| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00017/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 19
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1824000000025 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, *, * боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, *аймгийн* сумын * ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт * аймгийн * сумын *баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт А М /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч А.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0277 дугаар ангийн ажилчдын байрны хажууд иргэн Х.Л эзэмшлийн “Супер чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклыг шатааж улмаар 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 2 дугаар хуудас/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 6 дугаар хуудас/,
-Хохирогч Х.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр лам авч ирж гэртээ ном уншуулчхаад 23 цагт ламыг хүргэж өгчхөөд гэртээ хувцсаа сольж өмсчхөөд гэрээс гарч дэлгүүр орж тамхи авахаар гарсан юм. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд ажиллахгүй болохоор нь буцаж ирээд мотоциклоо асаах гэтэл их хэмжээний бензин үнэртэхээр нь үзтэл карбираторын шланкыг нь сугалчихсан байхаар нь буцаан хийж мотоциклоо унаад доод гудамжинд байдаг тамхи зардаг дэлгүүрүүдээр орсон боловч хаачихсан байсан. ...Б гэж манай ажлын ах 00 цаг 15 минутын үед над руу залгаад танай цонхон доор хүн байхаар нь гэрэл тусгасан чинь цаашаа явчихлаа гэсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гарах гэтэл манай эхнэр Н намайг гараад хэрэггүй М байж магадгүй, янз бүрийн муу юм болж магадгүй гээд намайг гэрээс гаргаагүй юм. Үүнээс хойш 01 цагийн орчимд манай гэрийн хаалгыг Т гэж хамт ажилладаг хүн нүдээд мотоцикл чинь шатаж байна гэхээр нь би хувцсаа өмсөөд гарч ирсэн. Намайг гарч ирэхэд миний мотоцикл миний анх тавьсан газраасаа хөдлөөгүй шатчихсан байсан. С, Т 2 галыг унтраачихсан гээд зогсож байснаа ажил руугаа явсан. Тэгээд би гадаа хэсэг байж байгаад Б ахынд орж түүнээс цонхон дээр байсан хүн ямархуу дүр төрхтэй хүн байсныг асуухаар орсон. Б ах намхан нуруутай, улаан өнгийн саравчтай малгайтай, цайвар саарал өнгийн хувцастай хүн байсан гэж хэлсэн. ...Би 1450000 төгрөгөөр Баянтэс сумын Ч гэдэг хүнээс худалдаж авсан юм. Би мотоциклоо худалдаж аваад 150000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн миний мотоцикл шинэ мотоциклоос дутахгүй цэвэрхэн мотоцикл байсан юм. М миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/
-Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 онд Баянтэс сумаас хүнээс 1450000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд 150000 төгрөгт засвар үйлчилгээ хийсэн. Одоо бол 1600000 төгрөгийн үнэтэй мотоцикл байгаа юм. М шатаасан байх. М өш хонзонгийн зүйл байгаа болоод ийм зүйл хийгээд яваад байгаа байх. М бид хоёр өмнө үерхэж байгаад салсан юм. Тэгээд би Л үерхээд одоо бид хүүхэдтэй болох гэж байгаа. М надаас салсандаа жаахан дургүй байдаг юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 18 дугаар хуудас/
-Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У, М бид 3 хамт М цэрэгт явах гэж байгаа гэхээр нь 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 сав пивийг М гэрт хувааж уусан юм. Бид 3 хамтдаа жаахан юм ярьж сууж байгаад л тарсан. Сэтгэл санаа нь хэвийн л байсан. М гэртээ орж амарна гээд л үлдсэн. Ийшээ тийшээ явна гэж ямар нэгэн юм яриагүй. Утас унтарсан байсан болохоор цаг хэд болж байсныг санахгүй байна. М хүрэн өнгийн нимгэн куртиктэй, улаан хүрэн өнгийн саравчтай малгайтай, өмдийг нь анзаараагүй, доогуураа саарал өнгийн пүүз өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
-Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө ангийн шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад цэргүүдээ амарсан үгүйг шалгахаар бялдаржуулах танхим руу явж байтал байшингийн 2 талын цонхны давхцалаар гал гарч байгаа харагдахаар нь х/ч С хамт гүйж гал гарч буй газар буюу манай ажилчдын амьдардаг байрны ард ирэхэд 1 мотоцикл шатаж байсан. Тэгэхээр нь С бид 2 галыг ус цацаж унтраачихаад тус мотоциклыг манай ажлын Л мотоцикл болохыг таниад Л хэлсэн. Тэгээд х/ч С бид 2 буцаад анги руу явсан. Мотоцикл зүүн буюу зөв талаасаа шатаж байсан. Мотоциклын суудал шатчихсан цахилгааны утас нь шатаад хоорондоо маслаад стачер нь ажиллаад байсан. Би үүнээс өөр зүйл ажиглаагүй...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 20 дугаар хуудас/
-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 00 цаг 07 минут өнгөрч байхад би цэргийн хотхонд байх гэрээсээ бие засахаар гарч иртэл манай хажуу талын Л цонхон доор 1 хүн зогсож байсан. Тэгэхээр нь би гар чийдэн тусгаад хэн бэ? юун хүн бэ? гэж асуухад 1 эргэж харчхаад цааш эргээд явчихсан. Тэгээд би гэртээ ороод Л рүү залгаж танай цонхон дээр 1 хүн байна ямар учиртайг мэдсэнгүй гэж хэлсэн. Тэгээд би унтчихсан юм. Улаан өнгийн саравчтай малгайтай, далнаасаа дээшээ хар өнгөтэй доошоогоо дөрвөлжин юм шиг шоотой юм шиг цайвардуу өнгөтэй хувцастай, бараан өнгийн өмдтэй хүн байсан, гутлыг нь анзаараагүй. Би бол 173 см өндөртэй тэр хүн бол надаас намхан нуруутай дундаж биетэй хүн байсан. Харанхуйд царай нь харагдаагүй. Цонхон доор зогсож байхдаа ганцаараа байсан. Л мотоцикл цагаан өнгийн мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 22 дугаар хуудас/
-Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Ц бид 2 М тааралдаад 2 ширхэг 2,5 литрийн “Сэнгүр” гэсэн нэртэй пиво аваад М гэж Ц, М хоёрын найзынх нь эзэнгүй байшинд очиж Ц, М бид гурав нөгөө авсан пивоо хувааж уучхаад 00 цаг өнгөрч байхад Ц бид 2 М гэрт нь хүргэж хашаанд нь оруулж өгчхөөд Ц бид 2 гэр лүүгээ явсан. ...М миний анзаарснаар улаан хүрэн өнгийн куртиктэй байсан бусдыг нь би ажиглаагүй...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/
-Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө ангийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад а/х П.Т хамт цэргүүдээ амарсан үгүйг шалгахаар штабын байрнаас бялдаржуулах байранд амарч байгаа цэргийн албан хаагчдыг байран дээр нь тоолох хяналт тавих зорилгоор явж байтал бялдаржуулах байрны дээгүүр улаан гал, утаа гарч харагдсан. Энэ үед Т тэр цонхны тэрүүгээр гал харагдаж байна гэхээр нь хартал байшингийн 2 талын цонхны давхцалаар гал гарч байгаа нь мөн харагдсан. Тэгэхээр нь а/х Тийн хамт гүйж хашаа даван гал гарч буй газар буюу манай цэргийн ангийн ажилчдын амьдардаг байрны хойд хэсэгт 1 мотоцикл шатаж байгаа нь үзэгдсэн. Т гэрээс ус авч нөгөө шатаж байгаа мотоцикл руу цацаж галыг унтраагаад тухайн мотоциклыг хэнийх болох талаар шалгаж харахад манай шуурхай албаны жижүүр д/ч Л мотоцикл болох нь танигдсан. Тэгээд Т Л хэлсэн. Түндэв бид 2 ангийн байрлал руу буцсан. Гал мотоциклын зүүн гар талаасаа дээшээ нилээн өндөрт асаж байсан. Миний мэдэхийн суудал, зүүн талын шанаа хэсэг нь шатахууны сав, аккумулятор, стачер нь дуугараад байсан шатсан байх мөн цахилгааны утас нь шатсан харагдсан. Үүнээс өөр шатсан зүйл олж хараагүй, шөнө байсан болохоор зарим зүйлийг
анзаараагүй байж болох юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 27 дугаар хуудас/
-Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2016 онд Улаанбаатар хотоос “Нарны бумба” гэдэг компаниас цагаан өнгийн мотоциклоо 1750000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн сумандаа унаж байгаад 2017 онд Хилийн цэргийн ангид ажилладаг Л гэдэг залууд худалдсан юм. Банкин дээрээ “Супер чансаа” гэсэн нэртэй тэгээд банкны бөөрөнд 90 жил гэсэн крилл үсгээр биччихсэн цагаан өнгийн улсын дугааргүй мотоцикл байсан. Миний Л зарсан мотоцикл бараг шинээрээ байх ёстой. Л надаас аваад ойр зуурын юм хийсэн байх. Тэгэхээр шинэ мотоцикл л гэсэн үг. Би бэлэн мөнгөнд 1450000 төгрөгөөр зарсан. ...Би унаж байсан болохоор гар, толгой /хянах/ болон хойд талаас нь хараад таньж байна.” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 30 дугаар хуудас/
-Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комиссын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “2016 онд Хятад улсад үйлдвэрлэсэн Супер чансаа мотоциклыг 800000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 32 дугаар хуудас/
-Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Б гаргасан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2706/02 дугаартай “1, 2, 4 дүгээр асуултуудын хариулт Хэргийн материалд яллагдагч А.М мэдүүлэг авсан тэмдэглэлийн арын нүүрний 14-р мөрөнд бичигдсэн /Н нөхрийн мотоцикл дээр очоод бензинийх нь крантыг нээгээд шланкыг нь сугалаад бензин асгарахаар нь жожкоолгоор асаагаад зугтсан/ мөн материалд гэрч П.Т мэдүүлэг авсан тэмдэглэлийн арын нүүрний 20-р мөрөнд бичигдсэн /мотоцикл зүүн буюу зөв талаасаа шатаж байсан/ мөн материалд Ц.С мэдүүлэг авсан тэмдэглэлийн арын нүүрний 26-р мөрөнд бичигдсэн /Гал мотоциклын зүүн гар талаасаа дээшээ нилээн өндөрт асаж байсан/ мөн материалын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /тус мотоциклын суудал, аккумулятор, аккумуляторын таг, цагаан өнгийн хуванцар хүрээнүүд, шатахууны сав, крант, карбиратор, цахилгааны утас, хөлийн гишгүүр, хөлний хамгаалалт, стачер, агаарын хоолой зэрэг эд ангиуд шатсан байв/ гэж бичигдсэнийг тус тус үндэслэхэд иргэн А.М эхлэн гал асаасан үйлдлийн улмаас мотоциклын мотор хэсгийн шатамхай эд ангиудад гал түймэр тархсан байх магадлалтай байна. 3 дугаар асуултын хариулт Мотоциклын мотор унтарсан эсэхээс үл хамаарч техникийн гэмтэл, цахилгааны гэмтэл болон санаатай үйлдлээр гал түймэр гарах бүрэн боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/
-А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 29-ний орой найз Ц, У хоёртой сургуулийн спорт залны үүдэнд тааралдаад хамт хамт жаахан юм ярьж байгаад би тэр хоёрт цэрэгт явахаар ирсэн гэж хэлсэн чинь намайг гаргаж өгнө гээд Ц У 2 дэлгүүр лүү хамт явж тэндээс 2 ширхэг 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад тээрийгээ Мөөгий буюу М гэдэг найзынхаа гэрт очиж бид 3 хувааж уусан юм. Тэгээд М гэдэг найзынхаасаа 00 цаг өнгөрч байхад гарч Ц У намайг гэрт хүргэж өгөөд буцаад гэр лүүгээ харих гээд явцгаасан. ...гэрээсээ гараад шууд цэргийн ангийн хашаанд байсан Нгийн нөхрийн мотоцикл дээр очоод бензинийх нь крантыг нь нээгээд шланкыг нь сугалаад бензин асгарахаар нь жожкооликоор асаагаад зугтсан. Үүнээс хойш юу болсныг би мэдээгүй. Тэндээсээ шууд гэртээ ирж амарсан. Л бол миний хайртай охин болох Н нөхөр байгаа юм. Л Н үерхсэний улмаас л хорлох гэж мотоциклыг нь шатаасан юм. Цагаан өнгийн мотоцикл байсан, нэр маркийг нь хараагүй. Крантыг нь нээж байгаад жожколикоор асаасан. Намайг мотоцикл шатааж байхад тэр хавьд хүн байгаагүй. ... Би хорлох зорилгоор шатаасан юм. Би юу хийж байгаагаа мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:
-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би М хамт 1 дүгээр ангиасаа 9 дүгээр анги хүртэл 1 ангид сурч байсан юм. А.М даруу төлөв зантай, цэвэрч нямбай, гадуур дотуур тэнэдэггүй, сурлагадаа жигдхэн сайн хүүхэд байсан. Архи, тамхи нээх хэрэглээд байдаггүй, тамхи бол татдаггүй, архийг хаа нэг анги хамт олны нийллэг, уулзалтад хэрэглэдэг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж байсан удаа байхгүй, ямар нэгэн агсам согтуу тавих зэрэг гаж зан байдаггүй хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М бол хүнд тусархуу ажилсаг, цэвэрч нямбай сайн залуу байгаа юм. М тамхи татдаггүй, архи хааяа нэг уудаг гэхдээ тааруулаад хэрэглэчихдэг ямар нэгэн гаж зангүй. Ам бүл тавуулаа амьдардаг, 2 дүүтэй айлын том хүү байгаа юм. Аав ээж 2 нь боловсролын байгууллагад ажилладаг өөрөө төрийн албан хаагч байгаа юм. Миний мэдэхийн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/
-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М төлөв даруу, хүнтэй эвтэйхэн харьцдаг, нийтэч, хүнд тусархуу, боловсролтой, ажилтай, ямар нэгэн гаж зуршилгүй байгаа юм. Ам бүл тавуулаа амьдардаг, 2 дүүтэй айлын том хүү байгаа юм. Баянхайрхан сумын засаг даргын тамгын газарт Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга ажилтай. Амьдралд дутагдаж гачигдах зүйлгүй айлын хүүхэд байгаа юм. Миний мэдэхийн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/
-Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Х.Л мотоциклыг үнэлгээний комисс 800,000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч би түүнд уг мотоциклыг худалдаж авсан болон засвар үйлчилгээ хийсэн нийт үнэ буюу 1600000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Нэгэнт хохирогчид учирсан хохирлыг төлчихсөн учир эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклыг би өөрөө авах хүсэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг,
-“А.М нь урьд өмнө ял шийтгүүлж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 77 дугаар хуудас/ болон А.М хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, А.М Завхан аймгийн Баянхайрхан сумын засаг даргын тамгын газарт Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажилладаг тухай тодорхойлолт /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч Х.Л гаргасан: “...А.М хохирлоо бүрэн барагдуулж 1600000 төгрөг авсан. ...ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн бичвэр /ХХ-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн үед А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0277 дугаар ангийн ажилчдын байрны хажууд Х.Л эзэмшлийн “Супер чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклыг шатаасан үйл баримт нь:
- Хохирогч Х.Л, гэрч Б.Ц, гэрч С.Н, гэрч П.Т, гэрч Л.Б, гэрч Ч.У, гэрч Ц.С, гэрч С.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч А.М мотоцикл шатаасны улмаас хохирогч Х.Л 800000 төгрөгийн хохирол учирсан болох нь:
- Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Б гаргасан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2706/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комиссын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Иймд А.М дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.М холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул А.М бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.М ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Л ирүүлсэн бичвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч А.М нь эрхэлсэн тодорхой ажилтай, төлбөрийн чадвартай болох нь түүнийг Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын тодорхойлолт, хувьд оногдох эд хөрөнгийг нь битүүмжилсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул сарын тогтмол цалингийн орлогоосоо төлөх боломжтой гэж үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатсан мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Мд хүлээлгэн өгч, түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт А М бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан А.М хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатсан мотоциклыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Мд хүлээлгэн өгсүгэй.
6. Шүүгдэгч А.М нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН