын баруун, зүүн арк, үений сэртэн, баруун хөндлөн сэртэнгийн нийлмэл хугарал зэрэг гэмтлүүд учирсан ба уг гэмтлүүдийг дагасан хавдар, цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан. ...Тухайн үед осол нь Б.У согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас болж гарсан. ...Б.У нь би болон М.Б, н.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Б Тосонцэнгэл суманд ирээд түүнийг хүлээн авсан. Тухайн үед Б.У, Д.Д, бид гурав 0,75 литрийн Болор архийг тал хүртэл нь хувааж уугаад ажлаасаа гарч намайг хүргэж өгөх байтал Б.У нь шууд ажил руугаа явсан. Тэгээд 0,75 литрийн Соёрхол архи гаргаж ирээд Б.У тэр архинаасаа 2 рунк архи уусан. Бид 2 тэр архинаас амсаад буцаагаад өгсөн. Цэцэрлэгээс гарах гэтэл нөхөр нь утасдаж нисэх дээр байна, архи аваад ир гэхээр нь бид 2 харимаар байна, тийшээ явахгүй гэтэл сүртэй юм, цуг явъя гээд дэлгүүрээс архи аваад нисэх явах замд гал командын хажууд нэг л мэдэхэд машин 2-3 удаа эргэчихсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б.У жолоодож явсан ба 40км/цаг орчим хурдтай явсан. Б.У нь 1 шил архины талыг уугаад тээврийн хэрэгслээ жолоодсон. ...Миний үүдэн 2 шүд унасан. Бусад шүднүүд хөдөлгөөн орсон. Хүзүүний 5-6 дугаар нугалам цуурсан, зөөлөн эдийн гэмтлүүд ихтэй, хөдөлж чадахгүй байдалтай байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55 дугаар хуудас/,

-Гэрч Ө.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Онцгой байдлын хэлтсийн зам дээр осол гарсан байна гэсний дагуу тухайн чиглэл рүү явдаг хатуу хучилттай замаар явахад зам дээр шинэ цас орсон байсан ба уг цасан дээгүүр 1 тээврийн хэрэгсэл явсан мөр байсан. Мөрийг харахад эсрэг урсгалыг тусгаарласан цагаан зурвасыг байнга давж мурилзсан мөр байсан. Уг мөр ихэвчлэн эсрэг урсгалаар явсан байсан. Мөрийг нь харахад л жолооч нь хэвийн бус байдалтай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тодорхой байсан. Уг мөр явсаар Онцгой байдлын хэлтсийн уулзвар дээр очоод замын зүүн тал руу шарваж орсон байсан ба замын хажууд онхолдсон цагаан өнгийн 36-99 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. ...Машин дотор байсан Д.Д гэх хүнийг эмнэлгийн түргэний машин эмнэлэг рүү авч явсан. Би Б.У, М.Б гэх 2 хүнийг Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал шалгах багаж үлээлгэхэд М.Болормаа нь согтуу байсан. Хэдэн хувийн согтолттой байсныг одоо санахгүй байна. Б.У нь багаж үлээх чадваргүй байсан. Д.Д гэх хүнийг эмнэлэг дээр очиж багажаар шалгахад багаж 0,00 хувьтай гарч байсан. М.Б, Д.Д гэх хүмүүсийн хэлснээр Б.У тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэсэн. Б.У архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/,

-Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Онцгой байдлын хэлтсийн зам дээр машин онхолдож, осол гарсан байна гэсний дагуу замын цагдаагийнхаа хамт очихоор тухайн чиглэл рүү явахад зам дээр шинэ цас орсон байсан ба уг цасан дээгүүр тээврийн хэрэгсэл явсан 1 мөр байсан. Мөрийг харахад эсрэг урсгалыг тусгаарласан цагаан зурвасыг байнга давж мурилзсан мөр байсан бөгөөд уг мөр ихэвчлэн эсрэг урсгалаар явсан байсан. Мөрийг нь харахад л жолооч нь хэвийн бус байдалтай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тодорхой байсан. Тухайн мөр явсаар Онцгой байдлын хэлтсийн уулзвар арай хүрэлгүй замын зүүн тал руу шарваж орсон байсан ба уг шарваж орсон хэсэгт үерийн ус зайлуулах бетонон хоолой байсан. Уг мөрний төгсгөлд, замын хажууд онхолдсон, цагаан өнгийн 36-99 ЗАН улсын дугаартай Тоёота ипсум маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ тогтсон байдалтай байсан. ...Тээврийн хэрэгслийн багажны хэсэгт 1 хүн гацчихсан байсан. Тухайн хүний ухаан санаа эрүүл боловч өвдөлт, зовиур ихтэй байх шиг байсан. Мөн Б.У, М.Б гэх хүмүүс машины гадна талд байсан. Осол болох үед тээврийн хэрэгслийг Б.У гэх хүн жолоодож явсан гэсэн. Б.У архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 86 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 201740138 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Б.У гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1,6 промиль илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 90 дүгээр хуудас/,

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч Б.Ж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 03 дугаартай: “Жолооч Б.У нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн осол гарахад замын нөхцөл байдал болон тухайн орчны нөхцөл байдал нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 96 дугаар хуудас/,

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан: “Жолооч Б.У нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.У нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг,  2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дутуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.У нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг нэмж тусгав” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 205 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 14530 дугаартай: “Д.Д биед зүүн чамархай ясны хугарал, хүзүүний С-6-дугаар нугаламын баруун, зүүн арк, үений сэртэн, баруун хөндлөн сэртэнгийн нийлмэл хугарал, хугарлыг засах мэс ажилбарын дараах байдал, нүдний зовхи, бугалганы цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 3.1.2, 3.1.5-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 101 дүгээр хуудас/, 14529 дугаартай: “М.Б биед хүзүүний С-5,6 дугаар нугаламын зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний 1 шүд унасан, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 112 дугаар хуудас/, шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 14528 дугаартай: “Б.У биед цээжний баруун талд 2,3 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны далд хугарал, баруун бугалга, суга, гуянд цус хуралт, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 107 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 665 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь Монгол улсын Автотээврийн салбарт мөрдөх стандартын MNS 4598:2011-д заасан стандарт шаардлагыг хангасан дугуй байна. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнд нэвт цоорсон, задарч буудсан гэмтлүүд байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйны нэг талын зах ирмэг хэсгүүд эдэлгээний явцад гарсан элэгдэж язарсан гэмтэлтэй байна. Уг хаймар дугуйнд гарсан язарсан гэмтэл нь дугуй хийтэй болон хийгүй үеийн аль ч тохиолдолд үүсэх боломжтой. Дугуйн обудны ирмэг хэсгүүд хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед зурагдсан гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйг 3 BAR даралтаар хийлж, хөөстэй ус асгаж үзэхэд обуд, хаймар дугуйн завсар хэсэг, хаймар дугуйны элэгдэж язарсан гэмтлүүдээр хий гарахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь цас болон шаварт зориулсан хаймар дугуй байна” гэсэн дүгнэлт,  түүнд хамаарах гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 117-120 дугаар хуудас/,

-Техникийн шинжээч Б.Б 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 1 дугаартай: “Тоёота ипсум маркын 36-99 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асааж шалгахад хэвийн ажиллагаатай байна. Явах эд ангийг тээврийн хэрэгслийн лифтээр өргөж нэг бүрчлэн шалгахад цапнууд хэвийн ажиллагаатай, гэмтэлгүй, 3 гар хэвийн ажиллагаатай, гэмтэлгүй, зүүн талын хойд гар гулзайсан. Уг зүүн хойд гарын гулзайлт нь ослын улмаас үүссэн байх боломжтой байна. 4 амортизатор хэвийн ажиллагаатай, гэмтэлгүй. Дугуйнууд өвлийн зөв эргэлттэй, бүтэн байна. Гар тоормос хэвийн ажиллагаатай. Ажлын тоормос хэвийн ажиллагаатай, гэмтэлгүй. Жолооны механизмыг шалгахад хэвийн ажиллагаатай, гэмтэлгүй байна. Осол гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 220 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Б найзыгаа ирсэн гэж М.Б найзаасаа сонсоод 5 дугаар цэцэрлэг дээр очиж М.Б, Д.Д найз нарынхаа хамт н.Б найздаа хүндэтгэл үзүүлсэн. ...0,75 литрийн Болор нэртэй архинаас М.Б бид  хоёр 2-3 удаа ууцгаасан. н.Б найзыгаа явуулчхаад бид 3 хэсэг юм ярьж сууж байгаад манай цэцэрлэг дээр очсон. Тэнд 0,75 литрийн Соёрхол нэртэй 1 архи задлаад мөн М.Б бид хоёр 2-3 удаа уусан. Д.Д архи уугаагүй, амсаад өгч байсан. Тэгтэл шөнө болсон. Манай нөхөр Ч.Т нисэх дээрээс ирээд хүүхдүүдээ ав гэсэн учир М.Б, Д.Д найзуудтайгаа нисэх рүү явж байгаад осолд орсон. Осол гарах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийн нөхөр Ч.Т эзэмшлийн 36-99 ЗАН улсын дугаартай Тоёота ипсум маркийн автомашиныг жолоодож явсан нь үнэн. Миний буруугаас болж осол гарч дээрх хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсонд маш их харамсаж, мөн маш ихээр гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч М.Б нарын өвчний түүхийн хуулбарууд /ХХ-ийн 28-47, 58-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Б.У дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж

ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Б.У холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.У автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Д. 5,719,751 төгрөг нэхэмжилснээс 2,800,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Б 1,500,000 төгрөг нэхэмжилснээс 1,000,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан, мөн хохирлын үлдэгдэл 2,919,751 төгрөгийг хохирогч Д.Д, 500,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Б 2018 оны  8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлж, бичгээр баталгаа гаргасан байх ба иргэний нэхэмжлэгч Ч.Т нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна.

Шүүгдэгч Б.У үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлж, зарим хэсгийг тодорхой хугацааны дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай эвлэрсэн байх  бөгөөд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг нь болон  хувийн байдлыг нь шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах ял оногдуулах хуулийн зохицуулалттай тул Б.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хэмжээний дотор хасах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Д 2,919,751 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Б 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх хугацааны талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай  тохиролцсон байх тул  эдгээр хохирлыг төлж барагдуулах хугацааг тэдний тохиролцсон хугацаагаар буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоох нь үндэслэлтэй  бөгөөд хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах баримтуудаас үзвэл тэрээр  дээрх хохирлуудыг битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс бусад эх үүсвэрээр төлж барагдуулах амьдралын боломжтой байх тул шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/04, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5\09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах  нь үндэслэлтэй гэж үзэж буй учир хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1033803 дугаартай, шүүгдэгч Б.У жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт  шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б У автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.У нь шийтгэх тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранбилэгээс хохиролд 3,419,751 төгрөг гаргуулан, хохирогч Д.Д 2,919,751 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бд 500,000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг баримтлан шүүгдэгч Б.У гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн 3,419,751 төгрөгийн хохирлыг  2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Б.У хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/04, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5\09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1033803 дугаартай шүүгдэгч Б.У жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.УРТНАСАН