Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 20

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1824000290027 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *оны *дугаар сарын *ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э Б /регистрийн дугаар: */.  

Шүүгдэгч Э.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн н.В байшинд Г.Ш маргалдаж улмаар хамран тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Яллах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:  

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182040 дугаартай: “Г.Ш биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 3-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамрын таславчийн муруйлт, зүүн сарвууны ар хэсэг, хамрын нуруу, духны зүүн дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ш биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 4 дүгээр хуудас/,

-Их эмч Б.Б гаргасан “Ш, 23 настай, эрэгтэй. Хамрын нуруу хэсгийн зүүн хэсэгт сорвитсон шархтай 1,5 см, хөмсөгний дээд хэсэг /зүүн/ 1,2см х 0,2см, 0,5см х 0,2см сорвитой, зүүн гарын ар хэсэгт 1,5см х 0,2см орчим сорвижиж байгаа шархтай, 0,2см х 0,3см,0,8см х 0,2 см орчим сорвижиж байгаа шархтай, бусдаар ил үзэгдэх шархгүй” гэсэн тодорхойлолт /ХХ-ийн 5 дугаар хуудас/,

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /ХХ-ийн 9-23 дугаар хуудас/,

- Г.Ш биед тархины цахилгаан бичлэг хийсэн талаар баримт/ХХ-ийн 24-26 дугаар хуудас/,

-Шинжээч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хохирогч Г.Ш биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Хохирогч Г.Ш биед үүссэн гэмтлүүдийн хамрын таславчийн муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй. Эмнэлгийн бичиг баримтад 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үзүүлсэн байсан. Тухайн гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан. Яг хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй. Хохирогчийн үгээр тухайн үед авсан гэмтэл гэж байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

-Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Н, Д, Б нарын хамт сумын төвөөр Н алдсан морийг хайж яваад олоогүй Н аав В байшинд ирсэн. Тэнд ирээд Н морийг олоогүйн улмаас Н бид хоёр муудалцаад барилцаад автал Б бид хоёрыг та хоёр боль гээд салгасан. Би Б дэмий юмнаас болж асуудалд холбогдоно шүү та нар явцгаа би Н үлдье гэсэн. Тэгтэл Б чи асуудалд холбогдоод юм үзчихсэн пизда вэ гээд бариад авахаар нь би урдаас нь барилцаад авсан. Гэтэл гаднаас Н ах, П буюу П эгч нар ороод ирсэн. Тэгээд П эгч намайг хойш нь түлхээд Н ах Б хойш нь түлхээд байж байтал Б миний хамран тус газар гараараа цохичихсон. Тэгэхээр нь би Б уруул нь тус газарт өшиглөсөн. Тэгээд Б гараад явсан. Миний хамраас цус гараад байсан. Б, Д, Н, Э, М гэдэг залуугийн хамт 75 граммтай “Ерөөл” нэртэй архи хувааж уусан байсан. Миний хамар, хөмсөг халцарч гэмтсэн байсан. Мөн зүүн гарын алганы ар хэсэгт халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/

-Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Тэр байшинд Б, Ш, Д буюу Д, Н, нар байсан. Тэгтэл тэр байшинд Б, Ш хоёр барилцаад авсан байдалтай байсан. Тэгэхээр нь П бид хоёр Б, Ш нарыг салгасан. Би Бг хойш нь түлхээд П Ш хойш нь түлхээд байж байтал Б Шийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/

-Гэрч  Я.П  мөрдөн  шалгах  ажиллагааны  явцад  өгсөн:  “2018

оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим манай нөхөр В манай хүүхэд Н хүмүүсийн хамт байшинд байна гэсэн. Тэгэхээр нь ...байшиндаа яваад ортол Н, Ш танихгүй залуугийн хамт  байсан. Тэр хоёр танихгүй залуу нэг нь өндөр нэг нь намхан ороход Г.Ш танихгүй өндөр залуутай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би боль гээд танихгүй өндөр залуугаас зуурсан Н ах Шоос барьж аваад салгасан. Тэгтэл миний барьж байсан танихгүй өндөр залуу Г.Ш нүүрэн ус газарт нэг удаа цохиод авсан. Гэтэл Г.Ш хөлөөрөө танихгүй залуугийн нүүрэн тус газар нь өшиглөсөн. ...Ш хамар халцарсан цус гарч байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/

-Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 16-нд Н, Ш, Б нарын хамт сумын төвөөр Н алдсан морийг хайж яваад олоогүй юм. Тэгээд Н аав В байшинд ирсэн. Тэгээд би бие засчхаад ороод иртэл Б, Ш нар барилцаад авсан байдалтай байсан. Тэгтэл гаднаас Н ах, П эгч нар ороод ирсэн. Би П эгчийн хамт Ш Б салгаж түлхсэн. Гэтэл Б Ш хамар нь тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан... ...Ш хамар нь халцарч цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/

-Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагийн орчим Э.Б, Г.Ш, Д нарын хамт Түдэвтэй сумын төвөөр явж байгаад унаж явсан морио алдчихаад худалдаж авсан байшиндаа ирсэн. ...Г.Ш та нар иймэрхүү юмнаас болж гай болдог шүү гээд загнаад эхэлтэл Э.Б чи ямар их зовлон үзсэн пизда вэ гээд Г.Ш муудалцаж эхэлсэн... Г.Ш хамар хэсэгт нь халцарчихсан. Цасаар тэр шархаа дараад байгаа харагдсан. Өөр ямар гэмтэл учирсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/

-Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 16-нд Н, Д, Ш нарын хамт сумын төвөөр Н алдсан морийг хайж яваад олоогүй Н аав В байшинд ирсэн. Тэнд ирээд Н морийг олоогүйн улмаас Н Ш хоёр муудалцаад барилцаад авахаар нь би дундуур нь боль гээд салгасан. Тэгтэл Ш би та нарыг бодвол зовлонгийн зах зухаас нь үзээд ирсэн. Ийм юмнаас болж гай болдог шүү дээ гээд байхаар нь миний уур хүрээд чи асуудалд холбогдоо юм үзчихсэн пизда вэ гээд Ш бариад авсан байдалтай байсан чинь гаднаас Нах дараа нь нэрийг нь сонсоход П буюу П нар ороод ирсэн. Тэгээд П Ш хойш нь түлхээд Н ах намайг хойш нь түлхээд Ш би хэрэлдэж байгаад хамран тус газарт нь гараараа цохичихсон. Тэгтэл Ш миний уруул нь тус газар өшиглөсөн. Тэгэхээр нь би гараад явсан. Миний дээд уруул сэтэрч дээд үүдэн 1 шүд хугарсан байсан. Ш хамар хэсэгт нь халцарсан байсан. Өөр нүдэнд ил харагдах шарх сорви  харагдаагүй...” гэсэн  мэдүүлэг  /ХХ-ийн 45-46  дугаар  хуудас/  зэрэг  нотлох

баримтуудыг,

 

Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:

-Гэрч М.Б, З.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Э.Б Нөмрөг сумын дунд сургуулийн бага ангийн сурагч байх үеэс нь сайн танина. Б аав, ээжтэй нь нэг нутаг ус, нэг багт олон жил айл саахалт амьдарсан болохоор тэднийхнийг сайн танина. Аав Ц.Э, ээж Л.М нар нь Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт хөдөө мал маллан амьдардаг. Э.Б нь айлын ганц хүүхэд байгаа юм. Аав, ээж нарынхаа хамт хөдөө мал маллан амьдардаг. Ар гэрийн ахуй амьдрал нь гайгүй боломжийн бог, бод нийлсэн 700 гаруй малтай. Аав Ц.Э нь хувьдаа жижиг оврын ачааны машинтай, мотоциклтой, адуу мал сайтай, өвөлжөөний газар,  хашаа хороотой, ер нь ахуй амьдрал нь гайгүй боломжийн сайн айл байдаг юм. Э.Б нь эхнэр хүүхэд байхгүй, тусдаа өрх толгойлж гараагүй. Үерхдэг найз охинтой. Э.Б өмнө нь янз бүрийн хэрэг төвөгт холбогдон шалгагдаж байгаагүй. Зан ааш сайтай, даруухан, дуугай томоотой, төлөвшил хүмүүжил сайтай залуу байгаа юм. Найз нөхөд олонтой, найз нөхдийн дунд нэр хүндтэй сайтай янз бүрийн элдэв зан ааш маяг байхгүй, тэмцээн уралдаанд байнга оролцдог, архи дарс ууж хэрэглээд байдаггүй залуу байгаа юм. Ер нь хүн хартай муудалцаж зодоо цохион хийгээд байдаггүй зан ааш харьцаа их сайтай хүн шүү дээ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Г.Ш бид 2 ойрын төрөл садангийн хүмүүс. Хэрэг болдог өдөр би түүний хамар хэсэгт цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Ш уучлалт гуйгаад бид эвлэрсэн. Тэрээр надад гомдол саналгүй гэсэн. Би түүний биед гэмтэл учруулсан хохирооо сайн дураараа төлөөд барагдуулчихсан...” гэсэн мэдүүлэг, 

“Э.Б нь урьд өмнө ял шийтгүүлж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/ болон Э.Б хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/, хохирогч Г.Ш шүүхэд гаргасан: “...Э.Б ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн бичвэр /ХХ-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн н.В байшинд Г.Ш маргалдаж улмаар түүний хамран тус газарт нь 1 удаа  гараараа цохисон үйл баримт нь:

- Хохирогч Г.Ш, гэрч Л.Н, гэрч Я.П, гэрч Б.Д, гэрч В.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн мэдүүлэг, Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Э.Б хамран тус газартаа цохиулсны улмаас хохирогч Г.Ш биед хөнгөн хохирол учирсан болох нь:

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182040 дугаартай шинжээчийн дүгнэлт, их эмч Б.Б гаргасан тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

Иймд Э.Б дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

 

Шүүгдэгч Э.Б ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5/19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Э Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5/19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН