Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 442

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13 дугаар гудамжны 71 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, ОЭ64012760 регистртэй, Харчин овогт Бизъяагийн Цэвээний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Цэвээн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 16 настайгаасаа буюу 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ариутгагчаар ажилласан юм. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Гэтэд миний хөдөлмөрийн дэвтэр гээдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт ариутгагчаар ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Цэвээн нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ариутгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 37 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “…Б.Цэвээнийг 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн халдвартын тасагт ариутгагчаар ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 104 тоот “Тэргүүний тасаг, эмч, ажилчдыг шагнах тухай” тушаалын хавсралтын 1-рт Цэвээн ариутгагч гэж бичигджээ,

3. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 136 тоот “Ажилд томилж, ажлаас  чөлөөлөх тухай” тушаалд “…тахир дутуугийн группад орсон Тунгалагчимэг, Б.Цэвээн нарыг 10 дугаар сарын 01-нээс ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

4. Гэрч Л.Жавзангийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт үйлчлэгчээр 2006 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Б.Цэвээн нь 1980 онд манай эмнэлгийн ариутгалын тасагт ариутгагчаар ажилд орж 1993 он хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн юм. Би Б.Цэвээнийг ажлд орсон цагаас нь таньж мэдэх бөгөөд манай халдвартын тасгаас ариутгах шаардлагатай цагаан хэрэглэл, багаж хэрэгслүүдээ ариутгалын тасагт өдөр тутам өгч ажилладаг байсан учраас манай тасгууд харилцан уялдаа холбоотой ажилладаг юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч С.Оюуны шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотор мэдрэлийн тасагт асрагч, карт хөтлөгчөөр 2014 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Б.Цэвээн нь 1982 онд намайг ажилд ороход тус эмнэлгийн Ариутгалын тасагт ариутгагчаар 1993 он хүртэл ажилласан юм. Манай эмнэлгийн тасгууд ариутгалын тасаг руу өдөр тутам цагаан хэрэглэл хүргэж өгч ажиллаж байсан учраас би Б.Цэвээнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Буяндэлгэр, Маамуу, Батжаргал, Б.Нямаа, Отгонбаяр, Алимаа гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Л.Жавзан, С.Оюун нарын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

      Нэхэмжлэгч Б.Цэвээн нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ариутгагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 37 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 104 тоот “Тэргүүний тасаг, эмч, ажилчдыг шагнах тухай” тушаал, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 136 тоот “Ажилд томилж, ажлаас  чөлөөлөх тухай” тушаал, гэрч Л.Жавзан, С.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Б.Цэвээний хүсэлтийг хангаж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Бизъяагийн Цэвээний Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 13 /арван гурав/ жил, 5 /тав/ сар, 13 /арван гурав/ хоног ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР