Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг

Шүүгдэгч Э.О

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван тайж овогт  О холбогдох 1824000000023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  суух бүртгэлтэй,  түр оршин суух, , хэрэг хариуцах чадвартай, Товогт Э О /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Р.Ш гэрт М.Б маргалдан улмаар шаазан аягаар шидэж, духан тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.О нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед хүргэн ах Б хамт машинтай явж байтал шүүхийн байрны арын тойрог зам дээрээс М.Б, Р.Ш, Д нар зам тосоод зогсож байсан. Манай ах машинаа зогсоотол М.Б нь Р.Ш гэдэг айлд хүргээд өгөөч гээд тэд машинд суусан. ...Р.Ш гэдэг айлын гадаа М.Б заалгаж ирэхэд Р.Ш манай гэрээр орооч гэхээр нь орсон. Б ах худгаас ус аваад ирье гээд явсан. М.Б өврөөсөө 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг намайг тойруулж хүмүүст хийж өг гэхээр нь тэнд байгаа хүмүүст 2-3 удаа тойруулж хийж өгөөд сууж байтал Батбаяр над руу “архиа хурдан тойруул, намайг алгасаад байна уу, надад яагаад архи хийж өгөхгүй байгаа юм бэ” гэж уурлаад “муу банди минь” гээд салаавч өгөөд нулимахаар нь урдаа байсан ундаатай шаазан аягийг аваад Б руу шидтэл түүний дух хэсэгт нь онож цус гарсан. Р.Ш бид хоёр нь гэрийн цагаан даавуугаар толгойг нь боож цусыг нь тогтоож өгсөн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Р.Ш гэрт М.Б маргалдан улмаар түүн рүү шаазан аяга шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Мах маркет төвийн хойд талд Р.Ш гэдэг айлд Э.О, Д, Ш нарын хамт 0.5 литртэй Ерөөл нэртэй архи хуваан ууж байтал Э.О сөн түшиж байгаад удаад бас намайг алгасаад байх шиг санагдаад уур хүрээд “банди минь надад өгөөч” гэсэн чинь Э.О танд сая өгсөн шүү дээ удахгүй өгье гэснээс болж Э.О муудалцсан. Би муу банди минь гээд Э.О салаавч өгсөн чинь Э.О уурлаад урдаа байсан шаазан аягыг аваад надруу шидтэл миний духны хэсэгт цохиход духнаас цус гарсан. Р.Ш орж ирээд миний цусыг хараад юу болж байгаа юм бэ гэхээр нь Э.О намайг цохичихлоо гэж хэлсэн. Р.Ш, Э.О хоёр намайг авч гараад миний цусыг тогтоох арга хэмжээ авч гэрийн цагаан даавуугаар боож өгсөн. Тэгээд би Р.Ш гэдэг айлаас гараад гэртээ ирсэн. Духнаас цус гараад тогтохгүй болохоор нь түргэн дуудаад хоёр оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

   Гэрч Р.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Хайрхан багийн нутаг байрлах гэртээ М.Б, Д, Э.О, Б нарын хамт Б машинаар хүргүүлж ирсэн. М.Б нэг шил 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь тойруулж уусан. Архи уухад М.Б, Э.О, Д нар байсан, архийг ууж дуусаагүй байтал Д гараад явсан хаачсаныг мэдэхгүй. Би гараад бие засаад ороод иртэл М.Б духнаас цус гараад хажууд нь шаазан аяга хагарсан байдалтай байхаар нь та нар яаж байгаа юм бэ гэхэд М.Б “Э.О аяга шидчихлээ” гэж байсан. Э.О нь “М.Б намайг хэл амаар доромжлоод байхаар нь би аягаар шидчихлээ” гэж байсан. Б дух хэсэгт нь язарч хагарсан шарх үүсэж цус их гарсан. Би Э.О хамт гэрийн цагаан бүрээснээсээ урж М.Б цусыг нь арчиж, нүүрийг нь угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

            Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1820514 дугаартай “...М.Б биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. М.Батбаярын биед учирсан духны зүүн дээд хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 9-р хуудас/

            эмч Т.П “...Дух орчим язарсан шархтай, 4 см орчим 2 ширхэг оёдол тавигдсан. Баруун нүд, зовхи хөхөрсөн, зүүн шанаа орчим 1х2 хэмжээтэй зулгарсан шархтай...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 8-р хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.   

Шүүгдэгч Э.О холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.О “...хэл амаар доромжиллоо...” гэсэн шалтгаанаар хохирогч М.Б маргалдан түүн рүү аяга шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн духан тус газарт хөнгөн гэмтэл үүссэн байгаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүний үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Тиймээс шүүгдэгч Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө болох “Иж-планета-5” маркийн 25-02 ЗАН улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгон, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таван тайж овогт Э О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгч Э.О хувьд ногдох хөрөнгө болох “Иж-планета-5” маркийн 25-02 ЗАН улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ