Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00641

 

 

Барло ворлд монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00217 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Барло ворлд монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ай Ди Си реэл стэйт ХХК-д холбогдох

81,489,322.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Вагнер ази тоног төхөөрөмж ХХК нь (нэр өөрчлөгдөн Барло ворлд монголиа ХХК болсон) Ай Ди Си реэл стэйт ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр PWS-RРO17/05-06 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч Барло ворлд монголиа ХХК нь С4G07855 сериал дугаартай С3406 маркийн цахилгаан үүсгүүрийг 4 долоо хоногийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч Ай Ди Си реэл стэйт ХХК нь 17,157,800 (НӨАТ орсон) төгрөг төлөхөөр тохиролцсон.

1.2.Манай компани түрээсийн техникийг түрээслэгчид гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрт нийт 54,326,214 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3.Түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлөхөөр тохиролцсон тул 27,163,107 төгрөгийн алданги төлөхөөр байна.

1.4.Барло ворлд монголиа ХХК нь түрээслэгчийн улирлын чанартай ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түрээсийн хугацааг сунган, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгосон боловч түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Ай Ди Си реэл стэйт ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 54,326,214 төгрөг, алданги 27,163,107 төгрөг, нийт 81,489,322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай компани Барло ворлд монголиа ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан С3406 маркийн цахилгаан үүсгүүр түрээслэн авсан. Түрээслүүлэгч нь цахилгаан үүсгүүрийг хугацаандаа нийлүүлээгүй. Мөн гэмтэлтэй цахилгаан үүсгүүр хүлээлгэн өгсөн, засварлах хугацаанд гэрээний хугацаа тоолохгүй, зогсоож байсан тухай мэдэгдэж байсан. Цахилгаан үүсгүүр хэрэглэх явцад гэмтэл байнга гарч бүрэн ашиглагдаагүйн улмаас манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. Тухайн үед ажиллаж байсан захирал, менежерүүд мэдэж байсан, санхүүгийн бүртгэл тайлан дахь илүү бүртгэлийг залруулсан гэсэн мэдээлэл өгсөн. Барло ворлд монголиа ХХК-ийн менежер, удирдах албан тушаалтантай уулзаж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Ямар нэг төлбөрийн үлдэгдэл байхгүй.

2.2.Барло ворлд монголиа ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09273 дугаар захирамжаар буцаасан, гомдол 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш Барло ворлд монголиа ХХК нь манай компанитай ямар нэг байдлаар төлбөрийн талаар ярилцаагүй, өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ай Ди Си реэл стэйт ХХК-аас 81,489,332.20 төгрөг гаргуулах тухай Барло ворлд монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмж түрээсэлсэн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдэгт шүүхэд маргаагүй.

4.2.Хариуцагч нь 2018 оноос хойш үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсээр ирсэн. Энэ нь нэхэмжлэгч 2018 онд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандахад "хариуцагч компанийн захирлын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр бууруулж, хугацаа авч төлөх боломжийн талаар нэхэмжлэгчтэй харилцан ярилцах хүсэлтэй байгаа тул талуудад эвлэрэх боломж олгож шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргаж, эвлэрэн хэлэлцэхээ илэрхийлж байсан нь хэрэгт хавсрагдсан шүүгчийн захирамжид дурдагдсан. Энэ үед хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.Баярхүү нь удаа дараа уулзаж эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй байгаагаа хэлж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Нэхэмжлэгч талаас саналыг хүлээн авч хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл дэлхийн нийтийн хэмжээнд ковид-19 цар тахлаас үүдэн гамшгийн нөхцөл байдал үүсэж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 2020, 2021 онуудад хатуу хөл хорио үргэлжилсэн ба аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдаж эдийн засгийн хямралд орсон. Барло волд монголиа ХХК нь цар тахлын нөхцөл байдлын үед энэ хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж уян хатан хандаж төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч байсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг хойшлуулсан байсан. Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байтал шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Барло ворлд монголиа ХХК нь хариуцагч Ай Ди Си реэл стэйт ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 54,326,214.80 төгрөг, алданги 27,163,107.40 төгрөг, нийт 81,489,322.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, мөн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

3.Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч Барло ворлд монголиа ХХК нь СЗ406 маркийн С4G07855 серийн дугаартай цахилгаан үүсгүүрийг дөрвөн долоо хоногийн хугацаагаар түрээслэгчид түрээслүүлэх, түрээслэгч Ай Ди Си реэл стэйт ХХК нь түрээс 17,157,800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний Төлбөрийн нөхцөл хэсэгт түрээсийн төлбөрийг нэхэмжлэх гарснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор барагдуулах, төлбөр төлөх хугацаа нь хуанлийн 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй түрээсийн төлбөр дээр хоногийн 0.5 хувийн алданги нэмж тооцохоор тохиролцжээ. (хэргийн 9-11 дэх тал)

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр, түүнчлэн алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн талаар зөв дүгнэжээ.

 

4.Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч түрээсийн зүйлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ашигласан, нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн болон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу нийт 34,315,600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн алдангид 17,157,800 төгрөг төлөх үүрэгтэйг зөв тогтоосон байна. Энэ талаар зохигчид гомдол гаргаагүй. 

 

5.Хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж татгалзсаныг үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Тодруулбал, нэхэмжлэгчээс өмнө нь хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 77,713,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/09273 дугаар захирамжаар буцаасан ба уг захирамжийг мөн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШТ2018/00323 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. (хэргийн 81-82, 85-86 дахь тал)

Дээрх хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийг тооцоход 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Хэргийн баримтаар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх Ковид-19 цар тахалтай холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэргийн нөхцөл байдалд хамааруулж зөв дүгнэсэн, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

6.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул түрээслэгч болох хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

7.Анхан шатны шүүх хариуцагчаас 81,489,322.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Барло ворлд монголиа ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,397 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА